Saturday, November 1, 2008

ДАВАЛГАА БОЛОРШИХ ДАЙД













Цас өдлөхүйн үест
Бороо намихуйн хязгаарт
Цааш, Мексикт одов


Наритагийн онгоцны буу­далд бяцхан үдлээд, дараа­гийн нислэгийн бүхээгт орсон бидний нөхөд ийнхүү хайку зохиож эхлэв. Монголд хэ­дийнэ цас ороод эхэлчихсэн, харин Токиод бороо намирч угтсан юм. Мексикт бол ха­луун л байгаа тухай мэдээ­лэлтэй.
Онгоцоор удаан хуга­цаанд зорчиход цаг өнгө­рөхгүйн нэгэн төвөг бий. Яг тэрхүү нисэн үргэлжилж буй ца­гуу­дад нажидтай, алжаал­тай нь яриангүй. Гэвч үл давтагдах цаг хугацааны мөч­­лөг бүр бидэнд үнэтэй, эргэж олд­доггүй. Тиймээс зуур хором бүрт санаа сэт­гэлдээ үлдэ­хүйц гэгээн эрэл, мөрөөдөл итгэлийн харгуй мөшгөж ява­хуй юуны буруу­тай. Ер нь ч тэгэх ёстой. Энэ хорвоо өөрөө танин мэдэх эрлийн хорвоо. Бид ч бас тийм л эрлийн замаар Америкийн өмнөд эргийг чиглэн нисч яваа нь энэ. Ц.Бавуудорж найрагч тэрүүхэн зэргэлдээ суудлаас,
Токиогийн хүүхнүүдээс
Торгон бэлхүүс харсангүй
Башё чи юу хийсэн юм бэ
гээд инээж байна. Токиод тэрүүхэн зуурт саатахдаа бид эндхийн хүүхнүүдийн шилбэ болоод бэлхүүс, ер бүхий гоо сайхны нь тухайд жаахан "шүүмжлэлтэй" ханд­саныг ийнхүү илэрхийлж бай­гаа хэрэг. Эр хүний нүд, тэр тусмаа уран бүтээлч хүний мэлмий ертөнцийн бүс­гүй­чүүдийг харахаас хором ч ангид байж чаддаггүй нь үнэн. Ямар­таа л З.Түмэнжаргал авгай "Нүдээрээ л уруул дээр чинь үнсье" хэмээх вэ дээ. Бавуугийн саяын энэхүү хай­куг ингэж тайлж болмоор. Ертөнцийн хайкучийн хүн­дэтгэлтэйд юу хэлэх билээ. Гагцхүү та хайкуд л бүхнийг зориулахдаа хүүх­нүүдийнхээ гоо сайханг март­жээ гэсэн егөө агуулагдаад байгаа юм. Зүй нь бол шүлгээ бичээд, бас зүс үзэсгэлэнт япон охидын хожмын гоо сайханд "бэхээ" найрсуу­лахаа яахин умартаж болно гэсэн шиг ёгтлол шингээсэн шиг санагдана. Мөн бүүр өөр нэг сэдэл бас байна. Тэр бол Энэтхэгээ санагалзсан яв­дал. Мадраст өмнөхөн жил явж ирээд тэрбээр,

Алив Энэтхэг минь,
хонгор минь
Алтан саарыгаа тайл
Нүцгэнээр чинь чамайг
тэвэрмээр байна
Нүүрэндээ энгэрийг чинь наамаар байна
гэж бичсэн юм. Дорнын охидоо бодож, харьцуулж яваа нь энэ. Бавуу найрагч энэ удаа "Дорно зүгт өвс болно" номоо англи хэл дээр хэвлүүлээд авч яваа. Үүнийг номын багш Г.Мэнд-Ооёо нь,
Бавуугийн номыг
Баруунд хүргэхээр
Дорнод одов
хэмээн шүлэг­лэж байна. Нээрээ, баруун зүгт баймаар хараг­даад бай­гаа Мексик рүү дорно тийш чинадлан одох юм. "Аэро Мехико"-гийн аварга том хөл­гийн чанх голд зэрэг­цэн суу­сан таван монгол нэг иймэр­хүү донж маягтай нисч явлаа. Бизъяагийн Дашзэвэг гуай маань тун саяхан өөрийн бие даасан уран бүтээлийн тог­лолтоо хийсэн. Ийш зор­чихын өмнөх хэд хоногт мө­нөөх баахан ажилтай байсны тул эдүгээ бүгдийг умартан цэн­гэсүгэй гэсэн шиг бай­далтай харагдана. Хэзээний цэмцгэр, мөн тэгээд найрсаг дот­но хандлагыг үргэлж үзүүлж сууна. Цагаан зан­гиатай, цагаан гуталтай. Ца­гаан гут­лаа тайлж цав цагаан оймс­той хөлөө гаргаад суу­чихсан, ганган эр шүү.
Данзангийн Нямаа най­рагч зэгсэн баяр баясга­лан­тай явна. Түүнд гуниг угаас үл зохих агаад инээд хөөр, дуу шуутайхан л байвал Ня­маа Нямаагаараа байгаа нь тэр. Ийнхүү цог золбоолог яваадаа баахан сэтгэл хан­галуун. Үе үехэн "Үгүй ээ, нээрээ...," хэмээн шогширч догдолсон өнгөөр хэлж, таа­тай малилзмой.
