Зуун мод хотын ард дахь даваан дээр гарч ирэхийн үест нэгэн бяцхан бор халзан туулай баруунаас зүүн тийш зам огтолж, өвөр рүү шургах нь бэлгэшээлтэй бөгөөд энэ өдрийн аялалын луужинч мэт Манзуширын чигтээ бөмбөлзөн одох ажгуу.
Наян жилийн өмнөх энэ өглөө дорнын их найрагч Явуухулангийн орчлонд дуугаа гийгүүлэн мэндэлсэн цаг тоо байсан ажаам. Тэрбээр талын цэнхэрхэн аниргүйд цагаан зээрийн сүрэг толгод өвөрлөхийн уясууд хөх тэнгэрийн орноо ийнхүү эзэгнэнхэн төржээ. Монгол яруу найргийн үлэмжийн яруу утга чанар, хүмүүний сэтгэлийг илбэдэн гэрэлтүүлэх шидэт тарнийн агуу их урлалч төрүүлсэн аргын тооллын хорин есөн оны хаврын тэргүүн сарын шинэдэд юутай баярлалтай.
Хавар орчлон шинэдэхийн улирал. Сэтгэл оюун хийгээд ахуй амьдралын аяс түрлэг аяндаа ерийн бишээр аажим аажмаар сэргэвч, ирэх цагийн сайхныг хүлээхэд хоног өдрүүдийн урт мянганыг хүлээсэн мэт санагдаж, мөнхүү хүлээх нь улам улам амттай байгаад, жалга судгийн хээлээр нялх ногоо сая өндийн туяархад мөнхийн жаргал ирсэн мэт хүн мал тэнхлүүлэнтэх нь дорнын сайхан орны минь хайр бэлэг юм аа.
Бид уламжлал ёсоороо Богд Дүнжингаравын өмнө бэл Манзуширт дөрөө мулталлаа. Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Гомбожавын Мэнд-ооёо, Жамсрангийн Гэндэндарам, Готовын Аким, Бизъяагийн Дашзэвэг нараар ахлуулсан гучаад хүн. Жил бүрийн энэ өдрүүдэд утга соёлын салбарын эдгээр тулхтай төлөөлөгчдийн хийгээд ер оюунлаг сэтгэлт хүмүүсийн хувьд чухал ач холбогдолтой цаг тоо үргэлжилдэг. Их Явуугийн төрсөн өдрөөс хэдхэн хоногийн дараа Дэлхийн яруу найргийн өдөр тохиодог. Иймээс үргэлжлэн буй өдрүүд бол оюун санааны тэргүүн дээд урлаг яруу найргийг хүндэтгэх цаг мөчүүд юм.
Яруу найргийн үлэмжийн тунгалаг гэрэл гэгээгээр орчлон хорвоо, ертөнцийн хүмүүсийг ариусгая. Ийм агуулгаар дэлхийн найрагчид үйл хөдөлмөрөө зорилгожуулдаг. Ариусан яруусахаас өөр илүү сайхныг орчлонгоос эрээд үнэндээ яана. Тэгвэл энэхүү яруу хүндлэлт үйл хэргийг бүтээгчдэд хүн төрөлхтөн мөнхөд хүндлэлтэй хандаж ирсний залгамж үйл Дүнжингаравынхаа тэргүүнд гарч, ертөнцийн нар салхиар дамжуулан дөрвөн зүг, найман зовхис бүхий л хязгаарт Явуугийн энэрэнгүй дууллыг түгээхээр үргэлжилж байгааг тодотгон хэлэлтэй.
Ийм сэтгэлийг чинадлан уулынхаа оргил тийш мацацгаалаа. Ойн өглөөний агаар онцгой анхилуун. Их хотын утаа униар, хэр тортог бидний ариусахуйн зам чөлөөг үргэлж дандаа бөглөж байгааг үл анзааран аж төрнө. Гагцхүү энэ мэт хээр хөдөө, аглаг буйдад ирэхдээ агаарын анхилуун тунгалагийг дахин гүнзгий мэдэрч, самсаагаа бүрээ болтол залгилан татмаар шунана.
