Цас өдлөхүйн үест
Бороо намихуйн хязгаарт
Цааш, Мексикт одов
Наритагийн онгоцны буудалд бяцхан үдлээд, дараагийн нислэгийн бүхээгт орсон бидний нөхөд ийнхүү хайку зохиож эхлэв. Монголд хэдийнэ цас ороод эхэлчихсэн, харин Токиод бороо намирч угтсан юм. Мексикт бол халуун л байгаа тухай мэдээлэлтэй.
Онгоцоор удаан хугацаанд зорчиход цаг өнгөрөхгүйн нэгэн төвөг бий. Яг тэрхүү нисэн үргэлжилж буй цагуудад нажидтай, алжаалтай нь яриангүй. Гэвч үл давтагдах цаг хугацааны мөчлөг бүр бидэнд үнэтэй, эргэж олддоггүй. Тиймээс зуур хором бүрт санаа сэтгэлдээ үлдэхүйц гэгээн эрэл, мөрөөдөл итгэлийн харгуй мөшгөж явахуй юуны буруутай. Ер нь ч тэгэх ёстой. Энэ хорвоо өөрөө танин мэдэх эрлийн хорвоо. Бид ч бас тийм л эрлийн замаар Америкийн өмнөд эргийг чиглэн нисч яваа нь энэ. Ц.Бавуудорж найрагч тэрүүхэн зэргэлдээ суудлаас,Токиогийн хүүхнүүдээс
Торгон бэлхүүс харсангүй
Башё чи юу хийсэн юм бэ гээд инээж байна. Токиод тэрүүхэн зуурт саатахдаа бид эндхийн хүүхнүүдийн шилбэ болоод бэлхүүс, ер бүхий гоо сайхны нь тухайд жаахан "шүүмжлэлтэй" хандсаныг ийнхүү илэрхийлж байгаа хэрэг. Эр хүний нүд, тэр тусмаа уран бүтээлч хүний мэлмий ертөнцийн бүсгүйчүүдийг харахаас хором ч ангид байж чаддаггүй нь үнэн. Ямартаа л З.Түмэнжаргал авгай "Нүдээрээ л уруул дээр чинь үнсье" хэмээх вэ дээ. Бавуугийн саяын энэхүү хайкуг ингэж тайлж болмоор. Ертөнцийн хайкучийн хүндэтгэлтэйд юу хэлэх билээ. Гагцхүү та хайкуд л бүхнийг зориулахдаа хүүхнүүдийнхээ гоо сайханг мартжээ гэсэн егөө агуулагдаад байгаа юм. Зүй нь бол шүлгээ бичээд, бас зүс үзэсгэлэнт япон охидын хожмын гоо сайханд "бэхээ" найрсуулахаа яахин умартаж болно гэсэн шиг ёгтлол шингээсэн шиг санагдана. Мөн бүүр өөр нэг сэдэл бас байна. Тэр бол Энэтхэгээ санагалзсан явдал. Мадраст өмнөхөн жил явж ирээд тэрбээр,
Алив Энэтхэг минь,
хонгор минь
Алтан саарыгаа тайл
Нүцгэнээр чинь чамайг
тэвэрмээр байна
Нүүрэндээ энгэрийг чинь наамаар байна гэж бичсэн юм. Дорнын охидоо бодож, харьцуулж яваа нь энэ. Бавуу найрагч энэ удаа "Дорно зүгт өвс болно" номоо англи хэл дээр хэвлүүлээд авч яваа. Үүнийг номын багш Г.Мэнд-Ооёо нь,
Бавуугийн номыг
Баруунд хүргэхээр
Дорнод одов хэмээн шүлэглэж байна. Нээрээ, баруун зүгт баймаар харагдаад байгаа Мексик рүү дорно тийш чинадлан одох юм. "Аэро Мехико"-гийн аварга том хөлгийн чанх голд зэрэгцэн суусан таван монгол нэг иймэрхүү донж маягтай нисч явлаа. Бизъяагийн Дашзэвэг гуай маань тун саяхан өөрийн бие даасан уран бүтээлийн тоглолтоо хийсэн. Ийш зорчихын өмнөх хэд хоногт мөнөөх баахан ажилтай байсны тул эдүгээ бүгдийг умартан цэнгэсүгэй гэсэн шиг байдалтай харагдана. Хэзээний цэмцгэр, мөн тэгээд найрсаг дотно хандлагыг үргэлж үзүүлж сууна. Цагаан зангиатай, цагаан гуталтай. Цагаан гутлаа тайлж цав цагаан оймстой хөлөө гаргаад суучихсан, ганган эр шүү.
Данзангийн Нямаа найрагч зэгсэн баяр баясгалантай явна. Түүнд гуниг угаас үл зохих агаад инээд хөөр, дуу шуутайхан л байвал Нямаа Нямаагаараа байгаа нь тэр. Ийнхүү цог золбоолог яваадаа баахан сэтгэл хангалуун. Үе үехэн "Үгүй ээ, нээрээ...," хэмээн шогширч догдолсон өнгөөр хэлж, таатай малилзмой.
