Tuesday, April 13, 2010

УСАНД ЯВАХАД


Өвлийн өдөр хэлбийж байлаа. Нар цаст Жаргалантын тэргүүн дээр төө хэрийн зайтай болоршин гялалзаж харагдана. Мөдхөн нөгөө охин усанд явна. Би ч бас.
Гэхдээ тэр эхэлж ногоон даамангийнхаа хаалгыг нэг гараараа түлхэн нээгээд, нөгөө гартаа хоёр хувингаа зэрэгцүүлэн барихад харшиж хангинасан дуу гарна. Тэдний даамангийн хаалга нээгдэхэд миний сэтгэлийн хуудсыг чичирхийлэн эргүүлэх шиг болдог юм. Хувингууд нь харшиж дуугарахдаа "Би усандаа явлаа шүү" гэж надад хэлдэг. Охиныг номин цэнхэр дээлтэйгээ тийнхүү туяаран гараад ирэхээр нүүр минь халуу дүүгэн чинэрчихдэг билээ.
Ингэж хэнд ч олдомгүй, хэнтэй ч хуваалцамгүй аз жаргалын аян замдаа гарахын өмнөх намайг сайтар ажиглавал хярж хярж харван харайхад бэлэн болсон туулай адил байх болой. Дэрхийн босч дэгдэж одохоор тугдайн суужээ. Байн байн өлийн цонхоороо харвал амар амгалан суурингийн ерийн нэгэн мөнөөх ногоон даамангийн хаалга байдгаараа л. Тэр одоохон гараад ирнэ дээ гэж бодохоор зүрхэн тушаа түг түг цохилно. Зүрх минь догдлохын тоогоор миний дурлалын алтан үсэг сэтгэлийн дэвтэрт цохигдох бөгөөд энэ л үед би ирээдүйн зүйрлэшгүй сайхныг зөгнөхдөө огторгуй сансарт гардаг болчихоод удаж байгаа. Бодол санаа ингэж нисэн дүүлэхэд хэдийнэ хөрстөөс тасарч, сэрүүн зүүдэндээ мансууран дугжирч орхидог оо.

Гэтэл... гэтэл өнөө охины хувингаа хавируулах танил дуун цохон дээр хүйтэн мөс тавьсан мэт цочоон сэрээв. Шалавхийн өнгийж харвал тэр минь сэтгэлд зураастай байдаг тийм л хонгорхон үзэмжит үйл төрхөөрөө хашаанаасаа гарч Урд голыг чиглэн алхаж байлаа.

Би ч чавхнаас алдуурсан чулуу мэт ухасхийн гэрээсээ гарч, түүнийхээ араас дагав. Самсаа хэлбэм тунгалагхан агаартай өдрийн ташуу туяа цацраасан цагаан наран зүгт алхаж яваа түүнийг нүд цавчилгүй ширтэн харж явлаа. Бэлдэж дэргэдээ тавьсан бээлийгээ мартаж орхисноо ч сэхээрсэнгүй.

Хоёр салаалан сүлжиж, хөөрхөн эрвээхийтэй боолтоор үзүүрийг нь хумиж дарсан шингэхэн гэзэг нарийхан бэлхүүсээ жавхайтал ороосон зурвас ягаан бүсийг дөнгөж давам юм. Толгойгоо бэхэн цэнхэр алчуураар ороожээ. Шөмбийсөн хоншоортой нимгэн хар эсгий гутал нь гойдын хээнцэр агаад алхах гишгэхийн нь тоолонд үл мэдэг сонсогдох цасан чихраа сайхан хөгжмийн зэмсэг хөндөгдөх төдий мэт. Тэрүүхэн цаана тунгалагханаар цэнхэртэх голын мөснөө номин өнгөт дээл нь уусан шингээд, надаас зугтаагаад байна уу гэлтэй шаламгайхан алхална. Тэр маань өвлийн дэглий шиг хөнгөн салхи татуулан алхаж явсаар гилтийн хөлдсөн голын мөсөн дээгүүр цаашилж байлаа. Цааханд нь харзалсан усны толио мэлмэрэн мэлмэрэх нь түүний минь нүд шиг харагдана. Харзаас хальсан ус голын толигор мандал дээгүүр уйлагнан тархаж, тэр дороо л мөс болон хөлдөнө. Цэв цэнхэр мөстэй, цэв цэнгэг жавартай, цэв цэнхэрхэн үдэш ажээ.