Тэгснээ,
Номхон далай дээгүүр
Виски шимж явахад
Ногтруун дуут хээр тал
Бага нас минь бодог­дов
хэмээн шүлэглэж байна. Алс замд, сэтгэл нийлж, дө­рөө харшиж энэ мэт явах сай­хаан. Бид яваад л байлаа, яваад л байлаа. Үүрэглэж, унтаж, босч, сууж, бас цаасан хундагатайг тулгаж явав. Даруй арван нэгэн цаг нисчээ. Японд нисэн очсон, тэндээс үргэлжлэн зорчсон цагаа тооцвол хэдийнэ шөнө болох. Гэвч Америкийн баруун өм­нөд эргийг уруудан ийнхүү явахад гэрэлт өдрөөрөө. Лос-Анжелес, Сиэтл, Сан Диего хотуудын саравч өндөрлөгийг имжин ниссээр нэгэн том хотын дээгүүр байшин шүр­гэх шахуу доошлон төд удал­гүй онгоц маань буугаатахав шүү. Бидэнтэй зэргэлдээ сууж ирсэн Дуси гэсэн шиг билээ дээ, охиноос "Мехико мөн үү" гэтэл баяртай нь аргагүй толгой дохиж байна. Өөрөө ч Мехикод очно гэж ойлгуулсан юм. Бид эрт ир­сэндээ, "Өглөө зургаад гар­сан улс, өдрийнхөө 14 цагт Мехикод, үгүй нээрээ," гэлцэн олзуурхацгаагаад буулаа даа. Хил гаалиар ч нэвтэрлээ. Ачаагаа авъя гэлцтэл биш болоод явчихлаа. "Мехико биш ээ, энэ бол Тихюуна" гэж байна. Хөөр хөгжөөн болсоор буцан онгоцондоо суулаа. Тихюуна бол хил гаалиар нэвтрүүлдэг нэгдсэн боомт хот бололтой юм. "Бор бааз­дуухан, энэ чинь харин, ма­найхантай их төстэй юм уу даа" гэлцэцгээснийг яана. Улаанбаатарт буух юм бодож явтал Увст буулгачихбал нэг иймэрхүү санагдана даа гэж ярьсаар хөгжсөөр, нэг мэдэ­хэд Мехикод газардлаа. Дөр­вөн цаг нисчээ. Мексикт бай­гаа хоёр монгол маань тосоод зогсч байна. Зуу гаруй сая хүнтэй энэ том орны нийс­лэлийн онгоцны буудал дээр тэнд амьдарч байгаа бүх монгол­чууд маань угтав. Үүнээс сайхан зүйл гэж юу байх билээ. Баасан­хүү­гийн Инжбадар хэмээх сайхан залуу байна. Шаламгай хур­дан, гялалзсан овсгоотой байрын эр. Дэлхийн яруу найрагчдын их хурал Ака­пулко хотод болох учиртай. Шууд тийш нисье гэвэл ца­гийн дараа онгоц ниснэ. Үнэ нь таван хүний таван зуу гаруй доллар болно гээд хэлж байна. Манайхан янз нь Ме­хикодоо хоноё гэсэн байртай байцгаана. Хурлын нээлт нөгөөдөр, тэгээд одоо нэгэнт үдэш орой болчихсон, бас замын алжаал багагүйн шалт­гаанууд биднийг Мехико хо­тод хоноход санал нэгдүүл­лээ. Шөнийн Мехико тод гой­дын гэрэл гялбаа үгүй. Гу­дамжаар алхаж хөлхөх хү­мүүс олонгүй. Уг нь бас ч тийм орой болоогүй байна санж. Үдшийн хорин нэгэн цагийн л орчим. Манай Инжээ мэдээлэл тавьж байна. Мехи­ко дэлхийн хамгийн олон хүнтэй хотуудын нэг. Хорин зургаан сая. Монголын хүн амаас хорь дахин илүү. Мех­сикт гэмт хэрэг их. Дээрэм тонуул, хүчин, хөнөөл. Гэмт хэргийн илрүүлэлт гурван хувь. Шинэ Ерөнхийлөгчтэй болоод удаагүй байгаа. Тэр гэмт хэрэгтэй маш сайн тэм­цэж байгаа. Илрүүлэлт 0,3 хувь өссөн. Ард түмэн машид ам сайтай байгаа. Мексик­чүүд Америкт цагаачлахыг эрмэлздэг. Америкт гаргадаг сүлжээ хүртэл бий. Арван мянган доллар төлөх хэрэгтэй гэсэн. Эхлээд таван мянгаа, үлдсэнийг нь Америкт байх гэр оромжид нь хүргээд ав­даг. Мехикогийн хүүхнүүд банзал өмсдөггүй. Эрсдэлтэй. Өмд нь гурван товчтой. За­рим тохиолдолд товч нь ко­доор тайлагдахаар бүтээгдсэн байх нь бий. Хүчиндүүлж мэдэх эрсдэл ихтэйн тул чингэнэ. Энэ мэт ярив. Дан.Ня­маа ах руугаа харлаа. Мөрөө хавчаад чимээгүй номхон сууж байна. Тэрүүхэн зуурт машинд бүгд чимээгүй болцгоочихож. Хэт түгшүүр­тэй өнгөнөөс ярьснаа ан­заарав бололтой, мань Ин­жээ" Гэхдээ алзахгүй ээ" гээд инээвхийлж байна. Бавуу тэндээс "Горьгүй л юм байна даа. Гайгүй биз дээ, гэхдээ" хэмээн нэлээд тайвуухан өгүүлэхэд бүгдээрээ л "Тийм дээ, гайгүй, гайгүй" гэлцэн толгой дохицгоов. Мексикийн хоёр монголын нэг Отгонзул маань нэгэн хямд бөгөөд аятай буудал мэдэхээ бо­ломжтой эсэхийг лавлахаар явав. Энэ хооронд нэгэн зочид буудлын зоогийн газарт хооллолоо. Монголоос энэ олон хүн, тэгээд зохиолчид ирэв хэмээн Б.Инжбадар маань хөхин баясч мексик сархад "Текюүла"-гаар дайл­лаа. Өмнө нь нэгэнтээ хүртэж байсан ч, энэ удаа илүү гойд амт чанартай санагдав. Ар­гагүй биз дээ, исгэж нэрдэг, хөхүүр жалавч нь энд л буй юм шүү дээ. Отгонзул маань ч ороод ирлээ. Буудал байна гэнэ. Инжээ "Найдвартай биз. Дэлбэлүүлчихвэл баларна..." гэхтэй зэрэг дахин цочицгоож байна. Г.Мэнд-Ооёо найрагч хэзээний амгалан царайгаа төв болгоод "Буудалтай бол­чихоор болоод явчих нь тэр" гээд шөлөө оочиж сууна. Тэндээсээ өнөө буудалдаа очлоо. Яриангүй аятайхан буудал. Тохитой цэвэрхэн. Харин буудлын хоёр талд мексик бүжгийн "догшин" аялгуу бөмбөрдөх нь "Энд ч сайчууд л цугласан байгаа даа" гэх бодол төрүүлнэ.


Мексикт, Мехикод ирс­нийх, Г.Мэнд-Ооёо тэргүү­ний­­хээ өрөөнд цуг­ла­лаа. Ганзагалаа савны­хаа юмыг гаргав. Монголын мехико­чууддаа ном, сархад, хорхой ааруул тэргүүтэн бэлгээ өг­лөө. Цаасан уутанд сав­ласан хэдэн хорхой ааруул богцолс­ныг хил дээр хурааснаас сэргэлэнтэж байж нэгийг авч үлдсэн юм. Ингээд аян замдаа сайн явж ирсэн, маргааш Мехикогоор аялна, хуралдаа сууна, та хоёр­тойгоо энд, хаа байсан Мек­сикт ингэж уулзах гэж гэх жишээний, хөөрөлгөн яриа, баяр баясалдаа биднүүс хэ­дийнэ халаад, юун өнөөх саяхны айж цочих, ор мөргүй болжээ. Бүгд л шүлэг уншлаа. Сайхнаас сайхан байв. Зур­гаагийн зургаан эрийн дунд Отгонзул маань гэрэлт дэн мэт удаан суугаад язгуурын монгол хүүхний түгээмэл чанар зааж гэр рүүгээ явна гэлээ. Түүнийх манай бууд­лаас тун холгүй ажээ. Ин­жээ, Бавуу бид гурав түүнийг хүр­гэж өгөхөөр гарлаа. Гудамж бараг эзгүй. Баахан халамцуу хэдэн залуус дуу аялагнан, хэлхэлдэн гудамжаар явах­даа халуунаар тэврэлдэн үн­сэлдэцгээнэ. Охидоо үлэмж эрээгүйгээр илж таа­лах бө­гөөд цаадах нь тэгэхээс тэг гэсэн шиг нуруугаа хотойлгон өгзөг хонгоо тонтойлгох нь хачин тачаангуй.