Тэгснээ,
Номхон далай дээгүүр
Виски шимж явахад
Ногтруун дуут хээр тал
Бага нас минь бодогдов хэмээн шүлэглэж байна. Алс замд, сэтгэл нийлж, дөрөө харшиж энэ мэт явах сайхаан. Бид яваад л байлаа, яваад л байлаа. Үүрэглэж, унтаж, босч, сууж, бас цаасан хундагатайг тулгаж явав. Даруй арван нэгэн цаг нисчээ. Японд нисэн очсон, тэндээс үргэлжлэн зорчсон цагаа тооцвол хэдийнэ шөнө болох. Гэвч Америкийн баруун өмнөд эргийг уруудан ийнхүү явахад гэрэлт өдрөөрөө. Лос-Анжелес, Сиэтл, Сан Диего хотуудын саравч өндөрлөгийг имжин ниссээр нэгэн том хотын дээгүүр байшин шүргэх шахуу доошлон төд удалгүй онгоц маань буугаатахав шүү. Бидэнтэй зэргэлдээ сууж ирсэн Дуси гэсэн шиг билээ дээ, охиноос "Мехико мөн үү" гэтэл баяртай нь аргагүй толгой дохиж байна. Өөрөө ч Мехикод очно гэж ойлгуулсан юм. Бид эрт ирсэндээ, "Өглөө зургаад гарсан улс, өдрийнхөө 14 цагт Мехикод, үгүй нээрээ," гэлцэн олзуурхацгаагаад буулаа даа. Хил гаалиар ч нэвтэрлээ. Ачаагаа авъя гэлцтэл биш болоод явчихлаа. "Мехико биш ээ, энэ бол Тихюуна" гэж байна. Хөөр хөгжөөн болсоор буцан онгоцондоо суулаа. Тихюуна бол хил гаалиар нэвтрүүлдэг нэгдсэн боомт хот бололтой юм. "Бор бааздуухан, энэ чинь харин, манайхантай их төстэй юм уу даа" гэлцэцгээснийг яана. Улаанбаатарт буух юм бодож явтал Увст буулгачихбал нэг иймэрхүү санагдана даа гэж ярьсаар хөгжсөөр, нэг мэдэхэд Мехикод газардлаа. Дөрвөн цаг нисчээ. Мексикт байгаа хоёр монгол маань тосоод зогсч байна. Зуу гаруй сая хүнтэй энэ том орны нийслэлийн онгоцны буудал дээр тэнд амьдарч байгаа бүх монголчууд маань угтав. Үүнээс сайхан зүйл гэж юу байх билээ. Баасанхүүгийн Инжбадар хэмээх сайхан залуу байна. Шаламгай хурдан, гялалзсан овсгоотой байрын эр. Дэлхийн яруу найрагчдын их хурал Акапулко хотод болох учиртай. Шууд тийш нисье гэвэл цагийн дараа онгоц ниснэ. Үнэ нь таван хүний таван зуу гаруй доллар болно гээд хэлж байна. Манайхан янз нь Мехикодоо хоноё гэсэн байртай байцгаана. Хурлын нээлт нөгөөдөр, тэгээд одоо нэгэнт үдэш орой болчихсон, бас замын алжаал багагүйн шалтгаанууд биднийг Мехико хотод хоноход санал нэгдүүллээ. Шөнийн Мехико тод гойдын гэрэл гялбаа үгүй. Гудамжаар алхаж хөлхөх хүмүүс олонгүй. Уг нь бас ч тийм орой болоогүй байна санж. Үдшийн хорин нэгэн цагийн л орчим. Манай Инжээ мэдээлэл тавьж байна. Мехико дэлхийн хамгийн олон хүнтэй хотуудын нэг. Хорин зургаан сая. Монголын хүн амаас хорь дахин илүү. Мехсикт гэмт хэрэг их. Дээрэм тонуул, хүчин, хөнөөл. Гэмт хэргийн илрүүлэлт гурван хувь. Шинэ Ерөнхийлөгчтэй болоод удаагүй байгаа. Тэр гэмт хэрэгтэй маш сайн тэмцэж байгаа. Илрүүлэлт 0,3 хувь өссөн. Ард түмэн машид ам сайтай байгаа. Мексикчүүд Америкт цагаачлахыг эрмэлздэг. Америкт гаргадаг сүлжээ хүртэл бий. Арван мянган доллар төлөх хэрэгтэй гэсэн. Эхлээд таван мянгаа, үлдсэнийг нь Америкт байх гэр оромжид нь хүргээд авдаг. Мехикогийн хүүхнүүд банзал өмсдөггүй. Эрсдэлтэй. Өмд нь гурван товчтой. Зарим тохиолдолд товч нь кодоор тайлагдахаар бүтээгдсэн байх нь бий. Хүчиндүүлж мэдэх эрсдэл ихтэйн тул чингэнэ. Энэ мэт ярив. Дан.Нямаа ах руугаа харлаа. Мөрөө хавчаад чимээгүй номхон сууж байна. Тэрүүхэн зуурт машинд бүгд чимээгүй болцгоочихож. Хэт түгшүүртэй өнгөнөөс ярьснаа анзаарав бололтой, мань Инжээ" Гэхдээ алзахгүй ээ" гээд инээвхийлж байна. Бавуу тэндээс "Горьгүй л юм байна даа. Гайгүй биз дээ, гэхдээ" хэмээн нэлээд тайвуухан өгүүлэхэд бүгдээрээ л "Тийм дээ, гайгүй, гайгүй" гэлцэн толгой дохицгоов. Мексикийн хоёр монголын нэг Отгонзул маань нэгэн хямд бөгөөд аятай буудал мэдэхээ боломжтой эсэхийг лавлахаар явав. Энэ хооронд нэгэн зочид буудлын зоогийн газарт хооллолоо. Монголоос энэ олон хүн, тэгээд зохиолчид ирэв хэмээн Б.Инжбадар маань хөхин баясч мексик сархад "Текюүла"-гаар дайллаа. Өмнө нь нэгэнтээ хүртэж байсан ч, энэ удаа илүү гойд амт чанартай санагдав. Аргагүй биз дээ, исгэж нэрдэг, хөхүүр жалавч нь энд л буй юм шүү дээ. Отгонзул маань ч ороод ирлээ. Буудал байна гэнэ. Инжээ "Найдвартай биз. Дэлбэлүүлчихвэл баларна..." гэхтэй зэрэг дахин цочицгоож байна. Г.Мэнд-Ооёо найрагч хэзээний амгалан царайгаа төв болгоод "Буудалтай болчихоор болоод явчих нь тэр" гээд шөлөө оочиж сууна. Тэндээсээ өнөө буудалдаа очлоо. Яриангүй аятайхан буудал. Тохитой цэвэрхэн. Харин буудлын хоёр талд мексик бүжгийн "догшин" аялгуу бөмбөрдөх нь "Энд ч сайчууд л цугласан байгаа даа" гэх бодол төрүүлнэ.

Мексикт, Мехикод ирснийх, Г.Мэнд-Ооёо тэргүүнийхээ өрөөнд цуглалаа. Ганзагалаа савныхаа юмыг гаргав. Монголын мехикочууддаа ном, сархад, хорхой ааруул тэргүүтэн бэлгээ өглөө. Цаасан уутанд савласан хэдэн хорхой ааруул богцолсныг хил дээр хурааснаас сэргэлэнтэж байж нэгийг авч үлдсэн юм. Ингээд аян замдаа сайн явж ирсэн, маргааш Мехикогоор аялна, хуралдаа сууна, та хоёртойгоо энд, хаа байсан Мексикт ингэж уулзах гэж гэх жишээний, хөөрөлгөн яриа, баяр баясалдаа биднүүс хэдийнэ халаад, юун өнөөх саяхны айж цочих, ор мөргүй болжээ. Бүгд л шүлэг уншлаа. Сайхнаас сайхан байв. Зургаагийн зургаан эрийн дунд Отгонзул маань гэрэлт дэн мэт удаан суугаад язгуурын монгол хүүхний түгээмэл чанар зааж гэр рүүгээ явна гэлээ. Түүнийх манай буудлаас тун холгүй ажээ. Инжээ, Бавуу бид гурав түүнийг хүргэж өгөхөөр гарлаа. Гудамж бараг эзгүй. Баахан халамцуу хэдэн залуус дуу аялагнан, хэлхэлдэн гудамжаар явахдаа халуунаар тэврэлдэн үнсэлдэцгээнэ. Охидоо үлэмж эрээгүйгээр илж таалах бөгөөд цаадах нь тэгэхээс тэг гэсэн шиг нуруугаа хотойлгон өгзөг хонгоо тонтойлгох нь хачин тачаангуй.