Охин усан халиаг зайчлан гишгэхдээ хоёр гартаа барьсан мөнгөлөг хувингаа хойш урагш сэлүүлэн даялах нь улам ч харах сэтгэлийг төрүүлэх үзэмжтэй боловч би ч бас өөрөө уначихгүйг хичээн дүүжигнэх тул санаан зоргоор харц нисгэж чадахгүй байлаа.

Тийнхүү түүнийгээ харж чадахгүй байгааг эзгүйчилсэн ч юм шиг, эсвэл миний л харц номин дээлтэйгээ түшиж явсан юм шиг энэхэн хооронд тэр гилтгэр торгон мөснөө унаж үзэгдэв. Хоёр хувин нь адтайгаар тохуурхан хөхрөх мэт жин жин дуу хадаан бөмбөрч харагдана. Өрөөсөн гутал нь улаараа мөсөнд наалдсанаас сугарч хоцроод, өнөө "дэглий" минь уначихсан чигтээ гутлаа авах гээд хүчлэн татаж байлаа. Өөр хэн нэгнийг ийнхүү хөглөхийг би харсан сан бол саяын тохуутай жингэнэж одсон хувин шиг элэглэн хөхөрч байдаг. Гэвч энэ удаад яахин тэгнэ. Харин ч өрөвдөх, шимшрэх сэтгэл намайг голын хүйтэн жаврыг үл хайхруулан халууцуулж байгааг мэдэрлээ. Тэгээд сэтгэл минь "Юугаа бодсон юм, түргэн түүнд туслаач" гэж тархинд хашгирахад хоёр саваа хаяад мөсний халиа усыг үсчүүлэн охин дээр дэгдэж хүрэв. Намайг дэргэд нь очиход тэр мөстэй барьцалдсан гутлаасаа нэхмэл цагаан оймсоо шалавхийн авч өмслөө. Яг энэхэн мөчид надад толгой зулайнаас эхлэн хөлийн үзүүрийг чимчиртэл нэгэн сонихон долгио бүх биеийг тархан эзэмдэхүйд, хацар хагарах гэж байгаа мэт халуу шатав. Ингэж халуу шатах нь хүйтэн жаварт ягаарч улайсан уран шөмбөн хөлийг цагаан оймсонд зурсхийн шургуулснаас тэр. Охин танхилын хөлийг хором эгшинд харахын төдийд тийм гайхам мэдрэмж төрдгийг балчир жулдрайхан хөвгүүн би яаж ч мэдэх билээ дээ. Яах гэж тэнд очсоноо ч мартагнах шиг болов.