Харин тэдний хажуугаар гурван монгол залуу нэгэн монгол бүсгүйг гэрт нь дө­хүүлж явна. Ховорхон л то­хиол, Мехикогийн үдэш. "Мек­сикт нэг удаа..," гэж Зулаа хожим ярих биз. "Сайхан амраарай" гэж хэлээд түүний үүднээс буцлаа. Тэгээд буцан буудлынхаа үүдэнд ирвээс,
Саруулхан шөнө гадаа
үүдэнд
Хад сандайлж суухад
Сарны гэрэлд
Сархад уухад
Сайхан байх даа гэж са­нагд­сан
..., хэмээх мө­рүүд­тэй их Нямсүрэнгийн шүлэг санаанд орж байв шүү дээ.
Мехикод ирсэн шөнө нам унтаж орхижээ. Улаанбаатарт гал үд болж байхад энд гүн шөнө болж байдаг. Гэвч за­мын алжаал, жүнз уруулд­саны шид нийлээд сайн л унтуулаатахаж. Нүүрээ угаа­чихаад цонхны наахна очиж харвал, сормууснаа бөнжиг­нөх усан дусалд хотын хө­дөл­гөөн ойгоод сонихон чиг ээ.
Мехикогоос холгүй нэгэн дурсгалт газар байдаг байна. Өмнө нь телевизээр үзэж байсан. Яагаав, пирамид. Түүнийг үзэхээр санал нэг­дэв. Буудлын өмнө бидний өчигдөр үдэш хөлөглөж ирсэн дүн­хийсэн ногоон "Шевро­лит" ирээд зогсчихжээ. Энэ бол Мексик дэх Монголын өргөмжит консул Жорж Ран­жил Ди Албагийн бидэнд илгээсэн унаа. Энэ эрхэм бээр Б.Инжбадарын хэлэхээр бол Мехикогийн өндөр эрэм­бэд тэргүүлэх бийлэгжүү эр­сийн нэг юм билээ. Ингээд хөдөллөө, пирамид тийш. Мехикод өндөр, сондгой бай­шин ховор юм. Жигдхэн, нэ­гэн хэвийн байшингууд эрий­тэл үргэлжлэх бөгөөд энэ нь хүмүүсийн амьдралын түв­шин нийтлэгийн толь болж үзэгдэнэ. Гял цал оргиод, сүр­дэж бишүүрхүүлэх аяс ог­тоос төрүүлэхгүй бөгөөд ха­рин ч эерэг дулаан, энгийн уур амьсгал мэдрэгдэнэ. Хээр талаар давхиж яваад хэзээний мэдэх сумын тө­вийн банзан хашаатай гудам руу ороод ирэхээр ямархан чиг нэг дулаахан өөриймсөг байдаг билээ, тиймэрхүү л бодол төрүүлж байлаа. Мек­сикийн дэд бүтэц, зам харгуй муугүй юм. Лав л манай нийслэлийн замтай харь­цуулш­гүй. Мексик бурхнаас хол ч, Америкт ойр гэдгийн тусгал ч юм уу, алтны хажуу дахь гууль ямар нэг хэмжээ­гээр шарлаа л даа.
Бидний машин ердөө дөч гаруйхан минут давхиад пи­рамидын хүрээнд буучихлаа. Эл гайхамшигт тогтоцыг той­руулан бүрдүүлсэн цэцэрлэгт хүрээлэн гоё. Бидний тасал­гаандаа тарьдаг зуун наст, кактус тэнд л нэг байна. Байх байхдаа аварга том бутаараа, бухалдсан өвс шиг дүнхий­гээд, арвайж сарвайгаад байж байх юм. Мексикчүүдийн сархдаа бүтээн нэрдэг үндэс сурвалж ч энэ зуун наст болдог гэх. Мексикчүүд бор дарсны боловсрол өндөртэй байж мэднэ. Сайн балгац­гаадаг гэнэ лээ. Гэхдээ байна аа, нэг сайн уучихаад, гурав хоногтоо элгээ амраана аа гээд өөрийгөө ялаад сурчих­сан гэж байгаа.
Египетийн пирамидын да­раа орох сүр жавхлантай ийм урлалыг мексикчүүдийн өвөг дээдэс бүтээсэн нь манай тооллын өмнөх мянга таван зууны оных гэнэ ээ. Маш эртний соёлтой ард түмэн байжээ. Ийнхүү бодсоор цац суварга тийш дөтлөхүй ер бусын гайхамшигтай зүйл болох нь мэдрэгдээд эхэл­нэ. Үлэмж аварга гуранзны тол­гой газраас цухуйх мэт саа­ралтан ягаарч харагдаад, тэрхүү байгууламжийн ша­таар өгсч уруудах хүмүүс шоргоолж мэт эрэлзэж үзэг­дэнэ. Галт уулын хүрмэн чулуугаар эртний тэр хүмүүс чухам "тогложээ". Дөрвөл­жилж, шоочилж, гурвалжилж мөнчиг олон хэлбэрээр за­саад үүнийгээ өрж, зүйж, өнгөлж нааж бүтээсэн аугаа суварга юм. Халуухан нартай энэ л нутгийн, хүрэн зандан л биетэй байсан болов уу тэд­гээр хүмүүс хэдэн жилийн бороо хур, ангал цангал дор хичнээн бэрх цаг тоог гэтэлж бүтээхээрээ ийм юм босгодог бол доо гэсэн бишрэл, эргэл­зэл, тээнэгэлзэл зэрэгцсэн бодол хөвөрнө.
Урлаж, хээнцэрлэсний нь үзвээс тэр олон мянган жи­лийн өмнөх мексик өвөг дээд­сийн ухаан, соёл, өвлүүлэ­хүйн эрдэм хосгүй. Ертөнцийн хаана ч явсан, гайхамшигт зүйлсийг харан дуу алдах, үзэн баясахын дээд долгионд гагцхүү хүний л бүтээл туур­вил хөг оруулмуй.
Энэхүү аугаа цац суварга түүнийг хүрээлсэн байгуу­ламж бол эртний их том хотын туурь юм. Хүмүүсийн амь­дарч байсан өрөө тасалгаа, тэр битгий хэл цэвэр бохирыг сэл­гүүлэх зохицуулалтыг хүр­тэл хийсэн байгаа юм шүү дээ. Хөгжил бол боломж туйлч­лагдахуйн үр дүн са­нагд­даг. Өнөөдрийн дэлхий ер­төнцийн шинжлэх ухаан, тех­никийн хөгжил гайхам­шиг­тай нь үнэн. Гэвч энэ гай­хамш­гаас илүү гайхамш­гуу­дыг хүн төрөлхтөн хөгж­лийн хамгийн язгуур анхдагч үеүд­дээ бүтээсэн мэт. Энд мө­нөөх боломжийн ялгааны ту­хай өгүүлж байна. Манай тоол­лын өмнөх мянга таван зуун оны, өнөөдрийн эриний хоо­­рондох бүтээхүйн бо­ломж.