Харин тэдний хажуугаар гурван монгол залуу нэгэн монгол бүсгүйг гэрт нь дөхүүлж явна. Ховорхон л тохиол, Мехикогийн үдэш. "Мексикт нэг удаа..," гэж Зулаа хожим ярих биз. "Сайхан амраарай" гэж хэлээд түүний үүднээс буцлаа. Тэгээд буцан буудлынхаа үүдэнд ирвээс,
Саруулхан шөнө гадаа
үүдэнд
Хад сандайлж суухад
Сарны гэрэлд
Сархад уухад
Сайхан байх даа гэж санагдсан..., хэмээх мөрүүдтэй их Нямсүрэнгийн шүлэг санаанд орж байв шүү дээ.
Мехикод ирсэн шөнө нам унтаж орхижээ. Улаанбаатарт гал үд болж байхад энд гүн шөнө болж байдаг. Гэвч замын алжаал, жүнз уруулдсаны шид нийлээд сайн л унтуулаатахаж. Нүүрээ угаачихаад цонхны наахна очиж харвал, сормууснаа бөнжигнөх усан дусалд хотын хөдөлгөөн ойгоод сонихон чиг ээ.
Мехикогоос холгүй нэгэн дурсгалт газар байдаг байна. Өмнө нь телевизээр үзэж байсан. Яагаав, пирамид. Түүнийг үзэхээр санал нэгдэв. Буудлын өмнө бидний өчигдөр үдэш хөлөглөж ирсэн дүнхийсэн ногоон "Шевролит" ирээд зогсчихжээ. Энэ бол Мексик дэх Монголын өргөмжит консул Жорж Ранжил Ди Албагийн бидэнд илгээсэн унаа. Энэ эрхэм бээр Б.Инжбадарын хэлэхээр бол Мехикогийн өндөр эрэмбэд тэргүүлэх бийлэгжүү эрсийн нэг юм билээ. Ингээд хөдөллөө, пирамид тийш. Мехикод өндөр, сондгой байшин ховор юм. Жигдхэн, нэгэн хэвийн байшингууд эрийтэл үргэлжлэх бөгөөд энэ нь хүмүүсийн амьдралын түвшин нийтлэгийн толь болж үзэгдэнэ. Гял цал оргиод, сүрдэж бишүүрхүүлэх аяс огтоос төрүүлэхгүй бөгөөд харин ч эерэг дулаан, энгийн уур амьсгал мэдрэгдэнэ. Хээр талаар давхиж яваад хэзээний мэдэх сумын төвийн банзан хашаатай гудам руу ороод ирэхээр ямархан чиг нэг дулаахан өөриймсөг байдаг билээ, тиймэрхүү л бодол төрүүлж байлаа. Мексикийн дэд бүтэц, зам харгуй муугүй юм. Лав л манай нийслэлийн замтай харьцуулшгүй. Мексик бурхнаас хол ч, Америкт ойр гэдгийн тусгал ч юм уу, алтны хажуу дахь гууль ямар нэг хэмжээгээр шарлаа л даа.
Бидний машин ердөө дөч гаруйхан минут давхиад пирамидын хүрээнд буучихлаа. Эл гайхамшигт тогтоцыг тойруулан бүрдүүлсэн цэцэрлэгт хүрээлэн гоё. Бидний тасалгаандаа тарьдаг зуун наст, кактус тэнд л нэг байна. Байх байхдаа аварга том бутаараа, бухалдсан өвс шиг дүнхийгээд, арвайж сарвайгаад байж байх юм. Мексикчүүдийн сархдаа бүтээн нэрдэг үндэс сурвалж ч энэ зуун наст болдог гэх. Мексикчүүд бор дарсны боловсрол өндөртэй байж мэднэ. Сайн балгацгаадаг гэнэ лээ. Гэхдээ байна аа, нэг сайн уучихаад, гурав хоногтоо элгээ амраана аа гээд өөрийгөө ялаад сурчихсан гэж байгаа.
Египетийн пирамидын дараа орох сүр жавхлантай ийм урлалыг мексикчүүдийн өвөг дээдэс бүтээсэн нь манай тооллын өмнөх мянга таван зууны оных гэнэ ээ. Маш эртний соёлтой ард түмэн байжээ. Ийнхүү бодсоор цац суварга тийш дөтлөхүй ер бусын гайхамшигтай зүйл болох нь мэдрэгдээд эхэлнэ. Үлэмж аварга гуранзны толгой газраас цухуйх мэт сааралтан ягаарч харагдаад, тэрхүү байгууламжийн шатаар өгсч уруудах хүмүүс шоргоолж мэт эрэлзэж үзэгдэнэ. Галт уулын хүрмэн чулуугаар эртний тэр хүмүүс чухам "тогложээ". Дөрвөлжилж, шоочилж, гурвалжилж мөнчиг олон хэлбэрээр засаад үүнийгээ өрж, зүйж, өнгөлж нааж бүтээсэн аугаа суварга юм. Халуухан нартай энэ л нутгийн, хүрэн зандан л биетэй байсан болов уу тэдгээр хүмүүс хэдэн жилийн бороо хур, ангал цангал дор хичнээн бэрх цаг тоог гэтэлж бүтээхээрээ ийм юм босгодог бол доо гэсэн бишрэл, эргэлзэл, тээнэгэлзэл зэрэгцсэн бодол хөвөрнө.
Урлаж, хээнцэрлэсний нь үзвээс тэр олон мянган жилийн өмнөх мексик өвөг дээдсийн ухаан, соёл, өвлүүлэхүйн эрдэм хосгүй. Ертөнцийн хаана ч явсан, гайхамшигт зүйлсийг харан дуу алдах, үзэн баясахын дээд долгионд гагцхүү хүний л бүтээл туурвил хөг оруулмуй.
Энэхүү аугаа цац суварга түүнийг хүрээлсэн байгууламж бол эртний их том хотын туурь юм. Хүмүүсийн амьдарч байсан өрөө тасалгаа, тэр битгий хэл цэвэр бохирыг сэлгүүлэх зохицуулалтыг хүртэл хийсэн байгаа юм шүү дээ. Хөгжил бол боломж туйлчлагдахуйн үр дүн санагддаг. Өнөөдрийн дэлхий ертөнцийн шинжлэх ухаан, техникийн хөгжил гайхамшигтай нь үнэн. Гэвч энэ гайхамшгаас илүү гайхамшгуудыг хүн төрөлхтөн хөгжлийн хамгийн язгуур анхдагч үеүддээ бүтээсэн мэт. Энд мөнөөх боломжийн ялгааны тухай өгүүлж байна. Манай тооллын өмнөх мянга таван зуун оны, өнөөдрийн эриний хоорондох бүтээхүйн боломж.