Надад мөснөөс гутлыг салгахад баахан хүч шаардагдсангүй, ховх татан авч өглөө. Хоёр гар минь ер бусын хүндтэй зүйл хийсэн мэт санагдана. Охин гутлаа өмсөхдөө над руу ер харсангүй. Гутлыг нь наалдуулсан мөсөнд ч юм уу, уурласан бололтой бээлийгээ түргэн түргэн өмсч байлаа.
Энэ хооронд би тэшүүртэй юм шиг гүйж, алдуурч өнхөрсөн хоёр хувинг нь авчирч өгөв. Ингэхэд тэр зэрмэгэр хар нүдээрээ над руу тогтуухан харж, нүүрэндээ үл ялиг инээмсэглэл тодруулаад, нэг юм хэлэх гэснээ болив бололтой уруулаа жимийн цааш огцом эргэн хэд алхаад усаа уудалж эхэллээ. Би түүний хажууханд суугаад усаа уудаллаа. Тэр зөвхөн ус уудлахдаа л бүх санаа бодлоо шингээсэн мэт. Сормуус нь үзүүрээсээ цантан цайрч дэрвийгээд, голын зэрлэг жаварт энхрийхэн цагаан шаргал царай нь яв ягаан болчихсон нь ер бусын хөөрхөн. Баруун хацрын нь үзэгдэх төдий жижигхэн хар мэнгэ, цэвэрхэн шөнтгөр хамар, үл мэдэг нууц давхраатай алаг нүд, тэгшхэн хоёр мөр тэргүүтэн бүгд нэгэн дор гоо үзэсгэлэнг бүрдүүлжээ. Харзын мөсөн эрэгт хатуу өвлөөр дэлбээлсэн хаш цэцэг адил солон-готой ажээ.

Гэнэт тэр:

-Усаа асгалгүй уудлаач! гээд инээмсэглэлээ нууж ядан харахад нь өөрийгөө ямархуу байдалтайгаа мэдлээ. Би шанага усныхаа талыг нь хувин руугаа, талыг нь гадуур асгаад байсан байж. Ус уудлахын дүр байдалтай суув чиг ухаан бодол маань чухамхүү үзэсгэлэнгийн өмнө бүхнийг мартагнан сатаарчээ.

Тэр цооног руу шанагаа хангир жингэр дуугарган түргэн түргэн хийж усаа уудалж дуусаад, хоёр хувинтай усаа цалгиулан бариад босч явлаа. Түрүүхэн мөсөнд наалдсан гутал нь улнаасаа мөстөөд, хальтирч уначих гээд байгаа харагдана.

Оройн жавар тачигнаж, дааран дэнжигнэн яваа түүний минь ус цалгиж цацагдаад хоёр хормой нь хэдийнэ мөстөн хөлджээ. Өвлийн богино үдэш бараантан нөмөрч, гэгээ бөхөөд, голын мөс хүйтнээр жингэнэн тачигнаж эхэллээ. Энэ жингэнээнд даарсандаа юу, угаас турьгүй нарийхан бие нь сөхөрчихөв үү, тэр маань дахиад л голын цэнхэр толион дээр тэнцвэр алдан өвдөглүүтээ босч ирэв. Энэ л мөчийг хүлээж байсан мэт уйгагүй мөшгөн дагагч би өөрийн савтай усаа орхин, түүнийхээ хоёр хувинтайг явуутаа шүүрээд мөсний захад гаргалаа. Тэр юу ч үл дуугаран араас минь алхаж байгааг мэдэрч байв.

Би түүний савтай усыг тавингуут, өөрийнхийгөө авахаар эргэтэл, тэр миний хоёр савтайг барин ирж зогсохдоо, даарч улайсан нүүрэндээ зориг муутайхан инээвхийлэл тодруулахад нь золтой л уйлчихсангүй. Нүдний аяга давж нулимс унаагүй ч, зүрх сэтгэлийн доторх уярал хайрын нулимсаа тэвчиж чадаагүйгээ мэдэрч байв.

Түүний хацар тоорын адил ув улаан болжээ. Норж хөлдсөн дээлийн нь хормой хөлдөөд дарр дарр хийнэ. Хоёр цагаан нэхий бээлий нь зүгээр л мод шиг унжжээ. Түрүүнээс хойш түүнийг өрөвдөж энхрийлсээр атал, ерөөс түүнийг шоглож дооглох бодол хэзээ ч төрдөггүй байтал энэ удаа хаанаас ч юм гайтай хар инээд гарч ирээд түсхийлгэчихдэг байна шүү. Ээ, бүү үзэгд гэж. Хяссан юм шиг ийм зүйл гэнэт бас болдог байжээ.