Бид аварга цац суваргын шатаар өгссөөр оройд нь гарлаа. Маш болгоомжтой явахгүй бол унаж мэднэ. Түү­дэг шиг хийсчихвэл яана гэж бодогдоно. Суваргын яг орой дээр, хүний толгойгоор зүйр­лэх юм бол үсэн эргүү­лгийн нь төвд үхрийн нүдэн чинээ мөнгөн цэг байх ажээ. Хай­луулаад цутгачихсан юм шиг. Үүн дээр хүмүүс эрхий ху­рууныхаа өндгийг хүргэж эрч хүч, ариуслыг биедээ шин­гээж авдаг гэнэ. Бид ч мөн тийнхүү үйлдэж, үй олон хү­ний эрхийд нийлсээр бай­гаад цав цагаан болсон мөн­гөн цэгт хурууныхаа хээг эгшин зуурт барлав. Ингэж өөрийн бие махбодийн ширхэг найлзуу­раа таниулсаан.
Тэнд ийм нэг төсөөлөл төрнө. Суваргын дээрх мөн­гөн ялтас өдөр нартай алтан туяагаар холбогдоно. Шөнө сартай мөнгөн туяагаар хол­богдоно. Ингэж наран са­ран эрхэстэй өдөр шөнө ээлж­­лэн алтан мөнгөн туяа­гаар со­рон­золдох нь магад сайн энер­гийн цу­чил­тай болов уу. Өдөр су­вар­гын орой дээр байхад, наранд ойртчихсон юм шиг халуу шатна. Үдэш сарнаар энд ганцаар суувал ямархан мэд­рэмж төрөх бол доо гэж бодогдоно. Тэнгэрийн аль нэгэн од мөнгөн ял­таснаа "ирж" мөр­гөөд, буцан харва­даг ч юм билүү, яахин мэднэ.
Ийм нэг хүний гараар бүтээгдсэн гайхамшигт уул- суварганаа гараад буулаа. Энэ гайхам байгууламжийг 1960-аад оны сүүлээр аглаг хээрт ямаа хариулж явсан хүү анх мэдсэнээр, ухаж малтан гаргаад, эрт өмнийн үзэмжит хотын туурийг сэргээн зас­варласан нь эдүгээгийн дэл­хийн хүмүүсийн мэлмийнээ хүртээгджээ.
Суваргын энэ орчмын бүсэд аялал жуулчлалын хүмүүст зориулсан худал­дааны мухлагууд олон. Мек­сикийн үндэсний хувцаснууд, далбагар далбагар том мал­гайнууд, нөмрөг ороолтнууд, мөнгөн болон модон эдлэлүүд янз янзаараа. Наймаа хийж байгаа нь барьцгүй. Дөрвөн зуун песоны үнэтэй зүйлийг, ярьж хэлэлцэж байгаад зууд авчих нь энүүхэнд. Ер нь бол жуулчдад санасан үнээ л хэлээд тавьчихдаг бололтой. Мексикийн үндэсний мөнгөн тэмдэгт песо бас ч муугүй ханштай. Зуун доллар мянга хоёр зуун песо болж байна лээ. Бидний нөхөд энтээ явж энэ тэрхэн, тэрүүхнээр ал­хаж наана цаана болж байтал өдрийн тал барагджээ.
Ингээд манай багийн дөр­вөн гишүүн Б.Инжбадарын хамт Акапулко тийш одлоо. Ха­рин миний бие Мехикод нэ­гэн хоног саатах шалтгаан бай­сан тул үлдлээ. Мехикод, ер нь Мексикт түгээмэл юм шиг билээ, нум эвшээлгэсэн эмэгтэйн хөшөө байх. Эмэг­тэйн гоё хонго ер бусын чил­гэр. Зорсон мэт. Энгэрийн нь хоёр бумба нисэх шувуу­дын тэмүүлэлтэй бөгөөд аяган хэлбэртэй, нандин яруу. Энэ бол мексикчүүдийн уг сур­валж, эцэг дээдсүүдийн яз­гуур домгийн баатар анч бүс­гүйн хөшөө юм. Эл хө­шөөнд илэр­хийлэгдсэн тэр­хүү эрэм­гий тэмүүлэлт, яруу сайхан бие цогцос болбоос мексик хүүх­нүүдийн үндсэн үлгэр авах хэв, даган дуурайх заг­вар ажээ. Тиймээс ч мек­сик хүүх­нүүдийн бие галбир хэ­ний ч өмнө харц итгэл­гүйдэх шалт­гаангүй байна. Бүсгүй хүний гоо урин, илэр­хий та­чаангуй байдлыг өгзөг, бумба хоёр нь чимэх бөлгөө. Алиман өгзөг, сэргэр бумба. Ийм нэг тогтсон, төгөлдөрш­сөн гэ­мээр бие галбирын заяамал чи­мэг мек­сик хүүх­нүүдэд хам­гийн хүр­тээмжтэй ху­ваар­лигджээ гэ­хэд болно. Мек­сик хүүхнүүд бол үнэхээ­рийн нэг тийм харууштай, нүд бу­лаасан хүүхнүүд болох нь тэрхүү өөр бусад үндэстний хүүхнүүдээс эрс ялгагдам биеийн нь сай­ханд байна. Чин­гээд давхраа­тай алаг нүд, зур­гар тод хөм­сөг, машид зо­хи­цолт хэв бүхий бор бор­хон уруул юу бүгд нь сайх­наас сай­хан төрснийг нь илт­гэмой. Биеийн нь өнгө бов бор. Бүр тос даасан мэт. Булбарай булбарай.
Эрчүүд нь ч мөн тийм яргай булчинлаг биетэй. Яаж ч мэдэхээр байрын гүжирмэг төрхтэй. Нуусан мэт боловч, тэр нь мэдэгдээд байх хүсэл тачаалын манант бор нүдтэй. Мексикийн гарамгай яруу найрагч Хайми Сабинэсийн ийм мөрүүд байдаг.
Нүүрсэн дээр гишгэхийн
тулд би гутлаа тайлав
Нүцгэнээрээ чамайг
тэврэхийн тулд арьсаа тайлав
Чамайг хайрлахын тулд
би биеэ тайлав
Чамд хувирахын тулд сэт­гэлээ тайлав
гэж. Энэ бол мек­сикчүүдийн халуун дур­лалт, хүсэл тачаалт хүмүүс бо­лохын илэрхийлэл юм уу даа.
Мехикогийн гудамжинд хэсэг хүмүүс эсэргүүцлийн цуглаан хийж байна гэж Зулаа надад тайлбарлав. Нэг бүдүүн эмэгтэй "Шаардаж байна, шаардаж байна" л гээд байгаа бололтой бүдүүн бүдүүн дуу­гаар цагаан хоолой амандаа наачихсан хашгична. Зуу гаруй л хүн байсан байх. Хэн эд нарыг сонсож байгаа нь бүү мэд. Гудамжаар дүүрэн урсах хүмүүсийн дотор өнөө жагсаа­лынхан хаана байгаа нь мэ­дэгдэх юм алга. Гэмт хэргийн илрүүлэлт гур­ван хувьтай хотод эсэргүүц­лийн жагсаал цуглаанаас гарах үр дүн ч юу л бол доо гэж бо­догд­моор.
Мехикогийн төв талбайд үдэш номын үзэсгэлэн яармаг гарч байна. Сүхбаатарын талбайгаас томгүй, жижиг ч байж мэдэхээр санагдсан. Гэрэл гэгээ муутайхан юм.