Бид аварга цац суваргын шатаар өгссөөр оройд нь гарлаа. Маш болгоомжтой явахгүй бол унаж мэднэ. Түүдэг шиг хийсчихвэл яана гэж бодогдоно. Суваргын яг орой дээр, хүний толгойгоор зүйрлэх юм бол үсэн эргүүлгийн нь төвд үхрийн нүдэн чинээ мөнгөн цэг байх ажээ. Хайлуулаад цутгачихсан юм шиг. Үүн дээр хүмүүс эрхий хурууныхаа өндгийг хүргэж эрч хүч, ариуслыг биедээ шингээж авдаг гэнэ. Бид ч мөн тийнхүү үйлдэж, үй олон хүний эрхийд нийлсээр байгаад цав цагаан болсон мөнгөн цэгт хурууныхаа хээг эгшин зуурт барлав. Ингэж өөрийн бие махбодийн ширхэг найлзуураа таниулсаан.
Тэнд ийм нэг төсөөлөл төрнө. Суваргын дээрх мөнгөн ялтас өдөр нартай алтан туяагаар холбогдоно. Шөнө сартай мөнгөн туяагаар холбогдоно. Ингэж наран саран эрхэстэй өдөр шөнө ээлжлэн алтан мөнгөн туяагаар соронзолдох нь магад сайн энергийн цучилтай болов уу. Өдөр суваргын орой дээр байхад, наранд ойртчихсон юм шиг халуу шатна. Үдэш сарнаар энд ганцаар суувал ямархан мэдрэмж төрөх бол доо гэж бодогдоно. Тэнгэрийн аль нэгэн од мөнгөн ялтаснаа "ирж" мөргөөд, буцан харвадаг ч юм билүү, яахин мэднэ.
Ийм нэг хүний гараар бүтээгдсэн гайхамшигт уул- суварганаа гараад буулаа. Энэ гайхам байгууламжийг 1960-аад оны сүүлээр аглаг хээрт ямаа хариулж явсан хүү анх мэдсэнээр, ухаж малтан гаргаад, эрт өмнийн үзэмжит хотын туурийг сэргээн засварласан нь эдүгээгийн дэлхийн хүмүүсийн мэлмийнээ хүртээгджээ.
Суваргын энэ орчмын бүсэд аялал жуулчлалын хүмүүст зориулсан худалдааны мухлагууд олон. Мексикийн үндэсний хувцаснууд, далбагар далбагар том малгайнууд, нөмрөг ороолтнууд, мөнгөн болон модон эдлэлүүд янз янзаараа. Наймаа хийж байгаа нь барьцгүй. Дөрвөн зуун песоны үнэтэй зүйлийг, ярьж хэлэлцэж байгаад зууд авчих нь энүүхэнд. Ер нь бол жуулчдад санасан үнээ л хэлээд тавьчихдаг бололтой. Мексикийн үндэсний мөнгөн тэмдэгт песо бас ч муугүй ханштай. Зуун доллар мянга хоёр зуун песо болж байна лээ. Бидний нөхөд энтээ явж энэ тэрхэн, тэрүүхнээр алхаж наана цаана болж байтал өдрийн тал барагджээ.
Ингээд манай багийн дөрвөн гишүүн Б.Инжбадарын хамт Акапулко тийш одлоо. Харин миний бие Мехикод нэгэн хоног саатах шалтгаан байсан тул үлдлээ. Мехикод, ер нь Мексикт түгээмэл юм шиг билээ, нум эвшээлгэсэн эмэгтэйн хөшөө байх. Эмэгтэйн гоё хонго ер бусын чилгэр. Зорсон мэт. Энгэрийн нь хоёр бумба нисэх шувуудын тэмүүлэлтэй бөгөөд аяган хэлбэртэй, нандин яруу. Энэ бол мексикчүүдийн уг сурвалж, эцэг дээдсүүдийн язгуур домгийн баатар анч бүсгүйн хөшөө юм. Эл хөшөөнд илэрхийлэгдсэн тэрхүү эрэмгий тэмүүлэлт, яруу сайхан бие цогцос болбоос мексик хүүхнүүдийн үндсэн үлгэр авах хэв, даган дуурайх загвар ажээ. Тиймээс ч мексик хүүхнүүдийн бие галбир хэний ч өмнө харц итгэлгүйдэх шалтгаангүй байна. Бүсгүй хүний гоо урин, илэрхий тачаангуй байдлыг өгзөг, бумба хоёр нь чимэх бөлгөө. Алиман өгзөг, сэргэр бумба. Ийм нэг тогтсон, төгөлдөршсөн гэмээр бие галбирын заяамал чимэг мексик хүүхнүүдэд хамгийн хүртээмжтэй хуваарлигджээ гэхэд болно. Мексик хүүхнүүд бол үнэхээрийн нэг тийм харууштай, нүд булаасан хүүхнүүд болох нь тэрхүү өөр бусад үндэстний хүүхнүүдээс эрс ялгагдам биеийн нь сайханд байна. Чингээд давхраатай алаг нүд, зургар тод хөмсөг, машид зохицолт хэв бүхий бор борхон уруул юу бүгд нь сайхнаас сайхан төрснийг нь илтгэмой. Биеийн нь өнгө бов бор. Бүр тос даасан мэт. Булбарай булбарай.
Эрчүүд нь ч мөн тийм яргай булчинлаг биетэй. Яаж ч мэдэхээр байрын гүжирмэг төрхтэй. Нуусан мэт боловч, тэр нь мэдэгдээд байх хүсэл тачаалын манант бор нүдтэй. Мексикийн гарамгай яруу найрагч Хайми Сабинэсийн ийм мөрүүд байдаг.
Нүүрсэн дээр гишгэхийн
тулд би гутлаа тайлав
Нүцгэнээрээ чамайг
тэврэхийн тулд арьсаа тайлав
Чамайг хайрлахын тулд
би биеэ тайлав
Чамд хувирахын тулд сэтгэлээ тайлав гэж. Энэ бол мексикчүүдийн халуун дурлалт, хүсэл тачаалт хүмүүс болохын илэрхийлэл юм уу даа.
Мехикогийн гудамжинд хэсэг хүмүүс эсэргүүцлийн цуглаан хийж байна гэж Зулаа надад тайлбарлав. Нэг бүдүүн эмэгтэй "Шаардаж байна, шаардаж байна" л гээд байгаа бололтой бүдүүн бүдүүн дуугаар цагаан хоолой амандаа наачихсан хашгична. Зуу гаруй л хүн байсан байх. Хэн эд нарыг сонсож байгаа нь бүү мэд. Гудамжаар дүүрэн урсах хүмүүсийн дотор өнөө жагсаалынхан хаана байгаа нь мэдэгдэх юм алга. Гэмт хэргийн илрүүлэлт гурван хувьтай хотод эсэргүүцлийн жагсаал цуглаанаас гарах үр дүн ч юу л бол доо гэж бодогдмоор.
Мехикогийн төв талбайд үдэш номын үзэсгэлэн яармаг гарч байна. Сүхбаатарын талбайгаас томгүй, жижиг ч байж мэдэхээр санагдсан. Гэрэл гэгээ муутайхан юм.