Амьдралын амралтаар хүн
Хорвоод ирдэг болохоор
Аж төрөх хугацаа дуусаад
Буцаад явдаг болохоор хэмээн Б.Явуухулан бичжээ. Энэ мөрүүд бол их дэлхий, агаар ус бидэнд ямархан үнэтэйг сануулсанаас гарцаагүй. Ерөөс яруу найргийн үнэ их. Их үнэтэйг бүтээгч их үнэтэй байхаас аргагүй. Б.Явуухулан бол бидний машид их үнэ, үнэн юм.
Цасны үнэрт согтож, цаа буга унасан мэт явтал үүр цайлаа. Ембүү цагаан Дүнжингаравын есүй мөнгөн оргилыг анхны цацраг үнсэх үест аяны бидэн түр буудаллаж, цай чанаж уулаа. Цайны дээжээ өргөлөө. Монголын сайхан яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэнгийн нэгэнтээ “Гал дээр хийсэн цай хоолны сайхныг яана” гэж хэлсэн нь үе үе санаанд ордог. Үнэхээр ч бид гал дээрээ цайгаа чанаж, хоолоо болгохоо болиод уджээ. Гурван чулуу тулж, хар модны хуурай гишүү дүрэлзүүлж, цасны усаар хээрийн цай нар салхиар амтлан чанаж уухад Б.Лхагвасүрэн авгайн энэ үг бүр ч тод бодогдох аж.
Уулын бэлээд дээшлэн гарч ирэхэд, Явуу найрагчийн бичсэнчлэн орог саарал зэрэглээ хавар сүүмэлзэх хөндий тал бүрт уужимшин цэлийж, огторгуйн цагаан үүлс оройгоор нэг нөмрөн байлаа. Эргэн тойронд чимээ анир ер үгүй агаад ар араасаа мөрчлөн дагах аялалын багийнхны цас чихруулах чимээ, инээд наргиа хөгжимлөгхөн сонсогдоно. Чимээгүйг сонсохуйн сайхан, аниргүйг анирдахуйн гоёхонд явна. Найрагч Долгорын Нямаа “Нам гүм байна гэдэг бас л нэг хөгжим шүү дээ” гэсэн бол дууны шүлгийн тодорхой төлөөлөгч Загдын Түмэнжаргал “Аниргүйн дундах хөгжмийг хэн сонсоно” хэмээн цэцэлсэн нь бий. Аниргүйн, нам гүмийн хөгжим бол энэ эрин үеийн хамгийн гайхамшигт хөгжим болохын тухайд үл эргэлзэнэ. Энэ гайхамшигт хөгжим болбоос зөвхөн байгалийн зэмсэгт л оршин байдаг буюу. Иргэншихийн их нүүдэл, цогцлол дунд бид амьдарч явна. Үүнийгээ төгс сайхны оргил мэт сэтгэн амьдарч байна. Гэвч ертөнц энэхүү төмөрлөг, хүйтэн амьсгалаасаа хэдийнэ дайжиж эхэлсэн нь Монголын аглаг тийш тэмцэн ирэх жуулчдын зам балрахгүйгээр үл барам тодшин өргөжиж байгаагаас харагдана. Тийм ч учраас мөнөөх З.Түмэнжаргал найрагч “Амттаны доторхи гашуунд хэн ярвайна” хэмээн тохуутай шүлэглэсэн буй за. Бид бол тунгалаг гэгээн агаарт хязгааргүй энхэр ариун тал нутгийнхаа өчүүхэн зайд утаа униар, шунал тачаал дундаа үл ярвайн амьдарч байгаа нь нууцгүй.