Тэндээс Отгонзултайгаа хамт нэгэн бичил зоогийн газар орж хоол идлээ. Шарсан мах, гамбиртай шөл, халуун ногоогоор амталсан элдэв дээдийн хоол байна. Энд монгол хүн хоолны тухайд асуудалгүй. Бидэнд болом­жийн сэтгэгдэл төрүүлэхүйц хоолны жортой юм билээ.
Одоо би та бүхэнд Мехико­г­ийн монгол бүсгүй Отгонзу­лынхаа тухай өгүүлье. Эрдэ­нэтийн охин. Тэр энд ирээд арван оныг үдээд байгаа. Анх төрсөн эгч нь энд мексик хүнтэй гэр бүл болоод түүнийг урьж. Гэвч Зулааг ирээд тун удаагүй байтал, зургаан са­рын дараа нөхрийн хамт Аме­рикт ажил амьдралын эрхээр явжээ. Ингэснээр Мехико­гийн монгол бүсгүйн ганцаа­рын амьдрал эхэлсэн. Зулаа юу хийж амьдардаг нь сонин. Тэр сурталчилгаанд зураг авахуулж, үүнийхээ шан харамжаар мөнгө олж амь­дардаг. Заримдаа таван мян­ган ч доллар олчих үе бий бол, юу ч үгүй өдрүүд цөөнгүй гэнэ. Энэ том хотод ганц монгол бүсгүй ингэж амьдраад, хэний ч дор орохооргүй явааг бах­дууштай. Түүнд чиспа нэртэй цагаан хав бий. Гэхдээ энэ хоёр ханьсаад удаагүй юм билээ. Зургаа, долоон сар л болж байгаагаа хэлж байв. Зулаа үдэш орой ороолт нэхнэ. Энэ бол түүний өөрий­гөө зугаацуулах, цагийг өнгө­рөөх шилдэг арга бололтой. Тэр испаниар дуржигнатал ярих боловч, илүү олон үггүй юм. Ганцаарын бие даасан урт удаан амьдрал түүнд ийм хэв дадлыг бий болгожээ. "Монгол руугаа буцахгүй юм уу" гэвэл "Бо­лоогүй" гэх юм. Харин Америк гарах бодолтой юм шиг билээ. Ийм нэг монгол бүсгүй тийн­хүү амьдарч бай­на. Үдэш, Мехикогийн нэг өдрөө эргэ­цүүлж хэвтэхдээ Зулаагийн бие даасан, ха­туужилт чана­рыг бахархаж байлаа. Бас мексик өвгүүдийн гайхам­шигт бүтээл цац су­вар­гын тухай бодов. Мел Гиб­соны "Акакулипто" кинон дээр на­ранд хүнээр өргөл барих­даа орой дээр нь авчран өрлөдөг өндөр суваргууд гар­даг. Түүн­тэй яг ижил суварга бо­ло­хыг Зулаа хэлж өгсөн. Хол­гүй нэг хотод тэр киноны зургийг авсан тухай өгүүлж байна билээ. Тэр киноны үйл явдлыг санахнээ нь, аймшиг­тай санагдаж, тэгээд жаахан хүүхэд шиг эвгүйцсэндээ инээд хүрч байлаа.
Мехикод нөхдөөсөө үлдэж нэг хоносон нь цаг зогсоо­чих­сон юм шиг удаан өнгөр­лөө. Үдийн ху­гасыг ирээдүй мэт хүлээн өнгөрөөгөөд, Ака­пулко зорчих онгоцны та­салбар аваад хөөр­хөн дог­долж байна. Улаан­баатараас зундаа нэг нутаг явахын урьд өдрийнх шиг гэгэлзэж байна гээч. Урьд үдэш, ма­най хэд тэнд очсон. Дан.Ня­маа ах тээр орой "Үгүй ээ, нээрээ, энд хачин гоё байна. Хүүх­нүүд нь на­майг ирээ юү, ашгүй юун сайн юм бэ гээд тэвэрч аваад үнсч байна шүү дээ" гэснээ "Одоо доош бууж бүжгэнд орлоо. Жаахан сэвнэ байгаа" гээд жингэнүүлсэн нь үнэхээр тийм юм болов уу, үгүй юу гэхээс эхлээд байж ядуулнаа даа. Аялал бол энэ мэт хөг­жилдөөн,үнэн худал нь сонин биш мааз маахуутай байхаа­раа сайхан л даа. Ер нь бол найрагч Данзангийн Ня­мааг Акапулкогийн хүүх­нүүд тийн­хүү тосч авсан бол түү­нээс аятай нь хаа байх вэ.
Мехикогийн их үдэд он­гоцны төв буудлаас ганцаар Ака­пулко руу нислээ. Манай хэд урьд өдөр нь машинаар зур­гаан цаг давхиж очсон мө­нөөх хотод онгоц хөөрөв үү, үгүй юү буучихав. Мэ­лийсэн цэн­хэр усан дээр л буучих­маар аятай доошил­соор га­зар­­дах­даа, тэр хавийн мод бутсыг Д.Урианхай ахын нэ­гэн­тээ бичсэн шиг бөхийл­гөн бөхийл­гөн залбируулав. Нэг аяга цай ууж, жижигхэн ууттай сам­раас ганц нэгийг шоглох төдийд мянга хоёр зуун песо­ны үнэ­тэй, зургаан зуун ки­ло­­мет­рийн алслалтай нислэг гүйцээ. Тэрүүхэн цаг хүрэх­тэй, үгүй­тэй хугацаанд онгоц­ны цон­хоор ажвал но­гоон мо­дон хү­рэм, шар усан хажла­га­тай уул­сыг даван ниссээр ирэв. Ус тийнхүү шар хоормог адил ха­рагдах нь үргэлжийн бороо хур­тайнх.
Акапулкогийн онгоцны буу­далд хөл тавихнаа нь чийглэг халуун амьсгал пүн­хийн "да­раад" авлаа.