Тэндээс Отгонзултайгаа хамт нэгэн бичил зоогийн газар орж хоол идлээ. Шарсан мах, гамбиртай шөл, халуун ногоогоор амталсан элдэв дээдийн хоол байна. Энд монгол хүн хоолны тухайд асуудалгүй. Бидэнд боломжийн сэтгэгдэл төрүүлэхүйц хоолны жортой юм билээ.
Одоо би та бүхэнд Мехикогийн монгол бүсгүй Отгонзулынхаа тухай өгүүлье. Эрдэнэтийн охин. Тэр энд ирээд арван оныг үдээд байгаа. Анх төрсөн эгч нь энд мексик хүнтэй гэр бүл болоод түүнийг урьж. Гэвч Зулааг ирээд тун удаагүй байтал, зургаан сарын дараа нөхрийн хамт Америкт ажил амьдралын эрхээр явжээ. Ингэснээр Мехикогийн монгол бүсгүйн ганцаарын амьдрал эхэлсэн. Зулаа юу хийж амьдардаг нь сонин. Тэр сурталчилгаанд зураг авахуулж, үүнийхээ шан харамжаар мөнгө олж амьдардаг. Заримдаа таван мянган ч доллар олчих үе бий бол, юу ч үгүй өдрүүд цөөнгүй гэнэ. Энэ том хотод ганц монгол бүсгүй ингэж амьдраад, хэний ч дор орохооргүй явааг бахдууштай. Түүнд чиспа нэртэй цагаан хав бий. Гэхдээ энэ хоёр ханьсаад удаагүй юм билээ. Зургаа, долоон сар л болж байгаагаа хэлж байв. Зулаа үдэш орой ороолт нэхнэ. Энэ бол түүний өөрийгөө зугаацуулах, цагийг өнгөрөөх шилдэг арга бололтой. Тэр испаниар дуржигнатал ярих боловч, илүү олон үггүй юм. Ганцаарын бие даасан урт удаан амьдрал түүнд ийм хэв дадлыг бий болгожээ. "Монгол руугаа буцахгүй юм уу" гэвэл "Болоогүй" гэх юм. Харин Америк гарах бодолтой юм шиг билээ. Ийм нэг монгол бүсгүй тийнхүү амьдарч байна. Үдэш, Мехикогийн нэг өдрөө эргэцүүлж хэвтэхдээ Зулаагийн бие даасан, хатуужилт чанарыг бахархаж байлаа. Бас мексик өвгүүдийн гайхамшигт бүтээл цац суваргын тухай бодов. Мел Гибсоны "Акакулипто" кинон дээр наранд хүнээр өргөл барихдаа орой дээр нь авчран өрлөдөг өндөр суваргууд гардаг. Түүнтэй яг ижил суварга болохыг Зулаа хэлж өгсөн. Холгүй нэг хотод тэр киноны зургийг авсан тухай өгүүлж байна билээ. Тэр киноны үйл явдлыг санахнээ нь, аймшигтай санагдаж, тэгээд жаахан хүүхэд шиг эвгүйцсэндээ инээд хүрч байлаа.
Мехикод нөхдөөсөө үлдэж нэг хоносон нь цаг зогсоочихсон юм шиг удаан өнгөрлөө. Үдийн хугасыг ирээдүй мэт хүлээн өнгөрөөгөөд, Акапулко зорчих онгоцны тасалбар аваад хөөрхөн догдолж байна. Улаанбаатараас зундаа нэг нутаг явахын урьд өдрийнх шиг гэгэлзэж байна гээч. Урьд үдэш, манай хэд тэнд очсон. Дан.Нямаа ах тээр орой "Үгүй ээ, нээрээ, энд хачин гоё байна. Хүүхнүүд нь намайг ирээ юү, ашгүй юун сайн юм бэ гээд тэвэрч аваад үнсч байна шүү дээ" гэснээ "Одоо доош бууж бүжгэнд орлоо. Жаахан сэвнэ байгаа" гээд жингэнүүлсэн нь үнэхээр тийм юм болов уу, үгүй юу гэхээс эхлээд байж ядуулнаа даа. Аялал бол энэ мэт хөгжилдөөн,үнэн худал нь сонин биш мааз маахуутай байхаараа сайхан л даа. Ер нь бол найрагч Данзангийн Нямааг Акапулкогийн хүүхнүүд тийнхүү тосч авсан бол түүнээс аятай нь хаа байх вэ.
Мехикогийн их үдэд онгоцны төв буудлаас ганцаар Акапулко руу нислээ. Манай хэд урьд өдөр нь машинаар зургаан цаг давхиж очсон мөнөөх хотод онгоц хөөрөв үү, үгүй юү буучихав. Мэлийсэн цэнхэр усан дээр л буучихмаар аятай доошилсоор газардахдаа, тэр хавийн мод бутсыг Д.Урианхай ахын нэгэнтээ бичсэн шиг бөхийлгөн бөхийлгөн залбируулав. Нэг аяга цай ууж, жижигхэн ууттай самраас ганц нэгийг шоглох төдийд мянга хоёр зуун песоны үнэтэй, зургаан зуун километрийн алслалтай нислэг гүйцээ. Тэрүүхэн цаг хүрэхтэй, үгүйтэй хугацаанд онгоцны цонхоор ажвал ногоон модон хүрэм, шар усан хажлагатай уулсыг даван ниссээр ирэв. Ус тийнхүү шар хоормог адил харагдах нь үргэлжийн бороо хуртайнх.
Акапулкогийн онгоцны буудалд хөл тавихнаа нь чийглэг халуун амьсгал пүнхийн "дараад" авлаа.