Гацуурын тасарч унасан мөчир цав цагаан цасны дэвсгэр дээр тов тодхоноор ногоорон харагдах нь яг л нэг тийм сонихон жаран хөлт мэт ээ. Бас цасан цэнхэр тэнгисийн нууцлаг сонихон яралж адил. Байгалийн гоо сайхан, үзэгдэл юмс өөрийн яруу сайхнаа үргэлж хүмүүст нээх ч гагцхүү бидний оюун сэрэхүйн дохиолол сэрэмжийн дэгээнд эс торон, тэрхүү гоо сайхан дахин буй байгаагаараа үзэгдэхгүйгээр алга болдог ч байж мэдэх.
Сэтгэлд энэ мэтийг сэхээрэн эргэцүүлж явтал хэдийнэ Цэцээ гүн оргил дээр гарч иржээ. Дөнгөж оргил дээр гарч ирүүт мөнгөн ширхэгт цасан хаяалж эхэллээ. Мөв мөнгөн ширхэгээр шүү. Баруун Алтайн гоо билэгт найрагч Хөөдөөгийн Эрдэнэбаатарын,
Орчлонгийн салхин оройг нь илбэж зүүрмэгт дарагдах цагаар
Орой үдэшгүй мөнгөн боронгоор цайвар аялгуу цуурдана гэсэн нэгэн гоё мөр “Урианхайн хөх уулс” шүлэгт нь байдаг. Яг л тийм мөнгөн боронгоор яруу найргийн аялгуу цуурдаж байна уу даа гэлтэй мөнгөн болор илтэсүүд оргилоор нэг зулран туйлж байлаа.
Оргилын хөх овоонд идээ будаа өргөж, арц хүжийг анхилуулан хүндэтгэх цаг дор бидний багийнхан дээр хэсэг уулчид ирсэн нь Тэргүүн Шадар сайд Н.Алтанхуяг, Сангийн сайд С.Баярцогт, Герман Улсын Элчин сайд ноён Фишер нар байлаа. Ерөөл билэг гэгч энэ ажээ. Дорнын их найрагч Бэгзийн Явуухулан, Цэвэгмидийн Гайтав, алдарт зохиолч Сэнгийн Эрдэнэ нарын наян насны сүүдэр тохиосны хүндэтгэлт энэ үйл явдалд төрийн сайдууд ийнхүү санамсаргүй мэт таарч оролцсон нь эртний их ерөөл зохионгуй бүрдсэний учир биз ээ. Тэнд Шадар сайдаараа тэргүүлүүлэн их Явуугийн “Би хаана төрөө вэ” шүлгийг бүгдээр уншилдан,дууладан хөхин баясав. Цэцээ гүн, Отгонтэнгэр, Урианхайн хөх уулс, Арц Богд, Галтын сүншигт уулсуудыгаа хөвгүүдтэй нь хөхиүлэн баясуулав аа. Тийнхүү даяараар нэг уншигчдын тэргүүнүүдийн дээр “Хүлэг минь шүлэг минь чи бид хоёрт дэлхийн дэвжээ хэрэгтэй”, “Явж өнгөрсөн мөр бүхнээс минь гэрэл цацарч…”, “Миний эх орон-Миний тоонот” гэсэн уран бичлэг бүхий туг дэрвэн мандаж байв. Ерөөл учралд баяссан Г.Мэнд-Ооёо найрагч Явуугийн англи хэл дээр гаргасан номын хамгийн анхныхыг Н.Алтанхуяг сайдад өргөн барив. Монголын соёл, яруу найргийн академи Б.Явуухулангийн нэрэмжит гэгээн сүмийг барихаар цогцлоон төлөвлөсөнийг хэрэгжин биелүүлэх магадтай үгийг энд Сангийн сайдаас сонслоо. Монгол төрийн залуухан тулхтай сайд С.Баярцогт энд ийнхүү зохиолчидтой уулзсандаа бэлгэшээж буйгаа чин сэтгэлээсээ илэрхийлээд Явуугийн цэцэрлэгт хүрээлэнг төвхнүүлэх үйлсэд хувиасаа болон төрөөс хамаарах бүхэнд эрмэлзэн оролцохоо амласан нь баярлам явдал болов. Мөн тэрбээр Цэцээ гүний оргилд Цогдоржийн Бавуудоржийн зарласан дуудлага худалдаанаас Явуугийн гэргий, хүүгийн нь гарын үсэг бүхий “Мөнгөн хазаарын чимээ” шүлгийн түүврийг найман зуун ногооноор худалдан авсан нь сайхан санагдав. Залуу сайдын энэ үйлдэл нь Монголын соёл, яруу найргийг өндрөөр үнэлэх, улмаар байх ёстой үнэлгээний хэм хэмжээг илтгэсэн жишиг үйл явдал болов хэмээн ойлгогдов. Түүнд утга зохиол,соёлыг эрхэмлэгч хэн бүхний өмнөөс талархалтай.