Нүүртээ гараа хүргэвэл ууранд утсан мэт болчихож. Шууд таксинд суулаа. "Em­porio" зочид буудал хүрнэ гэж жолоочид хэлэв. Тэр толгой дохиут, саяын сууж ирсэн онгоцноос дутуугүй давхихыг нь "Аядуу, аядуу" гэмээр байв. Акапулко уул арлын хот. Арал уулын ам дэвсэг, ар сэрвэн­гүй суурьшицгаасан мексик­чүүдийн оромж байшингууд бүхий л чигээрээ моддын дунд. Зам харгуй нь аргагүй л арлын зам даа, давчуу бачуу. Уулсын энгэр бэл ороон дав­хих машиныхаа цонхоор хар­вал гүн цэнхэр далай хяз­гааргүй дайдлан холхи алсад манантан будантана. Мекси­кийн шилдэг найрагч, зөвшөө­рөгдсөн мүсэрч, Нобелийн утга зохиолын шагналт Окта­вио Пазын,
Тэнгэр газрын савслага сарниж,
тэнүүлч салхин цэцэгсээр наадав
Тэнгисийн хөөсрөх долгион дунд
нүцгэн бүсгүй умбан зугаа­цав
гэсэн мөр санаанд орж байлаа. Акапулкогийн охид дэр­вэгэр оготор банзалтай явцгааж байх нь сонирхол та­тав. Акапулко аялал жуулч­ла­лын хот. Гадныхныг аятай таа­тай амруулах үүднээс тус хо­тод хэв журам сахиулах өндөр хам­гаалалтынхан ажил­ладаг. Гур­ван ч түвшний дав­хар хам­гаалалттай гэж жолооч нөх­рийн өгүүлэх, зангаж до­хин илэрхийлэхээс хальт мөлт ойлгов. Бодоо­жийн ч тийм юм даа. Тиймээс эрх чөлөөлөг бай­далтай аж төрөх нь тэр. Ин­гээд дөчөөд минут давхисан байх. Маши­ны цон­хоор наана ха­раад явж байтал буудал дээ­рээ ирээ­тэхжээ. Үүдэнд нь "Дэл­хийн яруу найрагчдын ХХVIII их хурал" гээд бич­чи­хэж. Тэгтэл ч бууд­лын тунга­лаг шилэн хаал­ганы цаанаас Ба­вуу най­рагч дүн­хий­тэл то­соод гараад ир­лээ. Сэтгэлд маш сайхан са­наг­дав. Хаа бай­сан алс Мек­сикт атлаа гэр­тээ ирж байгаа юм шиг "Em­porio"-доо буухад, хан­хай­сан сай­хан найрагчийг тосон га­раад ирэ­хүй "Үдшийн бүрий­гээр ирэх сайхан" гэдэг шиг са­нагдлаа. Манай хэд ирээд нэг хо­но­чихсон улс, акапул­кож­чих­­жээ. Хур­лын нээлт болоод зочид най­рагчид нэ­гэнтэйгээ нөхөрсөг дулаа­наар ярилцах нь ярил­цаж, тэврэлдэх нь тэв­рэлдэх тэр найрсаг амьс­галд шууд л орж явчихав. Г.Мэнд-Ооёо эрхэм хэзээний танил дот­но нөх­дөөрөө бү­чүүлчих­сэн зог­сч байна. Ули­рагч жил Энэтхэгийн Мад­раст тэрбээр очиж амжаагүй бө­гөөд түүнийг сураглан сэт­гэл та­виг­сад баахан олон байсан билээ. Тэдгээрийн бах тав энд ханаж байгаа янзтай. Энэ найрагч дэлхийн утга зохио­лын то­дорхой хүрээ­нийхэнд нэгэнт өөрийн за­вилгаатай болжээ. Нөгөө­тэйгүүр түүний Дэлхийн яруу найрагчдын ээлжит их хурлыг нэгэнтээ Монголдоо амжилт­тай зохион байгуул­сан нь онцгой хүнд­лэгдэх шалт­гаан болсон буй. Тал нутгийн яруу уянга, цасан цэцэг, бүгээн униар, хонгор улирлыг түүний бүтээл, оюун билгээс эрэн хайх тийм нэг эрмэлзлэл хэдийнэ бүрдээд, "тоосноос нь хүртэж" дараа­гийн "цэц­гэнд хүртээгсэд" нь эдгээр найрагч нөхөд нь юм. Түүний толгойл­сон Монголын соёл яруу найр­гийн акаде­мийн үйл хэрэг, ном соёл түгээх, дэл­хийтэй харил­цан уялдах эн царааг хэмжвэл тулхтай ну­руу харагдах буй за. Өнөөдөр ч мөнхүү жим замаа­раа яваа нь энэ ээ.
Дэлхийн яруу найрагчдын хурлын нэгэн өвөрмөц хө­төл­бөр нь шүлэг унших уламж­лал юм. Найрагчид эхлээд өөрийн­хөө төрөлх хэлээр уншсаныг англи, ис­пани хоёр хэлээр хөрвүүлэн сонор­дуулав. Шүлэг яруу найраг унших нь зөв сайн энергийн дээд түвш­ний чуулбар, нисэн дүүлэх мөрөөдлийн жигүүр өдлөх орчин. Ийнхүү молхи­лохдоо нут итгэх агаад яруу найргийн үл баригдам болоод үлэм­жийн амтат тунгалаг гэрэлд туяарахыг хүснэм ээ.
Дэлхийн найрагчид мэ­дээлэл солилцож, өөрийн орны утга зохиолыг суртал­чилсан сэтгүүл тарааж, но­муудын танилцуулга хийх эл соёлт орчныг зүйрлэвэл ер­төнцийн утга зохиолын нэгэн том нуурт өөр өөрийн цутга­луудаа юүлэх шиг ээ. Энэ бол билэг оюун сэлбэлцэх, эгээрч гэгээрэх харилцааны хамгийн шилдэг цаг тоо юм уу даа.
Яруу найрагч Ц.Бавуу­дорж "Дорно зүгт өвс болно" номоо тэнд толилуулан тү­гээсэн нь хүмүүсийн сонирх­лыг эрхгүй татаж байгаа нь анзаарагдлаа. Шүлэг уншла­гын үеэр "Үүний­гээ уншиж өгөөч" гэж "зүслэж" зааж өгч байгаа нөхөд ч хэд хэд байв. Бавуу бээр уугуул энэ нутгийн хүнийг санагдуу­лам чилгэр өндөр нуруугаа цэх болгон алхалж индэрт очоод, ам­галан боловч далдын ямар нэг гэгээн эмзэглэлтэй мэт хүрэл царайгаа үл хувир­ган, бурх­ных юм шиг гэдэстэй чихний­хээ дээгүүр урт хар үсээ илбэнгээ булаг газрын гүнээс бөг­лүү оргилохын адил айзамт намуухан болоод тар­нилаг дуу хоолойгоороо шүл­гээн уншиж өгсөөн. Шүлэг унших уянгалаг хөтөлбөр өндөрлөж, оройдоо далайн хөвөөнд үдэшлэгтэй ажээ.
Миний өрөөний анд хэн бэ гэвэл, Аргентиний яруу най­рагч Илья Доминго Галати. Шү­лэг шиг нэр байгаа биз. Лав­тай жар хэдийнэ гарсан тэр­бээр найрсаг сайхан хүн. Ихэд үсэрхэг бөгөөд толгойн урт үсээ охидын адил ардаа шууж боогоод, харьж яваа бие­ийг нь өвч шахуу бүрхсэн цэ­гээн буурал үс нь ширэл­дэх ша­хуу. Охор өмд өмссөн ма­най өвгөн "Орой бужиг­нуул­наа" гэсэн янзтай бүжих мая­гийн хө­дөлгөөн үзүүлээд нарр нарр инээж байна. "Тэг­сү­гэй, бү­­жиглэсүгэй" гэж ха­риу дохи­лоо. Хөгшин, залуу ар­гентин монгол хоёр "бал­лах" нь л дээ. Мон­голоос авч гар­сан нэгэн лонхтойг гаргаж тавь­тал сүр­хий харж байна. "Ууна уу" гэ­тэл толгой сэгс­рэнгээ элэг хавь­цаагаа дарж байна. Тэ­гээд дохиж зангаад ярих нь "За­луудаа бол татаж байсаан. Одоо бол эрүүл мэндэд зо­хихгүй байгаа" гэж ойлгогдов.