Нүүртээ гараа хүргэвэл ууранд утсан мэт болчихож. Шууд таксинд суулаа. "Emporio" зочид буудал хүрнэ гэж жолоочид хэлэв. Тэр толгой дохиут, саяын сууж ирсэн онгоцноос дутуугүй давхихыг нь "Аядуу, аядуу" гэмээр байв. Акапулко уул арлын хот. Арал уулын ам дэвсэг, ар сэрвэнгүй суурьшицгаасан мексикчүүдийн оромж байшингууд бүхий л чигээрээ моддын дунд. Зам харгуй нь аргагүй л арлын зам даа, давчуу бачуу. Уулсын энгэр бэл ороон давхих машиныхаа цонхоор харвал гүн цэнхэр далай хязгааргүй дайдлан холхи алсад манантан будантана. Мексикийн шилдэг найрагч, зөвшөөрөгдсөн мүсэрч, Нобелийн утга зохиолын шагналт Октавио Пазын,
Тэнгэр газрын савслага сарниж,
тэнүүлч салхин цэцэгсээр наадав
Тэнгисийн хөөсрөх долгион дунд
нүцгэн бүсгүй умбан зугаацав гэсэн мөр санаанд орж байлаа. Акапулкогийн охид дэрвэгэр оготор банзалтай явцгааж байх нь сонирхол татав. Акапулко аялал жуулчлалын хот. Гадныхныг аятай таатай амруулах үүднээс тус хотод хэв журам сахиулах өндөр хамгаалалтынхан ажилладаг. Гурван ч түвшний давхар хамгаалалттай гэж жолооч нөхрийн өгүүлэх, зангаж дохин илэрхийлэхээс хальт мөлт ойлгов. Бодоожийн ч тийм юм даа. Тиймээс эрх чөлөөлөг байдалтай аж төрөх нь тэр. Ингээд дөчөөд минут давхисан байх. Машины цонхоор наана хараад явж байтал буудал дээрээ ирээтэхжээ. Үүдэнд нь "Дэлхийн яруу найрагчдын ХХVIII их хурал" гээд биччихэж. Тэгтэл ч буудлын тунгалаг шилэн хаалганы цаанаас Бавуу найрагч дүнхийтэл тосоод гараад ирлээ. Сэтгэлд маш сайхан санагдав. Хаа байсан алс Мексикт атлаа гэртээ ирж байгаа юм шиг "Emporio"-доо буухад, ханхайсан сайхан найрагчийг тосон гараад ирэхүй "Үдшийн бүрийгээр ирэх сайхан" гэдэг шиг санагдлаа. Манай хэд ирээд нэг хоночихсон улс, акапулкожчихжээ. Хурлын нээлт болоод зочид найрагчид нэгэнтэйгээ нөхөрсөг дулаанаар ярилцах нь ярилцаж, тэврэлдэх нь тэврэлдэх тэр найрсаг амьсгалд шууд л орж явчихав. Г.Мэнд-Ооёо эрхэм хэзээний танил дотно нөхдөөрөө бүчүүлчихсэн зогсч байна. Улирагч жил Энэтхэгийн Мадраст тэрбээр очиж амжаагүй бөгөөд түүнийг сураглан сэтгэл тавигсад баахан олон байсан билээ. Тэдгээрийн бах тав энд ханаж байгаа янзтай. Энэ найрагч дэлхийн утга зохиолын тодорхой хүрээнийхэнд нэгэнт өөрийн завилгаатай болжээ. Нөгөөтэйгүүр түүний Дэлхийн яруу найрагчдын ээлжит их хурлыг нэгэнтээ Монголдоо амжилттай зохион байгуулсан нь онцгой хүндлэгдэх шалтгаан болсон буй. Тал нутгийн яруу уянга, цасан цэцэг, бүгээн униар, хонгор улирлыг түүний бүтээл, оюун билгээс эрэн хайх тийм нэг эрмэлзлэл хэдийнэ бүрдээд, "тоосноос нь хүртэж" дараагийн "цэцгэнд хүртээгсэд" нь эдгээр найрагч нөхөд нь юм. Түүний толгойлсон Монголын соёл яруу найргийн академийн үйл хэрэг, ном соёл түгээх, дэлхийтэй харилцан уялдах эн царааг хэмжвэл тулхтай нуруу харагдах буй за. Өнөөдөр ч мөнхүү жим замаараа яваа нь энэ ээ.
Дэлхийн яруу найрагчдын хурлын нэгэн өвөрмөц хөтөлбөр нь шүлэг унших уламжлал юм. Найрагчид эхлээд өөрийнхөө төрөлх хэлээр уншсаныг англи, испани хоёр хэлээр хөрвүүлэн сонордуулав. Шүлэг яруу найраг унших нь зөв сайн энергийн дээд түвшний чуулбар, нисэн дүүлэх мөрөөдлийн жигүүр өдлөх орчин. Ийнхүү молхилохдоо нут итгэх агаад яруу найргийн үл баригдам болоод үлэмжийн амтат тунгалаг гэрэлд туяарахыг хүснэм ээ.
Дэлхийн найрагчид мэдээлэл солилцож, өөрийн орны утга зохиолыг сурталчилсан сэтгүүл тарааж, номуудын танилцуулга хийх эл соёлт орчныг зүйрлэвэл ертөнцийн утга зохиолын нэгэн том нуурт өөр өөрийн цутгалуудаа юүлэх шиг ээ. Энэ бол билэг оюун сэлбэлцэх, эгээрч гэгээрэх харилцааны хамгийн шилдэг цаг тоо юм уу даа.
Яруу найрагч Ц.Бавуудорж "Дорно зүгт өвс болно" номоо тэнд толилуулан түгээсэн нь хүмүүсийн сонирхлыг эрхгүй татаж байгаа нь анзаарагдлаа. Шүлэг уншлагын үеэр "Үүнийгээ уншиж өгөөч" гэж "зүслэж" зааж өгч байгаа нөхөд ч хэд хэд байв. Бавуу бээр уугуул энэ нутгийн хүнийг санагдуулам чилгэр өндөр нуруугаа цэх болгон алхалж индэрт очоод, амгалан боловч далдын ямар нэг гэгээн эмзэглэлтэй мэт хүрэл царайгаа үл хувирган, бурхных юм шиг гэдэстэй чихнийхээ дээгүүр урт хар үсээ илбэнгээ булаг газрын гүнээс бөглүү оргилохын адил айзамт намуухан болоод тарнилаг дуу хоолойгоороо шүлгээн уншиж өгсөөн. Шүлэг унших уянгалаг хөтөлбөр өндөрлөж, оройдоо далайн хөвөөнд үдэшлэгтэй ажээ.
Миний өрөөний анд хэн бэ гэвэл, Аргентиний яруу найрагч Илья Доминго Галати. Шүлэг шиг нэр байгаа биз. Лавтай жар хэдийнэ гарсан тэрбээр найрсаг сайхан хүн. Ихэд үсэрхэг бөгөөд толгойн урт үсээ охидын адил ардаа шууж боогоод, харьж яваа биеийг нь өвч шахуу бүрхсэн цэгээн буурал үс нь ширэлдэх шахуу. Охор өмд өмссөн манай өвгөн "Орой бужигнуулнаа" гэсэн янзтай бүжих маягийн хөдөлгөөн үзүүлээд нарр нарр инээж байна. "Тэгсүгэй, бүжиглэсүгэй" гэж хариу дохилоо. Хөгшин, залуу аргентин монгол хоёр "баллах" нь л дээ. Монголоос авч гарсан нэгэн лонхтойг гаргаж тавьтал сүрхий харж байна. "Ууна уу" гэтэл толгой сэгсрэнгээ элэг хавьцаагаа дарж байна. Тэгээд дохиж зангаад ярих нь "Залуудаа бол татаж байсаан. Одоо бол эрүүл мэндэд зохихгүй байгаа" гэж ойлгогдов.