Утга учиргүй инээж, чиггүй тэнэглэснээ тэр дороо л би мэдлээ. Ямар ч хэрэггүй үед ингэж алмайран инээж хамаг сайн сайхныгаа балласан өөрийгөө зүхэхэд хожимджээ. Тэр хаанаас нь гарсан юм гэмээр хүч гаргаж, хөлдүү хормойтой дээл, бээлийнээсээ мөсөн бутардас үсэргэн савтай усаа барин огцом алхаад явчихав. Тэрхүү бутарсан мөсний нэгэн ширхэг талст хацарт шипхийн буухыг мэдрэх ч сөхөө байсангүй. Нэгдлийн тэжээлийн байрыг тойроод хувинтай ус, хөлдүү хормой хоёроо шаргиулан харшуулсаар тэр маань далд орлоо.

Би түүнийг насан үүрд гомдоочихсон юм шиг, дахиад ер хэзээ ч усанд дагаж явахгүй болчихсон мэт бодогдоход юутай ч зүйрлэмгүй зовлонд дарагдав. Алхам газар ч хорогдохгүй байгаа юм шиг санагдаж, яван явсаар тэжээлийн хашааг тойрч түүнд ил гарч ирэв. Өвлийн шөнө эхлэхийн өмнөх бүдэг бадаг гэгээнд хашааныхаа хаалганы өмнө зогсч байгаа нь танигдлаа. Надаас нэгмөсөн нүүр буруулчихсан бол ингэж зогсохгүй нь мэдээж санагдахаар, дахиж хэзээ ч, бүр юунд ч инээхгүй юм шүү гэж шүд зуулаа.

Агшин бүрээр харанхуй болж байлаа. Тэр хашаа руугаа орохгүй л байв. Би хөдөлгөөнгүй харан зогссоор л. Саахалтын зайтай тэндээс түүний хөөрхөн мишээл надад гэрэлтэн харагдсаар. Тэр мишээлийг би нүднээсээ илүү сэтгэлдээ тод харж байв. Саяхны ээдрээ гуниг юу ч үгүй алга болж, би тэнгэрт хөөрөхөд бэлэн хөвсөлзжээ.

Нэгдлийн даргын шар тэрэг сумаар нэг гэрлээ шилбүүрдэн тэднийхийг чиглэхэд тэр минь над руу энэ орой эцсийн удаа гэрэлтэн хараад, хашаа руугаа орчихов. Миний дотор баяр баясгалангаар дүүрч бялхжээ. Түүнийг надаас нуусан ногоон дааман машины гэрэлд тодрохыг цоо ширтсэн чигтээ хоёр савтай усаа аван "Ура" хашгиран хүчтэй алхтал урд хормойноос нэг юм татах шиг болоод, тэр мөртөө урагш тонгорцоглон уналаа. Гэгээн догдлолт энэ л сайхан хормуудад би зөвхөн түүнийгээ харж зогсохдоо хувинтай усандаа хормойгоо дүрээд хөлдөөчихсөн байжээ. Намайг тойрон хавиар нэлийн асгарсан ус агшин зуур мөстөн хөлдөхдөө тэнгэрийн од эрхэсийг шигтгэн гэрэлтүүлж гялбалзуулахад, гар минь тэсэхийн аргагүйгээр даарч байгааг сая л мэдлээ.




МЗЭ-ийн шагналт зохиолч Б.ЗОЛБАЯР

3 comments:

Anonymous said...

Өө "Хавар ай"-гаас хойш харагдахгүй бүр зовоосон юм, энэ Золбаяртан. Ашгүй блогтоо морилж биднийгээ гийгүүллээ. Сайхан бичих юм аа. Баярлалаа. БМ

deggui busgui said...

сайхан болжээ... Би таны эсээ нийтлэлийн онцлогоор бие даалт хийж байгаа...МУИС ийн сэтнүүл зүйн ангийнхан таниас үлнэр дуурайлал авдаг болсоон...

Anonymous said...

Жжж