Саруулхан сайхан үдэш боллоо. Тэргэл сайхан сар мандаад үл мэдэг бүдэгшин­гүй авч орчлонгоор дүүрэн гэгээ цацраана. Далайн хө­вөөнд өдрийн халуун салхи бяцхан солигджээ. Акапул­когийн арал дахь байшингуу­дын гэрэл үе үеэр нь дав­харлан өрсөн сувд сондорс шиг үзэгдээд, хот тэр чигтээ зогсоолд байгаа шөнийн авар­га том хөлөг онгоц мэт сэт­гэгдлийг төрүүлнэ. Номхон далайн хүчирхэг нүргээнт давалгаа энэ үзэмжит үдшээр Акапулкогийн эргийн цэгээн элсийг умруулан умруулан хаялах нь гайхалтай. Сарны гэрэлд мөнөөх давалгааны элс илэн илэн буцах нь тун­галаг болор шилэн хайлмалын шид­лэг, хаялга шиг ээ. Бид ийн­хүү давалгаа болорших дай­дад явна бус уу. Болор давал­гаа хаялах гоо энэ үдэш болор хундага уруугаа унан ширээ дэрлэж мэдэм үдэш­лэг эхлэх нь дээ. Мөнөөх Пазын нэгэн­тээ бичсэнчлэн,
Навчис дуулж эхлэв,
алимнууд хэмнэлтэйгээр бүжиглэж,
намуун цэнгэг салхинаа
анхилам сарнай эргэлдэн дэгдэв
Үүлс нүүж тархав,
оёор үзүүргүй огторгуй үелэн долгилж,
үзэгдэх төдий тэнгэрийн хаяанаа
олон олон тойрог үүсэв
гэгч болох төлөвтэй болоод явчихлаа.
Далайн хөвөөнд зассан цав цагаан бү­тээ­лэгтэй дугуй ши­рээнүүд дээр гоёмсог том лаа асаажээ. Гангалж, дон­жирх­сон найрагчид ирж суу­саар байлаа. Тавиас жарын хоо­ронд настай болов уу гэж таагаад байгаа хэдэн сайхан мексик эмэгтэй байна. Энэ удаагийн хурлын ерөнхий­лөгч, хатагтай Сабиранес, яруу найрагч Лаура нарын нас тогтсон атлаа залуугийн яруу төгөлдөр явснаа илтгэм гавш­гай бүсгүйчүүд энд идэвхтэй байр эзэлж байгаа билээ. Ер нь энэ удаагийн хуралд мек­сикчүүд олноор оролцож бай­гааг онцлом.
Хатагтай Сабиранесийг Энэтхэгийн яруу найрагч Мохан гуай "Хамгийн үзэсгэ­лэнт бүсгүй чухамдаа чи л байна" хэмээн найрсгаар хэлж байсан нь "Үнэхээр тийм юм аа" гэж зөвшөө­рүүлэм байлаа, энэ үдэш.
Тэр сайхан эмэгтэй үдэш­лэгийг нээж үг хэлээд дуусуут л бүжиглээд эхэллээ дээ. Мек­сик бүжгийн ая хэмнэл, цог­лог ад үнэхээр гоё. Нэг бо­соод бүжиглэчихсэн хүн эр­гэж суухгүй. Улам л идэв­хий­лэн бүжиглэж, хормой нь дэр­вийн, хөлс нь мөндөрлөх ажээ. Гурван цаг бүжиглэхэд суу­далдаа очоогүй хүн зөндөө.
Энэ жавхлантай үдэшлэ­гийн нэгэн од нь Бизъяагийн Дашзэвэг гуай маань байлаа. Тэрбээр нөгөө өвөрмөц дуу хоолойгоо цуурайтуулан бүж­гийн талбайд гарав. Чингээд бүхий л яруу найрагчдад "Мон­­голын их яруу найрагч­дын мэндийг Номхон далайн эрэг ирмэг энэхэн газарт та бүхэндээ хүргэж ирлээ. Энэ үдшийг хийморь төгөлдөр сайхан өнгөрөөхийг хүсье" гэж хэлсэн юм. Энэхүү мэнд­чилгээгээ тэрбээр франц, англи, испани, герман, орос хэлээр дараалуулан хэлсэн бөгөөд тэнд байгсад халуун талархал илэрхийлэн алга ташив. Ингэхтэй нь зэрэгцүү­лээд мань DZ man "Цэнгэн хөг­жилдье","Шүгэлдээрэй" дуу­нууд угсруулчихсан чинь, ха­вийн улс босч бүжиглээд, суу­гаа зарим нь ширээн дээрх амны алчуураа аваад тол­гой дээрээ сэнс шиг эр­гүүлж байв шүү. Энэ хурлын зоч­доос хамгийн олон талт нь тэр байв уу даа. Яруу най­рагч, сэт­гүүлч, орчуулагч, дуу­­­чин гээд. Од оо од. Өдөр л гэ­­хэд Бавуу­гийн шүлгийг фран­цаар, өөрийнхийгөө анг­лиар уншиж байгаа юм чинь. Та­ван тив, дөрвөн далайг хэ­дэн­тэй хэрж, нааш цааш яв­сан энэ эр лав зуу насална аа.
Үдэшлэгийн үеэр мөстэй текюүла сархдыг ч харин нэг сөгнө­жээ. Улаан цагаан дарс ч лонх лонхоороо. Сайхан зээрд халмаг болсон хүмүүс бү­жиг­лээд л, бүжиглээд л байлаа. Далайн эргээр авто­мат буу тэвэрч бүхээг задгай ма­шин дээр хэд хэдээрээ суу­сан цагдаа нар байсхий­гээд л давхиж ирнэ. Бодвол, энэ хэдийн бүжиг таанц хэ­вийн байна уу, элдэв хэрэг яв­дал гаравзай гэсэн шиг яваа бо­лол­той. Нямаа ах бүжиглэж бай­тал гэнэт алга болчихож. Эр­гээд харвал далайн хө­вөөнд зогсч байна. Шөнийн да­лай түүнийг дуудаж л дээ. Түүний энхрий хонгор гэ­мээр нандин мэдрэмж ямархан нэгийг олж харан зогсоо биз ээ.
Дөрвөн цаг гаруй бүжиг­лэс­ний эцэст аглаг хээрийн хэдэн монголчууд алжааж ядраад өрөө рүүгээ чиглэлээ. Сайхан ядаргаа, гоё алжаал гэж буй аваас тэр нь болжээ. Буудлын дотор сэрүүцүү­лүүрүүд олон. Унтах нь яагаа ч үгүй хүмүүс нааш явна. Мөнөөх сэрүүцүүлүүрийн сэнсэн салхи тэрүүгээр явагч охид хүүхнүүдийн хормойг сэвс сэвсхийлгэн дэвэхэд тэд огтоос үл тоох агаад өнгө өнгийн тод дотоожууд нь гялс гялс харагдана. Дуу алдан хумиж, хямгадах нь алга. Бид ч хэдийнэ энэ байдлыг нь мэдэх болсон улс аятай, тоомжиргүй нүдээ ирмэлц­сээр өрөөндөө оров. Энэ шөнө Б.Инжбадар маань "мек­сикжсэн" түүхээ ярилаа. Анх эхлээд энд эрдмийн ажлаар, доктор хамгаалахаар иржээ. Эхлээд Орост сурч байгаад ийш ирэх тавилан тохиож. "Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас хүний хүү эр­дэм өвөрлөж ирнэ ээ" гэдэг юм даа. Доктороо ч хамгаа­лаад авч. Хамгийн сонирхол­той нь, тэрбээр энд нэгэн насны ханьтайгаа учирсан явдал. Тэр нь солонгос бүс­гүй. Эдүгээ энэ айл хоёр хүүхэдтэй. Нэгийгээ өргөж, тэтгэж, нөхөх гэгч амьдралд учран тохиох үүд хаалга билээ. Б.Инжбадарын маань учрал, хувь тохиол ч энэ. Мексик бол энэ айлын амьд­ралаа эхэлж, голомтоо асаа­сан тоонот ажээ.