Саруулхан сайхан үдэш боллоо. Тэргэл сайхан сар мандаад үл мэдэг бүдэгшингүй авч орчлонгоор дүүрэн гэгээ цацраана. Далайн хөвөөнд өдрийн халуун салхи бяцхан солигджээ. Акапулкогийн арал дахь байшингуудын гэрэл үе үеэр нь давхарлан өрсөн сувд сондорс шиг үзэгдээд, хот тэр чигтээ зогсоолд байгаа шөнийн аварга том хөлөг онгоц мэт сэтгэгдлийг төрүүлнэ. Номхон далайн хүчирхэг нүргээнт давалгаа энэ үзэмжит үдшээр Акапулкогийн эргийн цэгээн элсийг умруулан умруулан хаялах нь гайхалтай. Сарны гэрэлд мөнөөх давалгааны элс илэн илэн буцах нь тунгалаг болор шилэн хайлмалын шидлэг, хаялга шиг ээ. Бид ийнхүү давалгаа болорших дайдад явна бус уу. Болор давалгаа хаялах гоо энэ үдэш болор хундага уруугаа унан ширээ дэрлэж мэдэм үдэшлэг эхлэх нь дээ. Мөнөөх Пазын нэгэнтээ бичсэнчлэн,
Навчис дуулж эхлэв,
алимнууд хэмнэлтэйгээр бүжиглэж,
намуун цэнгэг салхинаа
анхилам сарнай эргэлдэн дэгдэв
Үүлс нүүж тархав,
оёор үзүүргүй огторгуй үелэн долгилж,
үзэгдэх төдий тэнгэрийн хаяанаа
олон олон тойрог үүсэв гэгч болох төлөвтэй болоод явчихлаа.
Далайн хөвөөнд зассан цав цагаан бүтээлэгтэй дугуй ширээнүүд дээр гоёмсог том лаа асаажээ. Гангалж, донжирхсон найрагчид ирж суусаар байлаа. Тавиас жарын хооронд настай болов уу гэж таагаад байгаа хэдэн сайхан мексик эмэгтэй байна. Энэ удаагийн хурлын ерөнхийлөгч, хатагтай Сабиранес, яруу найрагч Лаура нарын нас тогтсон атлаа залуугийн яруу төгөлдөр явснаа илтгэм гавшгай бүсгүйчүүд энд идэвхтэй байр эзэлж байгаа билээ. Ер нь энэ удаагийн хуралд мексикчүүд олноор оролцож байгааг онцлом.
Хатагтай Сабиранесийг Энэтхэгийн яруу найрагч Мохан гуай "Хамгийн үзэсгэлэнт бүсгүй чухамдаа чи л байна" хэмээн найрсгаар хэлж байсан нь "Үнэхээр тийм юм аа" гэж зөвшөөрүүлэм байлаа, энэ үдэш.
Тэр сайхан эмэгтэй үдэшлэгийг нээж үг хэлээд дуусуут л бүжиглээд эхэллээ дээ. Мексик бүжгийн ая хэмнэл, цоглог ад үнэхээр гоё. Нэг босоод бүжиглэчихсэн хүн эргэж суухгүй. Улам л идэвхийлэн бүжиглэж, хормой нь дэрвийн, хөлс нь мөндөрлөх ажээ. Гурван цаг бүжиглэхэд суудалдаа очоогүй хүн зөндөө.
Энэ жавхлантай үдэшлэгийн нэгэн од нь Бизъяагийн Дашзэвэг гуай маань байлаа. Тэрбээр нөгөө өвөрмөц дуу хоолойгоо цуурайтуулан бүжгийн талбайд гарав. Чингээд бүхий л яруу найрагчдад "Монголын их яруу найрагчдын мэндийг Номхон далайн эрэг ирмэг энэхэн газарт та бүхэндээ хүргэж ирлээ. Энэ үдшийг хийморь төгөлдөр сайхан өнгөрөөхийг хүсье" гэж хэлсэн юм. Энэхүү мэндчилгээгээ тэрбээр франц, англи, испани, герман, орос хэлээр дараалуулан хэлсэн бөгөөд тэнд байгсад халуун талархал илэрхийлэн алга ташив. Ингэхтэй нь зэрэгцүүлээд мань DZ man "Цэнгэн хөгжилдье","Шүгэлдээрэй" дуунууд угсруулчихсан чинь, хавийн улс босч бүжиглээд, суугаа зарим нь ширээн дээрх амны алчуураа аваад толгой дээрээ сэнс шиг эргүүлж байв шүү. Энэ хурлын зочдоос хамгийн олон талт нь тэр байв уу даа. Яруу найрагч, сэтгүүлч, орчуулагч, дуучин гээд. Од оо од. Өдөр л гэхэд Бавуугийн шүлгийг францаар, өөрийнхийгөө англиар уншиж байгаа юм чинь. Таван тив, дөрвөн далайг хэдэнтэй хэрж, нааш цааш явсан энэ эр лав зуу насална аа.
Үдэшлэгийн үеэр мөстэй текюүла сархдыг ч харин нэг сөгнөжээ. Улаан цагаан дарс ч лонх лонхоороо. Сайхан зээрд халмаг болсон хүмүүс бүжиглээд л, бүжиглээд л байлаа. Далайн эргээр автомат буу тэвэрч бүхээг задгай машин дээр хэд хэдээрээ суусан цагдаа нар байсхийгээд л давхиж ирнэ. Бодвол, энэ хэдийн бүжиг таанц хэвийн байна уу, элдэв хэрэг явдал гаравзай гэсэн шиг яваа бололтой. Нямаа ах бүжиглэж байтал гэнэт алга болчихож. Эргээд харвал далайн хөвөөнд зогсч байна. Шөнийн далай түүнийг дуудаж л дээ. Түүний энхрий хонгор гэмээр нандин мэдрэмж ямархан нэгийг олж харан зогсоо биз ээ.
Дөрвөн цаг гаруй бүжиглэсний эцэст аглаг хээрийн хэдэн монголчууд алжааж ядраад өрөө рүүгээ чиглэлээ. Сайхан ядаргаа, гоё алжаал гэж буй аваас тэр нь болжээ. Буудлын дотор сэрүүцүүлүүрүүд олон. Унтах нь яагаа ч үгүй хүмүүс нааш явна. Мөнөөх сэрүүцүүлүүрийн сэнсэн салхи тэрүүгээр явагч охид хүүхнүүдийн хормойг сэвс сэвсхийлгэн дэвэхэд тэд огтоос үл тоох агаад өнгө өнгийн тод дотоожууд нь гялс гялс харагдана. Дуу алдан хумиж, хямгадах нь алга. Бид ч хэдийнэ энэ байдлыг нь мэдэх болсон улс аятай, тоомжиргүй нүдээ ирмэлцсээр өрөөндөө оров. Энэ шөнө Б.Инжбадар маань "мексикжсэн" түүхээ ярилаа. Анх эхлээд энд эрдмийн ажлаар, доктор хамгаалахаар иржээ. Эхлээд Орост сурч байгаад ийш ирэх тавилан тохиож. "Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас хүний хүү эрдэм өвөрлөж ирнэ ээ" гэдэг юм даа. Доктороо ч хамгаалаад авч. Хамгийн сонирхолтой нь, тэрбээр энд нэгэн насны ханьтайгаа учирсан явдал. Тэр нь солонгос бүсгүй. Эдүгээ энэ айл хоёр хүүхэдтэй. Нэгийгээ өргөж, тэтгэж, нөхөх гэгч амьдралд учран тохиох үүд хаалга билээ. Б.Инжбадарын маань учрал, хувь тохиол ч энэ. Мексик бол энэ айлын амьдралаа эхэлж, голомтоо асаасан тоонот ажээ.
Аравдугаар сарын арван дөрөвний өглөө Акапулкод тунгалаг сайхан байлаа. Энэ тунгалаг цаг дор яруу найрагч Г.Мэнд-Ооёо дэлхийн найрагчдад "Алтан овоо", "Нүүдэлчний уянга" номуудаа танилцуулсан юм. Англи хэл дээр хэвлэгдсэн эл бүтээлүүд нь зарим хүмүүст хэдийнэ хүрчээ. Израилийн яруу найрагч, Нобелийн шагналт Эрнест Кохан "Алтан овоо номд өргөх хүндэтгэл" шүүмжээ тэнд уншиж сонордуулсан нь бас нэгэн урам таашаалт үйл явдал болсон билээ. "Алтан овоо" номын тухайд Монголын утга соёл, бичгийн мэргид нэгэнт үнэлэлтээ өгсөн. Одоо дэлхийн тойргоос Нобелийн шагналтнаас эхлээд үгээ хэлж байна. Энэ бол манай утга зохиол, соёлын амьдрал дахь баярлалт явдал мөнөөс мөн биз ээ. Өөр бас нэг баяртай мэдээ бол яруу найрагч Данзангийн Нямаа Соёл, яруу найргийн дэлхийн академийн байнгын гишүүний үнэмлэх гардсан нь юм. Энэ удаагийн хурлаар тус академийн ерөнхийлөгчөөр олон жил ажилласан Энэтхэгийн яруу найрагч Жастис Моханыг чөлөөлж, Францын Мариус Ян түүний албыг залгамжлан авав. Гомбожавын Мэнд-Ооёо найрагч тус академийн Азийг хариуцсан нарийн бичгийн даргаар томилогдсон билээ.
Монголын утга зохиол хүн төрөлхтний утга зохиолын арвин сан хөмрөгт өөрийн цутгалантай, өвтэй. "Монголын нууц товчоо", "Гэсэр", "Жангар" маань байна. Энэ жим замаа үргэлж тэтгэн өргөжүүлж, мод цэцэгсийг тарьж байх учиртай. Ингэхийг сэтгэлчлэн хичээмжилж буй цөөн хүний нэг бол Г.Мэнд-Ооёо.
Аяа, Акапулко. Чиний цэнхэрхэн далайн давалгаа юутай сайхан бэ. Үнэхээр л ингэж дуу алдуулам сайхан нутаг юм.
Тэнгисийн бишрэм
сүрлэгт эрхгүй автаад,
Тэнүүн орон зай, энгүүн
гэрэлд хөөрч бахдаад,
бүхий л эргээр хөндлөн гулд тэнүүчлэгч нэгэн шиг
яг л тийн,
гоо үзэсгэлэнд чинь
яндашгүй мэт
урт өдрийн туршид мансуурлаа.
Миний өрөөний анд Галатигийн нутгийн найрагч Хорхэ Лүис Борхэсийн ийм нэг сунжруу, энхэл донхолтой, тэгээд үнэн мөрүүд өрөөнийхөө тагтнаас тэнгисийг ширтэхэд санаанд орно. Акапулкогийн тэнгисийн бишрэм сүрлэгт эрхгүй автана. Далайн тэнүүн цэлгэр орон зай, энгүүн болоод болор гэрэлд бахдав. Гоо үзэсгэлэн нь үнэхээр яндашгүй болоод энэ өдрүүдийн туршид үнэхээр мансууруулж, хээр талын минь аагт салхи, Хярын усны минь хөглөгөр хонгор нурууг санагдуулна. Яруу найрагч Долгорын Нямаа нэгэн зун зохиолчидтойгоо Тэрхийн цагаан нуураар аялаад, тэр намаржингаа "Тэрхийн цагаан нуур гэж яримтгай" болсон тухайгаа, тэгээд шүлэг шиг уянгалуулан хэлээд байгаагаа бусдаас мэдсэнийгээ бичсэн байдаг. Байгалийн сайхан сэтгэлд хөг оруулчихаж байгаа нь тэр гэж тодотгосон байдаг. Би вээр түүн лүгээ нэгэн адил "Акапулко, Акапулко...," гэж бас яримтгай болох нь ойлгомжтой санагдаж байлаа. Акапулко сэтгэлд хөг оруулахаас аргагүй сайхан юм чинь. Ертөнцийн төгсгөл, эсвэл эхлэл мэт усан цэнхэр далайн давалгаа, ногоон толгойтой улаахан тотины үглээ, цав цагаан элсний гэрэл, нар саравчлан далай ширтэх гоо охидын хормойн дэрвээ энэ бүхэнд сэтгэл хөглөгдөхгүй байж яахин болно.
Бидний үдэлтийн үдэшлэг нэгэнт болжээ. Найрагчид бүгд ёслол хүндэтгэлтэй хувцаслаж, хундага тулгацгаана. Хар, цагаан хувцастай Мексикийн үндэсний хөгжмийн хамтлаг ирж дуулж хуурдав. Намуухан уянгалаг аялгуу дуурьсч, зочид буцах гэж байгаадаа юу, үзэсгэлэнт Акапулкогоос салж ядсандаа ч юм уу, нэг нэгэндээ татагдаад байгаагаас ч юм уу, нэг л тийм гэгээн гуниглалт мэт санаашрангуйхан харагдаад, хос хосоороо удаанаас удаан бүжиглэлээ. Хацар энгэсгээ наацгаан, буцаж сайхан уулзахын ерөөл хэлэлцэнэ. Аугаа их Иосиф Бродскийн нарийн бичиг хийж байсан, Америкийн яруу найрагч Лин Коффин манай Бавуутай ярилцъя хэмээн уриад бүжгээс гарч явав. Түүний шүлгүүд энэ эмэгтэйд гойд таалагдсан бололтой. Бид мөстэй текюүла зэгсэн сайн хөнтөрчээ. "Маргааш эртлэн хөдөлнө. Одоо амарцгаая" хэмээгээд тарж явцгаахад Номхон далайн хүчит давалгаа "Баяртай" гэх шиг нүргэлж байлаа. Цаг хугацаа, эгшин хором бүрт гоо сайхан буй. Акапулкод өнгөрүүлсэн өдрүүдэд сэтгэлд үлдэх ийм гоо сайхан дурсамжууд олон тохиожээ. Давалгаа нь болоршин шилших энэ дайдын гэгээн дурсамжууд сэтгэлд мөн тийн тунгалаг тунамалаар болоршин оршсоор байх билээ.