Тэнд сайд нартай хамт аялаж ирсэн Элчин сайд Фишертэй эрхэм Дарь.Сүхбаатар нэн шадарлан ярилцах аж. Тэрээр герман хэлээр тун сайн ярих агаад бүр “Энх тайван” нэрт шүлгээ өндөр дуугаар уншин сонордуулахуйд тэнд байсан герман нөхөд онц сайшаан талархаж байлаа. Тун саяхан хэвлүүлсэн “Тэнгэр язгуур” номдоо өөрийн нь ёсорхон хэлдгээр Ёоханн Вольфганг Фон Гьётегийн “Нугын сарнайхан” шүлгийг орчуулсан тэргүүтнийг нь уншаад ихэд сэтгэл хөдөлсөн билээ. Хүрэн дээлт хэмээн алдаршсан энэ эрхэм Цэцээ гүнд ногоон үйтэн хуараар гоёод ирсэн нь энд тэндгүй лүглийх ихэмсэг гацуураас үл дутам өндөр сүрлэг. Түүний утга зохиол, соёл урлагыг хүндэтгэн хайрлах үзэл санаа ямагт таатай сэтгэл төрүүлдэг. Хүндлэл хүлээдэг.
Ийнхүү бид их Явуугийнхаа төрсөн өдрийг утга төгөлдрөөр уулын сайхан Цэцээ гүн оргилд тэмдэглээд буухуйд,
Цэнхэр тэнгэрийн хаяа
Яг доошоо суугаад
Цэлэлзэх тэнгисийн мандалтай
Ягаарсхийгээд нийлжээ гэсэн шүлгийн нь мөр санаанд орж, тэртээд харагдах тэнгэрийн цэнхэр хаяа яг доошоо суугаад, цэгээнтэн үелзэх цасан мандалт уулсын хяртай ягаарсхийгээд нийлсэн байв аа.
Явуу бас,
Салхи ч үгүй нам гүт байтал
Шарласан навчис хийсч байлаа
Санаанд ч үгүй аж төрж явтал
Санчигны минь үс цайж байлаа гэж бичсэн билээ. Санаанд ч үгүй аж төрж, санчигны минь үс цайтал амьдрах эх орон минь. Ингэж хайрлан сүншиглэх их өвийг, эх орныг, яруу найргийг өвөг дээдэс минь үлдээжээ. Бид азтай, хувьтай хүмүүс ээ. Мөнөөх мөнгөн боронго хаялсаар л байлаа. Мөнхийн залуу нас, гоо сайхан, яруу найргийн тарни ширхэг бүрт нь шингэсэн буй заа. Мөнгөн сүм бүтээх болтугай, бидэн. Хөх яргуй хөндий нугаар дүүрэн ургаж, хөөрхөн охид хөх даашинзаар гоёод, хөөрүү уяхан сэтгэл сэм сэм дэврээд, хөдөө талын зэрэглээ илбэ шидээрээ тоглон, хөхөмдөг алсын уулс аав шиг минь харагдах хөх тэнгэрийн орны минь хаврын урин айсуй. Голын мөс захаасаа хөлрөн лавссаар харзаа нээх нь гоёхон нэг дурсамжийг эргэн санагалзах сэтгэлийг төрүүлдэг. Цөн түрээд мөрөн гол урсахад цөмөөр тэнд цуглаж шүлэг сонсъюу.
Б.ЗОЛБАЯР