Аравдугаар сарын арван дөрөвний өглөө Акапулкод тунгалаг сайхан байлаа. Энэ тунгалаг цаг дор яруу найрагч Г.Мэнд-Ооёо дэлхийн най­рагчдад "Алтан овоо", "Нүү­дэлчний уянга" номуудаа танилцуулсан юм. Англи хэл дээр хэвлэгд­сэн эл бүтээлүүд нь зарим хүмүүст хэдийнэ хүрчээ. Израилийн яруу най­рагч, Нобелийн шагналт Эр­нест Кохан "Алтан овоо номд өргөх хүндэтгэл" шүүмжээ тэнд уншиж сонордуулсан нь бас нэгэн урам таашаалт үйл явдал болсон билээ. "Алтан овоо" номын тухайд Монго­лын утга соёл, бичгийн мэр­гид нэгэнт үнэлэлтээ өгсөн. Одоо дэлхийн тойргоос Но­белийн шагналтнаас эхлээд үгээ хэлж байна. Энэ бол манай утга зохиол, соёлын амьдрал дахь баярлалт явдал мөнөөс мөн биз ээ. Өөр бас нэг баяртай мэдээ бол яруу найрагч Данзангийн Нямаа Соёл, яруу найргийн дэлхийн академийн байнгын гишүү­ний үнэмлэх гардсан нь юм. Энэ удаагийн хурлаар тус акаде­мийн ерөнхийлөгчөөр олон жил ажилласан Энэтхэ­гийн яруу найрагч Жастис Моха­ныг чөлөөлж, Францын Ма­риус Ян түүний албыг зал­гамжлан авав. Гом­божа­вын Мэнд-Ооёо найрагч тус ака­демийн Азийг хариуц­сан на­рийн бичгийн даргаар томи­логдсон билээ.
Монголын утга зохиол хүн төрөлхтний утга зохиолын ар­вин сан хөмрөгт өөрийн цут­га­лантай, өвтэй. "Монго­лын нууц товчоо", "Гэсэр", "Жан­гар" маань байна. Энэ жим за­маа үргэлж тэтгэн өргөжүүлж, мод цэцэгсийг тарьж байх учиртай. Ингэхийг сэтгэлчлэн хичээмжилж буй цөөн хүний нэг бол Г.Мэнд-Ооёо.
Аяа, Акапулко. Чиний цэн­хэрхэн далайн давалгаа юу­тай сайхан бэ. Үнэхээр л ингэж дуу алдуулам сайхан нутаг юм.
Тэнгисийн бишрэм
сүрлэгт эрхгүй автаад,
Тэнүүн орон зай, энгүүн
гэрэлд хөөрч бахдаад,
бүхий л эргээр хөндлөн гулд тэнүүчлэгч нэгэн шиг
яг л тийн,
гоо үзэсгэлэнд чинь
яндашгүй мэт
урт өдрийн туршид мансуурлаа.
Миний өрөөний анд Гала­тигийн нутгийн найрагч Хорхэ Лүис Борхэсийн ийм нэг сунжруу, энхэл донхолтой, тэгээд үнэн мөрүүд өрөө­нийхөө тагтнаас тэнгисийг ширтэхэд санаанд орно. Ака­пулкогийн тэнгисийн бишрэм сүрлэгт эрхгүй автана. Да­лайн тэнүүн цэлгэр орон зай, энгүүн болоод болор гэрэлд бахдав. Гоо үзэсгэлэн нь үнэхээр яндашгүй болоод энэ өдрүүдийн туршид үнэ­хээр мансууруулж, хээр та­лын минь аагт салхи, Хярын усны минь хөглөгөр хонгор нурууг санагдуулна. Яруу найрагч Долгорын Нямаа нэгэн зун зохиолчидтойгоо Тэр­хийн цагаан нуураар аялаад, тэр намаржингаа "Тэр­хийн цагаан нуур гэж яримтгай" болсон тухайгаа, тэгээд шүлэг шиг уянгалуу­лан хэлээд байгаагаа бусдаас мэдсэнийгээ бичсэн байдаг. Байгалийн сайхан сэтгэлд хөг оруулчихаж байгаа нь тэр гэж тодотгосон байдаг. Би вээр түүн лүгээ нэгэн адил "Ака­пулко, Акапулко...," гэж бас яримтгай болох нь ойл­гомж­той санагдаж байлаа. Акапул­ко сэтгэлд хөг оруулахаас аргагүй сайхан юм чинь. Ертөнцийн төгсгөл, эсвэл эхлэл мэт усан цэнхэр да­лайн давалгаа, ногоон тол­гойтой улаахан тотины үглээ, цав цагаан элсний гэрэл, нар саравчлан далай ширтэх гоо охидын хормойн дэрвээ энэ бүхэнд сэтгэл хөглөгдөхгүй байж яахин болно.
Бидний үдэлтийн үдэшлэг нэгэнт болжээ. Найрагчид бүгд ёслол хүндэтгэлтэй хув­цаслаж, хундага тулгац­гаана. Хар, цагаан хувцастай Мек­сикийн үндэсний хөгж­мийн хамтлаг ирж дуулж хуурдав. Намуухан уянгалаг аялгуу дуурьсч, зочид буцах гэж байгаадаа юу, үзэсгэлэнт Акапулкогоос салж ядсандаа ч юм уу, нэг нэгэндээ татаг­даад байгаагаас ч юм уу, нэг л тийм гэгээн гуниглалт мэт санаашрангуйхан харагдаад, хос хосоороо удаанаас удаан бүжиглэлээ. Хацар энгэсгээ наацгаан, буцаж сайхан уул­захын ерөөл хэлэлцэнэ. Аугаа их Иосиф Бродскийн нарийн бичиг хийж байсан, Америкийн яруу найрагч Лин Коффин манай Бавуутай ярилцъя хэмээн уриад бүж­гээс гарч явав. Түүний шүл­гүүд энэ эмэгтэйд гойд таа­лагдсан бололтой. Бид мөстэй текюүла зэгсэн сайн хөнтөр­чээ. "Маргааш эртлэн хөдөл­нө. Одоо амарцгаая" хэмээ­гээд тарж явцгаахад Номхон далайн хүчит давалгаа "Баяр­тай" гэх шиг нүргэлж байлаа. Цаг хугацаа, эгшин хором бүрт гоо сайхан буй. Акапул­код өнгөрүүлсэн өдрүүдэд сэтгэлд үлдэх ийм гоо сайхан дурсамжууд олон тохиожээ. Давалгаа нь болоршин шил­ших энэ дайдын гэгээн дур­самжууд сэтгэлд мөн тийн тунгалаг тунамалаар болор­шин оршсоор байх билээ.

No comments: