Saturday, November 1, 2008

ДАВАЛГАА БОЛОРШИХ ДАЙД













Цас өдлөхүйн үест
Бороо намихуйн хязгаарт
Цааш, Мексикт одов


Наритагийн онгоцны буу­далд бяцхан үдлээд, дараа­гийн нислэгийн бүхээгт орсон бидний нөхөд ийнхүү хайку зохиож эхлэв. Монголд хэ­дийнэ цас ороод эхэлчихсэн, харин Токиод бороо намирч угтсан юм. Мексикт бол ха­луун л байгаа тухай мэдээ­лэлтэй.
Онгоцоор удаан хуга­цаанд зорчиход цаг өнгө­рөхгүйн нэгэн төвөг бий. Яг тэрхүү нисэн үргэлжилж буй ца­гуу­дад нажидтай, алжаал­тай нь яриангүй. Гэвч үл давтагдах цаг хугацааны мөч­­лөг бүр бидэнд үнэтэй, эргэж олд­доггүй. Тиймээс зуур хором бүрт санаа сэт­гэлдээ үлдэ­хүйц гэгээн эрэл, мөрөөдөл итгэлийн харгуй мөшгөж ява­хуй юуны буруу­тай. Ер нь ч тэгэх ёстой. Энэ хорвоо өөрөө танин мэдэх эрлийн хорвоо. Бид ч бас тийм л эрлийн замаар Америкийн өмнөд эргийг чиглэн нисч яваа нь энэ. Ц.Бавуудорж найрагч тэрүүхэн зэргэлдээ суудлаас,
Токиогийн хүүхнүүдээс
Торгон бэлхүүс харсангүй
Башё чи юу хийсэн юм бэ
гээд инээж байна. Токиод тэрүүхэн зуурт саатахдаа бид эндхийн хүүхнүүдийн шилбэ болоод бэлхүүс, ер бүхий гоо сайхны нь тухайд жаахан "шүүмжлэлтэй" ханд­саныг ийнхүү илэрхийлж бай­гаа хэрэг. Эр хүний нүд, тэр тусмаа уран бүтээлч хүний мэлмий ертөнцийн бүс­гүй­чүүдийг харахаас хором ч ангид байж чаддаггүй нь үнэн. Ямар­таа л З.Түмэнжаргал авгай "Нүдээрээ л уруул дээр чинь үнсье" хэмээх вэ дээ. Бавуугийн саяын энэхүү хай­куг ингэж тайлж болмоор. Ертөнцийн хайкучийн хүн­дэтгэлтэйд юу хэлэх билээ. Гагцхүү та хайкуд л бүхнийг зориулахдаа хүүх­нүүдийнхээ гоо сайханг март­жээ гэсэн егөө агуулагдаад байгаа юм. Зүй нь бол шүлгээ бичээд, бас зүс үзэсгэлэнт япон охидын хожмын гоо сайханд "бэхээ" найрсуу­лахаа яахин умартаж болно гэсэн шиг ёгтлол шингээсэн шиг санагдана. Мөн бүүр өөр нэг сэдэл бас байна. Тэр бол Энэтхэгээ санагалзсан яв­дал. Мадраст өмнөхөн жил явж ирээд тэрбээр,

Алив Энэтхэг минь,
хонгор минь
Алтан саарыгаа тайл
Нүцгэнээр чинь чамайг
тэвэрмээр байна
Нүүрэндээ энгэрийг чинь наамаар байна
гэж бичсэн юм. Дорнын охидоо бодож, харьцуулж яваа нь энэ. Бавуу найрагч энэ удаа "Дорно зүгт өвс болно" номоо англи хэл дээр хэвлүүлээд авч яваа. Үүнийг номын багш Г.Мэнд-Ооёо нь,
Бавуугийн номыг
Баруунд хүргэхээр
Дорнод одов
хэмээн шүлэг­лэж байна. Нээрээ, баруун зүгт баймаар хараг­даад бай­гаа Мексик рүү дорно тийш чинадлан одох юм. "Аэро Мехико"-гийн аварга том хөл­гийн чанх голд зэрэг­цэн суу­сан таван монгол нэг иймэр­хүү донж маягтай нисч явлаа. Бизъяагийн Дашзэвэг гуай маань тун саяхан өөрийн бие даасан уран бүтээлийн тог­лолтоо хийсэн. Ийш зор­чихын өмнөх хэд хоногт мө­нөөх баахан ажилтай байсны тул эдүгээ бүгдийг умартан цэн­гэсүгэй гэсэн шиг бай­далтай харагдана. Хэзээний цэмцгэр, мөн тэгээд найрсаг дот­но хандлагыг үргэлж үзүүлж сууна. Цагаан зан­гиатай, цагаан гуталтай. Ца­гаан гут­лаа тайлж цав цагаан оймс­той хөлөө гаргаад суу­чихсан, ганган эр шүү.
Данзангийн Нямаа най­рагч зэгсэн баяр баясга­лан­тай явна. Түүнд гуниг угаас үл зохих агаад инээд хөөр, дуу шуутайхан л байвал Ня­маа Нямаагаараа байгаа нь тэр. Ийнхүү цог золбоолог яваадаа баахан сэтгэл хан­галуун. Үе үехэн "Үгүй ээ, нээрээ...," хэмээн шогширч догдолсон өнгөөр хэлж, таа­тай малилзмой.
Тэгснээ,
Номхон далай дээгүүр
Виски шимж явахад
Ногтруун дуут хээр тал
Бага нас минь бодог­дов
хэмээн шүлэглэж байна. Алс замд, сэтгэл нийлж, дө­рөө харшиж энэ мэт явах сай­хаан. Бид яваад л байлаа, яваад л байлаа. Үүрэглэж, унтаж, босч, сууж, бас цаасан хундагатайг тулгаж явав. Даруй арван нэгэн цаг нисчээ. Японд нисэн очсон, тэндээс үргэлжлэн зорчсон цагаа тооцвол хэдийнэ шөнө болох. Гэвч Америкийн баруун өм­нөд эргийг уруудан ийнхүү явахад гэрэлт өдрөөрөө. Лос-Анжелес, Сиэтл, Сан Диего хотуудын саравч өндөрлөгийг имжин ниссээр нэгэн том хотын дээгүүр байшин шүр­гэх шахуу доошлон төд удал­гүй онгоц маань буугаатахав шүү. Бидэнтэй зэргэлдээ сууж ирсэн Дуси гэсэн шиг билээ дээ, охиноос "Мехико мөн үү" гэтэл баяртай нь аргагүй толгой дохиж байна. Өөрөө ч Мехикод очно гэж ойлгуулсан юм. Бид эрт ир­сэндээ, "Өглөө зургаад гар­сан улс, өдрийнхөө 14 цагт Мехикод, үгүй нээрээ," гэлцэн олзуурхацгаагаад буулаа даа. Хил гаалиар ч нэвтэрлээ. Ачаагаа авъя гэлцтэл биш болоод явчихлаа. "Мехико биш ээ, энэ бол Тихюуна" гэж байна. Хөөр хөгжөөн болсоор буцан онгоцондоо суулаа. Тихюуна бол хил гаалиар нэвтрүүлдэг нэгдсэн боомт хот бололтой юм. "Бор бааз­дуухан, энэ чинь харин, ма­найхантай их төстэй юм уу даа" гэлцэцгээснийг яана. Улаанбаатарт буух юм бодож явтал Увст буулгачихбал нэг иймэрхүү санагдана даа гэж ярьсаар хөгжсөөр, нэг мэдэ­хэд Мехикод газардлаа. Дөр­вөн цаг нисчээ. Мексикт бай­гаа хоёр монгол маань тосоод зогсч байна. Зуу гаруй сая хүнтэй энэ том орны нийс­лэлийн онгоцны буудал дээр тэнд амьдарч байгаа бүх монгол­чууд маань угтав. Үүнээс сайхан зүйл гэж юу байх билээ. Баасан­хүү­гийн Инжбадар хэмээх сайхан залуу байна. Шаламгай хур­дан, гялалзсан овсгоотой байрын эр. Дэлхийн яруу найрагчдын их хурал Ака­пулко хотод болох учиртай. Шууд тийш нисье гэвэл ца­гийн дараа онгоц ниснэ. Үнэ нь таван хүний таван зуу гаруй доллар болно гээд хэлж байна. Манайхан янз нь Ме­хикодоо хоноё гэсэн байртай байцгаана. Хурлын нээлт нөгөөдөр, тэгээд одоо нэгэнт үдэш орой болчихсон, бас замын алжаал багагүйн шалт­гаанууд биднийг Мехико хо­тод хоноход санал нэгдүүл­лээ. Шөнийн Мехико тод гой­дын гэрэл гялбаа үгүй. Гу­дамжаар алхаж хөлхөх хү­мүүс олонгүй. Уг нь бас ч тийм орой болоогүй байна санж. Үдшийн хорин нэгэн цагийн л орчим. Манай Инжээ мэдээлэл тавьж байна. Мехи­ко дэлхийн хамгийн олон хүнтэй хотуудын нэг. Хорин зургаан сая. Монголын хүн амаас хорь дахин илүү. Мех­сикт гэмт хэрэг их. Дээрэм тонуул, хүчин, хөнөөл. Гэмт хэргийн илрүүлэлт гурван хувь. Шинэ Ерөнхийлөгчтэй болоод удаагүй байгаа. Тэр гэмт хэрэгтэй маш сайн тэм­цэж байгаа. Илрүүлэлт 0,3 хувь өссөн. Ард түмэн машид ам сайтай байгаа. Мексик­чүүд Америкт цагаачлахыг эрмэлздэг. Америкт гаргадаг сүлжээ хүртэл бий. Арван мянган доллар төлөх хэрэгтэй гэсэн. Эхлээд таван мянгаа, үлдсэнийг нь Америкт байх гэр оромжид нь хүргээд ав­даг. Мехикогийн хүүхнүүд банзал өмсдөггүй. Эрсдэлтэй. Өмд нь гурван товчтой. За­рим тохиолдолд товч нь ко­доор тайлагдахаар бүтээгдсэн байх нь бий. Хүчиндүүлж мэдэх эрсдэл ихтэйн тул чингэнэ. Энэ мэт ярив. Дан.Ня­маа ах руугаа харлаа. Мөрөө хавчаад чимээгүй номхон сууж байна. Тэрүүхэн зуурт машинд бүгд чимээгүй болцгоочихож. Хэт түгшүүр­тэй өнгөнөөс ярьснаа ан­заарав бололтой, мань Ин­жээ" Гэхдээ алзахгүй ээ" гээд инээвхийлж байна. Бавуу тэндээс "Горьгүй л юм байна даа. Гайгүй биз дээ, гэхдээ" хэмээн нэлээд тайвуухан өгүүлэхэд бүгдээрээ л "Тийм дээ, гайгүй, гайгүй" гэлцэн толгой дохицгоов. Мексикийн хоёр монголын нэг Отгонзул маань нэгэн хямд бөгөөд аятай буудал мэдэхээ бо­ломжтой эсэхийг лавлахаар явав. Энэ хооронд нэгэн зочид буудлын зоогийн газарт хооллолоо. Монголоос энэ олон хүн, тэгээд зохиолчид ирэв хэмээн Б.Инжбадар маань хөхин баясч мексик сархад "Текюүла"-гаар дайл­лаа. Өмнө нь нэгэнтээ хүртэж байсан ч, энэ удаа илүү гойд амт чанартай санагдав. Ар­гагүй биз дээ, исгэж нэрдэг, хөхүүр жалавч нь энд л буй юм шүү дээ. Отгонзул маань ч ороод ирлээ. Буудал байна гэнэ. Инжээ "Найдвартай биз. Дэлбэлүүлчихвэл баларна..." гэхтэй зэрэг дахин цочицгоож байна. Г.Мэнд-Ооёо найрагч хэзээний амгалан царайгаа төв болгоод "Буудалтай бол­чихоор болоод явчих нь тэр" гээд шөлөө оочиж сууна. Тэндээсээ өнөө буудалдаа очлоо. Яриангүй аятайхан буудал. Тохитой цэвэрхэн. Харин буудлын хоёр талд мексик бүжгийн "догшин" аялгуу бөмбөрдөх нь "Энд ч сайчууд л цугласан байгаа даа" гэх бодол төрүүлнэ.


Мексикт, Мехикод ирс­нийх, Г.Мэнд-Ооёо тэргүү­ний­­хээ өрөөнд цуг­ла­лаа. Ганзагалаа савны­хаа юмыг гаргав. Монголын мехико­чууддаа ном, сархад, хорхой ааруул тэргүүтэн бэлгээ өг­лөө. Цаасан уутанд сав­ласан хэдэн хорхой ааруул богцолс­ныг хил дээр хурааснаас сэргэлэнтэж байж нэгийг авч үлдсэн юм. Ингээд аян замдаа сайн явж ирсэн, маргааш Мехикогоор аялна, хуралдаа сууна, та хоёр­тойгоо энд, хаа байсан Мек­сикт ингэж уулзах гэж гэх жишээний, хөөрөлгөн яриа, баяр баясалдаа биднүүс хэ­дийнэ халаад, юун өнөөх саяхны айж цочих, ор мөргүй болжээ. Бүгд л шүлэг уншлаа. Сайхнаас сайхан байв. Зур­гаагийн зургаан эрийн дунд Отгонзул маань гэрэлт дэн мэт удаан суугаад язгуурын монгол хүүхний түгээмэл чанар зааж гэр рүүгээ явна гэлээ. Түүнийх манай бууд­лаас тун холгүй ажээ. Ин­жээ, Бавуу бид гурав түүнийг хүр­гэж өгөхөөр гарлаа. Гудамж бараг эзгүй. Баахан халамцуу хэдэн залуус дуу аялагнан, хэлхэлдэн гудамжаар явах­даа халуунаар тэврэлдэн үн­сэлдэцгээнэ. Охидоо үлэмж эрээгүйгээр илж таа­лах бө­гөөд цаадах нь тэгэхээс тэг гэсэн шиг нуруугаа хотойлгон өгзөг хонгоо тонтойлгох нь хачин тачаангуй.
Харин тэдний хажуугаар гурван монгол залуу нэгэн монгол бүсгүйг гэрт нь дө­хүүлж явна. Ховорхон л то­хиол, Мехикогийн үдэш. "Мек­сикт нэг удаа..," гэж Зулаа хожим ярих биз. "Сайхан амраарай" гэж хэлээд түүний үүднээс буцлаа. Тэгээд буцан буудлынхаа үүдэнд ирвээс,
Саруулхан шөнө гадаа
үүдэнд
Хад сандайлж суухад
Сарны гэрэлд
Сархад уухад
Сайхан байх даа гэж са­нагд­сан
..., хэмээх мө­рүүд­тэй их Нямсүрэнгийн шүлэг санаанд орж байв шүү дээ.
Мехикод ирсэн шөнө нам унтаж орхижээ. Улаанбаатарт гал үд болж байхад энд гүн шөнө болж байдаг. Гэвч за­мын алжаал, жүнз уруулд­саны шид нийлээд сайн л унтуулаатахаж. Нүүрээ угаа­чихаад цонхны наахна очиж харвал, сормууснаа бөнжиг­нөх усан дусалд хотын хө­дөл­гөөн ойгоод сонихон чиг ээ.
Мехикогоос холгүй нэгэн дурсгалт газар байдаг байна. Өмнө нь телевизээр үзэж байсан. Яагаав, пирамид. Түүнийг үзэхээр санал нэг­дэв. Буудлын өмнө бидний өчигдөр үдэш хөлөглөж ирсэн дүн­хийсэн ногоон "Шевро­лит" ирээд зогсчихжээ. Энэ бол Мексик дэх Монголын өргөмжит консул Жорж Ран­жил Ди Албагийн бидэнд илгээсэн унаа. Энэ эрхэм бээр Б.Инжбадарын хэлэхээр бол Мехикогийн өндөр эрэм­бэд тэргүүлэх бийлэгжүү эр­сийн нэг юм билээ. Ингээд хөдөллөө, пирамид тийш. Мехикод өндөр, сондгой бай­шин ховор юм. Жигдхэн, нэ­гэн хэвийн байшингууд эрий­тэл үргэлжлэх бөгөөд энэ нь хүмүүсийн амьдралын түв­шин нийтлэгийн толь болж үзэгдэнэ. Гял цал оргиод, сүр­дэж бишүүрхүүлэх аяс ог­тоос төрүүлэхгүй бөгөөд ха­рин ч эерэг дулаан, энгийн уур амьсгал мэдрэгдэнэ. Хээр талаар давхиж яваад хэзээний мэдэх сумын тө­вийн банзан хашаатай гудам руу ороод ирэхээр ямархан чиг нэг дулаахан өөриймсөг байдаг билээ, тиймэрхүү л бодол төрүүлж байлаа. Мек­сикийн дэд бүтэц, зам харгуй муугүй юм. Лав л манай нийслэлийн замтай харь­цуулш­гүй. Мексик бурхнаас хол ч, Америкт ойр гэдгийн тусгал ч юм уу, алтны хажуу дахь гууль ямар нэг хэмжээ­гээр шарлаа л даа.
Бидний машин ердөө дөч гаруйхан минут давхиад пи­рамидын хүрээнд буучихлаа. Эл гайхамшигт тогтоцыг той­руулан бүрдүүлсэн цэцэрлэгт хүрээлэн гоё. Бидний тасал­гаандаа тарьдаг зуун наст, кактус тэнд л нэг байна. Байх байхдаа аварга том бутаараа, бухалдсан өвс шиг дүнхий­гээд, арвайж сарвайгаад байж байх юм. Мексикчүүдийн сархдаа бүтээн нэрдэг үндэс сурвалж ч энэ зуун наст болдог гэх. Мексикчүүд бор дарсны боловсрол өндөртэй байж мэднэ. Сайн балгац­гаадаг гэнэ лээ. Гэхдээ байна аа, нэг сайн уучихаад, гурав хоногтоо элгээ амраана аа гээд өөрийгөө ялаад сурчих­сан гэж байгаа.
Египетийн пирамидын да­раа орох сүр жавхлантай ийм урлалыг мексикчүүдийн өвөг дээдэс бүтээсэн нь манай тооллын өмнөх мянга таван зууны оных гэнэ ээ. Маш эртний соёлтой ард түмэн байжээ. Ийнхүү бодсоор цац суварга тийш дөтлөхүй ер бусын гайхамшигтай зүйл болох нь мэдрэгдээд эхэл­нэ. Үлэмж аварга гуранзны тол­гой газраас цухуйх мэт саа­ралтан ягаарч харагдаад, тэрхүү байгууламжийн ша­таар өгсч уруудах хүмүүс шоргоолж мэт эрэлзэж үзэг­дэнэ. Галт уулын хүрмэн чулуугаар эртний тэр хүмүүс чухам "тогложээ". Дөрвөл­жилж, шоочилж, гурвалжилж мөнчиг олон хэлбэрээр за­саад үүнийгээ өрж, зүйж, өнгөлж нааж бүтээсэн аугаа суварга юм. Халуухан нартай энэ л нутгийн, хүрэн зандан л биетэй байсан болов уу тэд­гээр хүмүүс хэдэн жилийн бороо хур, ангал цангал дор хичнээн бэрх цаг тоог гэтэлж бүтээхээрээ ийм юм босгодог бол доо гэсэн бишрэл, эргэл­зэл, тээнэгэлзэл зэрэгцсэн бодол хөвөрнө.
Урлаж, хээнцэрлэсний нь үзвээс тэр олон мянган жи­лийн өмнөх мексик өвөг дээд­сийн ухаан, соёл, өвлүүлэ­хүйн эрдэм хосгүй. Ертөнцийн хаана ч явсан, гайхамшигт зүйлсийг харан дуу алдах, үзэн баясахын дээд долгионд гагцхүү хүний л бүтээл туур­вил хөг оруулмуй.
Энэхүү аугаа цац суварга түүнийг хүрээлсэн байгуу­ламж бол эртний их том хотын туурь юм. Хүмүүсийн амь­дарч байсан өрөө тасалгаа, тэр битгий хэл цэвэр бохирыг сэл­гүүлэх зохицуулалтыг хүр­тэл хийсэн байгаа юм шүү дээ. Хөгжил бол боломж туйлч­лагдахуйн үр дүн са­нагд­даг. Өнөөдрийн дэлхий ер­төнцийн шинжлэх ухаан, тех­никийн хөгжил гайхам­шиг­тай нь үнэн. Гэвч энэ гай­хамш­гаас илүү гайхамш­гуу­дыг хүн төрөлхтөн хөгж­лийн хамгийн язгуур анхдагч үеүд­дээ бүтээсэн мэт. Энд мө­нөөх боломжийн ялгааны ту­хай өгүүлж байна. Манай тоол­лын өмнөх мянга таван зуун оны, өнөөдрийн эриний хоо­­рондох бүтээхүйн бо­ломж.
Бид аварга цац суваргын шатаар өгссөөр оройд нь гарлаа. Маш болгоомжтой явахгүй бол унаж мэднэ. Түү­дэг шиг хийсчихвэл яана гэж бодогдоно. Суваргын яг орой дээр, хүний толгойгоор зүйр­лэх юм бол үсэн эргүү­лгийн нь төвд үхрийн нүдэн чинээ мөнгөн цэг байх ажээ. Хай­луулаад цутгачихсан юм шиг. Үүн дээр хүмүүс эрхий ху­рууныхаа өндгийг хүргэж эрч хүч, ариуслыг биедээ шин­гээж авдаг гэнэ. Бид ч мөн тийнхүү үйлдэж, үй олон хү­ний эрхийд нийлсээр бай­гаад цав цагаан болсон мөн­гөн цэгт хурууныхаа хээг эгшин зуурт барлав. Ингэж өөрийн бие махбодийн ширхэг найлзуу­раа таниулсаан.
Тэнд ийм нэг төсөөлөл төрнө. Суваргын дээрх мөн­гөн ялтас өдөр нартай алтан туяагаар холбогдоно. Шөнө сартай мөнгөн туяагаар хол­богдоно. Ингэж наран са­ран эрхэстэй өдөр шөнө ээлж­­лэн алтан мөнгөн туяа­гаар со­рон­золдох нь магад сайн энер­гийн цу­чил­тай болов уу. Өдөр су­вар­гын орой дээр байхад, наранд ойртчихсон юм шиг халуу шатна. Үдэш сарнаар энд ганцаар суувал ямархан мэд­рэмж төрөх бол доо гэж бодогдоно. Тэнгэрийн аль нэгэн од мөнгөн ял­таснаа "ирж" мөр­гөөд, буцан харва­даг ч юм билүү, яахин мэднэ.
Ийм нэг хүний гараар бүтээгдсэн гайхамшигт уул- суварганаа гараад буулаа. Энэ гайхам байгууламжийг 1960-аад оны сүүлээр аглаг хээрт ямаа хариулж явсан хүү анх мэдсэнээр, ухаж малтан гаргаад, эрт өмнийн үзэмжит хотын туурийг сэргээн зас­варласан нь эдүгээгийн дэл­хийн хүмүүсийн мэлмийнээ хүртээгджээ.
Суваргын энэ орчмын бүсэд аялал жуулчлалын хүмүүст зориулсан худал­дааны мухлагууд олон. Мек­сикийн үндэсний хувцаснууд, далбагар далбагар том мал­гайнууд, нөмрөг ороолтнууд, мөнгөн болон модон эдлэлүүд янз янзаараа. Наймаа хийж байгаа нь барьцгүй. Дөрвөн зуун песоны үнэтэй зүйлийг, ярьж хэлэлцэж байгаад зууд авчих нь энүүхэнд. Ер нь бол жуулчдад санасан үнээ л хэлээд тавьчихдаг бололтой. Мексикийн үндэсний мөнгөн тэмдэгт песо бас ч муугүй ханштай. Зуун доллар мянга хоёр зуун песо болж байна лээ. Бидний нөхөд энтээ явж энэ тэрхэн, тэрүүхнээр ал­хаж наана цаана болж байтал өдрийн тал барагджээ.
Ингээд манай багийн дөр­вөн гишүүн Б.Инжбадарын хамт Акапулко тийш одлоо. Ха­рин миний бие Мехикод нэ­гэн хоног саатах шалтгаан бай­сан тул үлдлээ. Мехикод, ер нь Мексикт түгээмэл юм шиг билээ, нум эвшээлгэсэн эмэгтэйн хөшөө байх. Эмэг­тэйн гоё хонго ер бусын чил­гэр. Зорсон мэт. Энгэрийн нь хоёр бумба нисэх шувуу­дын тэмүүлэлтэй бөгөөд аяган хэлбэртэй, нандин яруу. Энэ бол мексикчүүдийн уг сур­валж, эцэг дээдсүүдийн яз­гуур домгийн баатар анч бүс­гүйн хөшөө юм. Эл хө­шөөнд илэр­хийлэгдсэн тэр­хүү эрэм­гий тэмүүлэлт, яруу сайхан бие цогцос болбоос мексик хүүх­нүүдийн үндсэн үлгэр авах хэв, даган дуурайх заг­вар ажээ. Тиймээс ч мек­сик хүүх­нүүдийн бие галбир хэ­ний ч өмнө харц итгэл­гүйдэх шалт­гаангүй байна. Бүсгүй хүний гоо урин, илэр­хий та­чаангуй байдлыг өгзөг, бумба хоёр нь чимэх бөлгөө. Алиман өгзөг, сэргэр бумба. Ийм нэг тогтсон, төгөлдөрш­сөн гэ­мээр бие галбирын заяамал чи­мэг мек­сик хүүх­нүүдэд хам­гийн хүр­тээмжтэй ху­ваар­лигджээ гэ­хэд болно. Мек­сик хүүхнүүд бол үнэхээ­рийн нэг тийм харууштай, нүд бу­лаасан хүүхнүүд болох нь тэрхүү өөр бусад үндэстний хүүхнүүдээс эрс ялгагдам биеийн нь сай­ханд байна. Чин­гээд давхраа­тай алаг нүд, зур­гар тод хөм­сөг, машид зо­хи­цолт хэв бүхий бор бор­хон уруул юу бүгд нь сайх­наас сай­хан төрснийг нь илт­гэмой. Биеийн нь өнгө бов бор. Бүр тос даасан мэт. Булбарай булбарай.
Эрчүүд нь ч мөн тийм яргай булчинлаг биетэй. Яаж ч мэдэхээр байрын гүжирмэг төрхтэй. Нуусан мэт боловч, тэр нь мэдэгдээд байх хүсэл тачаалын манант бор нүдтэй. Мексикийн гарамгай яруу найрагч Хайми Сабинэсийн ийм мөрүүд байдаг.
Нүүрсэн дээр гишгэхийн
тулд би гутлаа тайлав
Нүцгэнээрээ чамайг
тэврэхийн тулд арьсаа тайлав
Чамайг хайрлахын тулд
би биеэ тайлав
Чамд хувирахын тулд сэт­гэлээ тайлав
гэж. Энэ бол мек­сикчүүдийн халуун дур­лалт, хүсэл тачаалт хүмүүс бо­лохын илэрхийлэл юм уу даа.
Мехикогийн гудамжинд хэсэг хүмүүс эсэргүүцлийн цуглаан хийж байна гэж Зулаа надад тайлбарлав. Нэг бүдүүн эмэгтэй "Шаардаж байна, шаардаж байна" л гээд байгаа бололтой бүдүүн бүдүүн дуу­гаар цагаан хоолой амандаа наачихсан хашгична. Зуу гаруй л хүн байсан байх. Хэн эд нарыг сонсож байгаа нь бүү мэд. Гудамжаар дүүрэн урсах хүмүүсийн дотор өнөө жагсаа­лынхан хаана байгаа нь мэ­дэгдэх юм алга. Гэмт хэргийн илрүүлэлт гур­ван хувьтай хотод эсэргүүц­лийн жагсаал цуглаанаас гарах үр дүн ч юу л бол доо гэж бо­догд­моор.
Мехикогийн төв талбайд үдэш номын үзэсгэлэн яармаг гарч байна. Сүхбаатарын талбайгаас томгүй, жижиг ч байж мэдэхээр санагдсан. Гэрэл гэгээ муутайхан юм.
Тэндээс Отгонзултайгаа хамт нэгэн бичил зоогийн газар орж хоол идлээ. Шарсан мах, гамбиртай шөл, халуун ногоогоор амталсан элдэв дээдийн хоол байна. Энд монгол хүн хоолны тухайд асуудалгүй. Бидэнд болом­жийн сэтгэгдэл төрүүлэхүйц хоолны жортой юм билээ.
Одоо би та бүхэнд Мехико­г­ийн монгол бүсгүй Отгонзу­лынхаа тухай өгүүлье. Эрдэ­нэтийн охин. Тэр энд ирээд арван оныг үдээд байгаа. Анх төрсөн эгч нь энд мексик хүнтэй гэр бүл болоод түүнийг урьж. Гэвч Зулааг ирээд тун удаагүй байтал, зургаан са­рын дараа нөхрийн хамт Аме­рикт ажил амьдралын эрхээр явжээ. Ингэснээр Мехико­гийн монгол бүсгүйн ганцаа­рын амьдрал эхэлсэн. Зулаа юу хийж амьдардаг нь сонин. Тэр сурталчилгаанд зураг авахуулж, үүнийхээ шан харамжаар мөнгө олж амь­дардаг. Заримдаа таван мян­ган ч доллар олчих үе бий бол, юу ч үгүй өдрүүд цөөнгүй гэнэ. Энэ том хотод ганц монгол бүсгүй ингэж амьдраад, хэний ч дор орохооргүй явааг бах­дууштай. Түүнд чиспа нэртэй цагаан хав бий. Гэхдээ энэ хоёр ханьсаад удаагүй юм билээ. Зургаа, долоон сар л болж байгаагаа хэлж байв. Зулаа үдэш орой ороолт нэхнэ. Энэ бол түүний өөрий­гөө зугаацуулах, цагийг өнгө­рөөх шилдэг арга бололтой. Тэр испаниар дуржигнатал ярих боловч, илүү олон үггүй юм. Ганцаарын бие даасан урт удаан амьдрал түүнд ийм хэв дадлыг бий болгожээ. "Монгол руугаа буцахгүй юм уу" гэвэл "Бо­лоогүй" гэх юм. Харин Америк гарах бодолтой юм шиг билээ. Ийм нэг монгол бүсгүй тийн­хүү амьдарч бай­на. Үдэш, Мехикогийн нэг өдрөө эргэ­цүүлж хэвтэхдээ Зулаагийн бие даасан, ха­туужилт чана­рыг бахархаж байлаа. Бас мексик өвгүүдийн гайхам­шигт бүтээл цац су­вар­гын тухай бодов. Мел Гиб­соны "Акакулипто" кинон дээр на­ранд хүнээр өргөл барих­даа орой дээр нь авчран өрлөдөг өндөр суваргууд гар­даг. Түүн­тэй яг ижил суварга бо­ло­хыг Зулаа хэлж өгсөн. Хол­гүй нэг хотод тэр киноны зургийг авсан тухай өгүүлж байна билээ. Тэр киноны үйл явдлыг санахнээ нь, аймшиг­тай санагдаж, тэгээд жаахан хүүхэд шиг эвгүйцсэндээ инээд хүрч байлаа.
Мехикод нөхдөөсөө үлдэж нэг хоносон нь цаг зогсоо­чих­сон юм шиг удаан өнгөр­лөө. Үдийн ху­гасыг ирээдүй мэт хүлээн өнгөрөөгөөд, Ака­пулко зорчих онгоцны та­салбар аваад хөөр­хөн дог­долж байна. Улаан­баатараас зундаа нэг нутаг явахын урьд өдрийнх шиг гэгэлзэж байна гээч. Урьд үдэш, ма­най хэд тэнд очсон. Дан.Ня­маа ах тээр орой "Үгүй ээ, нээрээ, энд хачин гоё байна. Хүүх­нүүд нь на­майг ирээ юү, ашгүй юун сайн юм бэ гээд тэвэрч аваад үнсч байна шүү дээ" гэснээ "Одоо доош бууж бүжгэнд орлоо. Жаахан сэвнэ байгаа" гээд жингэнүүлсэн нь үнэхээр тийм юм болов уу, үгүй юу гэхээс эхлээд байж ядуулнаа даа. Аялал бол энэ мэт хөг­жилдөөн,үнэн худал нь сонин биш мааз маахуутай байхаа­раа сайхан л даа. Ер нь бол найрагч Данзангийн Ня­мааг Акапулкогийн хүүх­нүүд тийн­хүү тосч авсан бол түү­нээс аятай нь хаа байх вэ.
Мехикогийн их үдэд он­гоцны төв буудлаас ганцаар Ака­пулко руу нислээ. Манай хэд урьд өдөр нь машинаар зур­гаан цаг давхиж очсон мө­нөөх хотод онгоц хөөрөв үү, үгүй юү буучихав. Мэ­лийсэн цэн­хэр усан дээр л буучих­маар аятай доошил­соор га­зар­­дах­даа, тэр хавийн мод бутсыг Д.Урианхай ахын нэ­гэн­тээ бичсэн шиг бөхийл­гөн бөхийл­гөн залбируулав. Нэг аяга цай ууж, жижигхэн ууттай сам­раас ганц нэгийг шоглох төдийд мянга хоёр зуун песо­ны үнэ­тэй, зургаан зуун ки­ло­­мет­рийн алслалтай нислэг гүйцээ. Тэрүүхэн цаг хүрэх­тэй, үгүй­тэй хугацаанд онгоц­ны цон­хоор ажвал но­гоон мо­дон хү­рэм, шар усан хажла­га­тай уул­сыг даван ниссээр ирэв. Ус тийнхүү шар хоормог адил ха­рагдах нь үргэлжийн бороо хур­тайнх.
Акапулкогийн онгоцны буу­далд хөл тавихнаа нь чийглэг халуун амьсгал пүн­хийн "да­раад" авлаа.
Нүүртээ гараа хүргэвэл ууранд утсан мэт болчихож. Шууд таксинд суулаа. "Em­porio" зочид буудал хүрнэ гэж жолоочид хэлэв. Тэр толгой дохиут, саяын сууж ирсэн онгоцноос дутуугүй давхихыг нь "Аядуу, аядуу" гэмээр байв. Акапулко уул арлын хот. Арал уулын ам дэвсэг, ар сэрвэн­гүй суурьшицгаасан мексик­чүүдийн оромж байшингууд бүхий л чигээрээ моддын дунд. Зам харгуй нь аргагүй л арлын зам даа, давчуу бачуу. Уулсын энгэр бэл ороон дав­хих машиныхаа цонхоор хар­вал гүн цэнхэр далай хяз­гааргүй дайдлан холхи алсад манантан будантана. Мекси­кийн шилдэг найрагч, зөвшөө­рөгдсөн мүсэрч, Нобелийн утга зохиолын шагналт Окта­вио Пазын,
Тэнгэр газрын савслага сарниж,
тэнүүлч салхин цэцэгсээр наадав
Тэнгисийн хөөсрөх долгион дунд
нүцгэн бүсгүй умбан зугаа­цав
гэсэн мөр санаанд орж байлаа. Акапулкогийн охид дэр­вэгэр оготор банзалтай явцгааж байх нь сонирхол та­тав. Акапулко аялал жуулч­ла­лын хот. Гадныхныг аятай таа­тай амруулах үүднээс тус хо­тод хэв журам сахиулах өндөр хам­гаалалтынхан ажил­ладаг. Гур­ван ч түвшний дав­хар хам­гаалалттай гэж жолооч нөх­рийн өгүүлэх, зангаж до­хин илэрхийлэхээс хальт мөлт ойлгов. Бодоо­жийн ч тийм юм даа. Тиймээс эрх чөлөөлөг бай­далтай аж төрөх нь тэр. Ин­гээд дөчөөд минут давхисан байх. Маши­ны цон­хоор наана ха­раад явж байтал буудал дээ­рээ ирээ­тэхжээ. Үүдэнд нь "Дэл­хийн яруу найрагчдын ХХVIII их хурал" гээд бич­чи­хэж. Тэгтэл ч бууд­лын тунга­лаг шилэн хаал­ганы цаанаас Ба­вуу най­рагч дүн­хий­тэл то­соод гараад ир­лээ. Сэтгэлд маш сайхан са­наг­дав. Хаа бай­сан алс Мек­сикт атлаа гэр­тээ ирж байгаа юм шиг "Em­porio"-доо буухад, хан­хай­сан сай­хан найрагчийг тосон га­раад ирэ­хүй "Үдшийн бүрий­гээр ирэх сайхан" гэдэг шиг са­нагдлаа. Манай хэд ирээд нэг хо­но­чихсон улс, акапул­кож­чих­­жээ. Хур­лын нээлт болоод зочид най­рагчид нэ­гэнтэйгээ нөхөрсөг дулаа­наар ярилцах нь ярил­цаж, тэврэлдэх нь тэв­рэлдэх тэр найрсаг амьс­галд шууд л орж явчихав. Г.Мэнд-Ооёо эрхэм хэзээний танил дот­но нөх­дөөрөө бү­чүүлчих­сэн зог­сч байна. Ули­рагч жил Энэтхэгийн Мад­раст тэрбээр очиж амжаагүй бө­гөөд түүнийг сураглан сэт­гэл та­виг­сад баахан олон байсан билээ. Тэдгээрийн бах тав энд ханаж байгаа янзтай. Энэ найрагч дэлхийн утга зохио­лын то­дорхой хүрээ­нийхэнд нэгэнт өөрийн за­вилгаатай болжээ. Нөгөө­тэйгүүр түүний Дэлхийн яруу найрагчдын ээлжит их хурлыг нэгэнтээ Монголдоо амжилт­тай зохион байгуул­сан нь онцгой хүнд­лэгдэх шалт­гаан болсон буй. Тал нутгийн яруу уянга, цасан цэцэг, бүгээн униар, хонгор улирлыг түүний бүтээл, оюун билгээс эрэн хайх тийм нэг эрмэлзлэл хэдийнэ бүрдээд, "тоосноос нь хүртэж" дараа­гийн "цэц­гэнд хүртээгсэд" нь эдгээр найрагч нөхөд нь юм. Түүний толгойл­сон Монголын соёл яруу найр­гийн акаде­мийн үйл хэрэг, ном соёл түгээх, дэл­хийтэй харил­цан уялдах эн царааг хэмжвэл тулхтай ну­руу харагдах буй за. Өнөөдөр ч мөнхүү жим замаа­раа яваа нь энэ ээ.
Дэлхийн яруу найрагчдын хурлын нэгэн өвөрмөц хө­төл­бөр нь шүлэг унших уламж­лал юм. Найрагчид эхлээд өөрийн­хөө төрөлх хэлээр уншсаныг англи, ис­пани хоёр хэлээр хөрвүүлэн сонор­дуулав. Шүлэг яруу найраг унших нь зөв сайн энергийн дээд түвш­ний чуулбар, нисэн дүүлэх мөрөөдлийн жигүүр өдлөх орчин. Ийнхүү молхи­лохдоо нут итгэх агаад яруу найргийн үл баригдам болоод үлэм­жийн амтат тунгалаг гэрэлд туяарахыг хүснэм ээ.
Дэлхийн найрагчид мэ­дээлэл солилцож, өөрийн орны утга зохиолыг суртал­чилсан сэтгүүл тарааж, но­муудын танилцуулга хийх эл соёлт орчныг зүйрлэвэл ер­төнцийн утга зохиолын нэгэн том нуурт өөр өөрийн цутга­луудаа юүлэх шиг ээ. Энэ бол билэг оюун сэлбэлцэх, эгээрч гэгээрэх харилцааны хамгийн шилдэг цаг тоо юм уу даа.
Яруу найрагч Ц.Бавуу­дорж "Дорно зүгт өвс болно" номоо тэнд толилуулан тү­гээсэн нь хүмүүсийн сонирх­лыг эрхгүй татаж байгаа нь анзаарагдлаа. Шүлэг уншла­гын үеэр "Үүний­гээ уншиж өгөөч" гэж "зүслэж" зааж өгч байгаа нөхөд ч хэд хэд байв. Бавуу бээр уугуул энэ нутгийн хүнийг санагдуу­лам чилгэр өндөр нуруугаа цэх болгон алхалж индэрт очоод, ам­галан боловч далдын ямар нэг гэгээн эмзэглэлтэй мэт хүрэл царайгаа үл хувир­ган, бурх­ных юм шиг гэдэстэй чихний­хээ дээгүүр урт хар үсээ илбэнгээ булаг газрын гүнээс бөг­лүү оргилохын адил айзамт намуухан болоод тар­нилаг дуу хоолойгоороо шүл­гээн уншиж өгсөөн. Шүлэг унших уянгалаг хөтөлбөр өндөрлөж, оройдоо далайн хөвөөнд үдэшлэгтэй ажээ.
Миний өрөөний анд хэн бэ гэвэл, Аргентиний яруу най­рагч Илья Доминго Галати. Шү­лэг шиг нэр байгаа биз. Лав­тай жар хэдийнэ гарсан тэр­бээр найрсаг сайхан хүн. Ихэд үсэрхэг бөгөөд толгойн урт үсээ охидын адил ардаа шууж боогоод, харьж яваа бие­ийг нь өвч шахуу бүрхсэн цэ­гээн буурал үс нь ширэл­дэх ша­хуу. Охор өмд өмссөн ма­най өвгөн "Орой бужиг­нуул­наа" гэсэн янзтай бүжих мая­гийн хө­дөлгөөн үзүүлээд нарр нарр инээж байна. "Тэг­сү­гэй, бү­­жиглэсүгэй" гэж ха­риу дохи­лоо. Хөгшин, залуу ар­гентин монгол хоёр "бал­лах" нь л дээ. Мон­голоос авч гар­сан нэгэн лонхтойг гаргаж тавь­тал сүр­хий харж байна. "Ууна уу" гэ­тэл толгой сэгс­рэнгээ элэг хавь­цаагаа дарж байна. Тэ­гээд дохиж зангаад ярих нь "За­луудаа бол татаж байсаан. Одоо бол эрүүл мэндэд зо­хихгүй байгаа" гэж ойлгогдов.
Саруулхан сайхан үдэш боллоо. Тэргэл сайхан сар мандаад үл мэдэг бүдэгшин­гүй авч орчлонгоор дүүрэн гэгээ цацраана. Далайн хө­вөөнд өдрийн халуун салхи бяцхан солигджээ. Акапул­когийн арал дахь байшингуу­дын гэрэл үе үеэр нь дав­харлан өрсөн сувд сондорс шиг үзэгдээд, хот тэр чигтээ зогсоолд байгаа шөнийн авар­га том хөлөг онгоц мэт сэт­гэгдлийг төрүүлнэ. Номхон далайн хүчирхэг нүргээнт давалгаа энэ үзэмжит үдшээр Акапулкогийн эргийн цэгээн элсийг умруулан умруулан хаялах нь гайхалтай. Сарны гэрэлд мөнөөх давалгааны элс илэн илэн буцах нь тун­галаг болор шилэн хайлмалын шид­лэг, хаялга шиг ээ. Бид ийн­хүү давалгаа болорших дай­дад явна бус уу. Болор давал­гаа хаялах гоо энэ үдэш болор хундага уруугаа унан ширээ дэрлэж мэдэм үдэш­лэг эхлэх нь дээ. Мөнөөх Пазын нэгэн­тээ бичсэнчлэн,
Навчис дуулж эхлэв,
алимнууд хэмнэлтэйгээр бүжиглэж,
намуун цэнгэг салхинаа
анхилам сарнай эргэлдэн дэгдэв
Үүлс нүүж тархав,
оёор үзүүргүй огторгуй үелэн долгилж,
үзэгдэх төдий тэнгэрийн хаяанаа
олон олон тойрог үүсэв
гэгч болох төлөвтэй болоод явчихлаа.
Далайн хөвөөнд зассан цав цагаан бү­тээ­лэгтэй дугуй ши­рээнүүд дээр гоёмсог том лаа асаажээ. Гангалж, дон­жирх­сон найрагчид ирж суу­саар байлаа. Тавиас жарын хоо­ронд настай болов уу гэж таагаад байгаа хэдэн сайхан мексик эмэгтэй байна. Энэ удаагийн хурлын ерөнхий­лөгч, хатагтай Сабиранес, яруу найрагч Лаура нарын нас тогтсон атлаа залуугийн яруу төгөлдөр явснаа илтгэм гавш­гай бүсгүйчүүд энд идэвхтэй байр эзэлж байгаа билээ. Ер нь энэ удаагийн хуралд мек­сикчүүд олноор оролцож бай­гааг онцлом.
Хатагтай Сабиранесийг Энэтхэгийн яруу найрагч Мохан гуай "Хамгийн үзэсгэ­лэнт бүсгүй чухамдаа чи л байна" хэмээн найрсгаар хэлж байсан нь "Үнэхээр тийм юм аа" гэж зөвшөө­рүүлэм байлаа, энэ үдэш.
Тэр сайхан эмэгтэй үдэш­лэгийг нээж үг хэлээд дуусуут л бүжиглээд эхэллээ дээ. Мек­сик бүжгийн ая хэмнэл, цог­лог ад үнэхээр гоё. Нэг бо­соод бүжиглэчихсэн хүн эр­гэж суухгүй. Улам л идэв­хий­лэн бүжиглэж, хормой нь дэр­вийн, хөлс нь мөндөрлөх ажээ. Гурван цаг бүжиглэхэд суу­далдаа очоогүй хүн зөндөө.
Энэ жавхлантай үдэшлэ­гийн нэгэн од нь Бизъяагийн Дашзэвэг гуай маань байлаа. Тэрбээр нөгөө өвөрмөц дуу хоолойгоо цуурайтуулан бүж­гийн талбайд гарав. Чингээд бүхий л яруу найрагчдад "Мон­­голын их яруу найрагч­дын мэндийг Номхон далайн эрэг ирмэг энэхэн газарт та бүхэндээ хүргэж ирлээ. Энэ үдшийг хийморь төгөлдөр сайхан өнгөрөөхийг хүсье" гэж хэлсэн юм. Энэхүү мэнд­чилгээгээ тэрбээр франц, англи, испани, герман, орос хэлээр дараалуулан хэлсэн бөгөөд тэнд байгсад халуун талархал илэрхийлэн алга ташив. Ингэхтэй нь зэрэгцүү­лээд мань DZ man "Цэнгэн хөг­жилдье","Шүгэлдээрэй" дуу­нууд угсруулчихсан чинь, ха­вийн улс босч бүжиглээд, суу­гаа зарим нь ширээн дээрх амны алчуураа аваад тол­гой дээрээ сэнс шиг эр­гүүлж байв шүү. Энэ хурлын зоч­доос хамгийн олон талт нь тэр байв уу даа. Яруу най­рагч, сэт­гүүлч, орчуулагч, дуу­­­чин гээд. Од оо од. Өдөр л гэ­­хэд Бавуу­гийн шүлгийг фран­цаар, өөрийнхийгөө анг­лиар уншиж байгаа юм чинь. Та­ван тив, дөрвөн далайг хэ­дэн­тэй хэрж, нааш цааш яв­сан энэ эр лав зуу насална аа.
Үдэшлэгийн үеэр мөстэй текюүла сархдыг ч харин нэг сөгнө­жээ. Улаан цагаан дарс ч лонх лонхоороо. Сайхан зээрд халмаг болсон хүмүүс бү­жиг­лээд л, бүжиглээд л байлаа. Далайн эргээр авто­мат буу тэвэрч бүхээг задгай ма­шин дээр хэд хэдээрээ суу­сан цагдаа нар байсхий­гээд л давхиж ирнэ. Бодвол, энэ хэдийн бүжиг таанц хэ­вийн байна уу, элдэв хэрэг яв­дал гаравзай гэсэн шиг яваа бо­лол­той. Нямаа ах бүжиглэж бай­тал гэнэт алга болчихож. Эр­гээд харвал далайн хө­вөөнд зогсч байна. Шөнийн да­лай түүнийг дуудаж л дээ. Түүний энхрий хонгор гэ­мээр нандин мэдрэмж ямархан нэгийг олж харан зогсоо биз ээ.
Дөрвөн цаг гаруй бүжиг­лэс­ний эцэст аглаг хээрийн хэдэн монголчууд алжааж ядраад өрөө рүүгээ чиглэлээ. Сайхан ядаргаа, гоё алжаал гэж буй аваас тэр нь болжээ. Буудлын дотор сэрүүцүү­лүүрүүд олон. Унтах нь яагаа ч үгүй хүмүүс нааш явна. Мөнөөх сэрүүцүүлүүрийн сэнсэн салхи тэрүүгээр явагч охид хүүхнүүдийн хормойг сэвс сэвсхийлгэн дэвэхэд тэд огтоос үл тоох агаад өнгө өнгийн тод дотоожууд нь гялс гялс харагдана. Дуу алдан хумиж, хямгадах нь алга. Бид ч хэдийнэ энэ байдлыг нь мэдэх болсон улс аятай, тоомжиргүй нүдээ ирмэлц­сээр өрөөндөө оров. Энэ шөнө Б.Инжбадар маань "мек­сикжсэн" түүхээ ярилаа. Анх эхлээд энд эрдмийн ажлаар, доктор хамгаалахаар иржээ. Эхлээд Орост сурч байгаад ийш ирэх тавилан тохиож. "Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас хүний хүү эр­дэм өвөрлөж ирнэ ээ" гэдэг юм даа. Доктороо ч хамгаа­лаад авч. Хамгийн сонирхол­той нь, тэрбээр энд нэгэн насны ханьтайгаа учирсан явдал. Тэр нь солонгос бүс­гүй. Эдүгээ энэ айл хоёр хүүхэдтэй. Нэгийгээ өргөж, тэтгэж, нөхөх гэгч амьдралд учран тохиох үүд хаалга билээ. Б.Инжбадарын маань учрал, хувь тохиол ч энэ. Мексик бол энэ айлын амьд­ралаа эхэлж, голомтоо асаа­сан тоонот ажээ.
Аравдугаар сарын арван дөрөвний өглөө Акапулкод тунгалаг сайхан байлаа. Энэ тунгалаг цаг дор яруу найрагч Г.Мэнд-Ооёо дэлхийн най­рагчдад "Алтан овоо", "Нүү­дэлчний уянга" номуудаа танилцуулсан юм. Англи хэл дээр хэвлэгд­сэн эл бүтээлүүд нь зарим хүмүүст хэдийнэ хүрчээ. Израилийн яруу най­рагч, Нобелийн шагналт Эр­нест Кохан "Алтан овоо номд өргөх хүндэтгэл" шүүмжээ тэнд уншиж сонордуулсан нь бас нэгэн урам таашаалт үйл явдал болсон билээ. "Алтан овоо" номын тухайд Монго­лын утга соёл, бичгийн мэр­гид нэгэнт үнэлэлтээ өгсөн. Одоо дэлхийн тойргоос Но­белийн шагналтнаас эхлээд үгээ хэлж байна. Энэ бол манай утга зохиол, соёлын амьдрал дахь баярлалт явдал мөнөөс мөн биз ээ. Өөр бас нэг баяртай мэдээ бол яруу найрагч Данзангийн Нямаа Соёл, яруу найргийн дэлхийн академийн байнгын гишүү­ний үнэмлэх гардсан нь юм. Энэ удаагийн хурлаар тус акаде­мийн ерөнхийлөгчөөр олон жил ажилласан Энэтхэ­гийн яруу найрагч Жастис Моха­ныг чөлөөлж, Францын Ма­риус Ян түүний албыг зал­гамжлан авав. Гом­божа­вын Мэнд-Ооёо найрагч тус ака­демийн Азийг хариуц­сан на­рийн бичгийн даргаар томи­логдсон билээ.
Монголын утга зохиол хүн төрөлхтний утга зохиолын ар­вин сан хөмрөгт өөрийн цут­га­лантай, өвтэй. "Монго­лын нууц товчоо", "Гэсэр", "Жан­гар" маань байна. Энэ жим за­маа үргэлж тэтгэн өргөжүүлж, мод цэцэгсийг тарьж байх учиртай. Ингэхийг сэтгэлчлэн хичээмжилж буй цөөн хүний нэг бол Г.Мэнд-Ооёо.
Аяа, Акапулко. Чиний цэн­хэрхэн далайн давалгаа юу­тай сайхан бэ. Үнэхээр л ингэж дуу алдуулам сайхан нутаг юм.
Тэнгисийн бишрэм
сүрлэгт эрхгүй автаад,
Тэнүүн орон зай, энгүүн
гэрэлд хөөрч бахдаад,
бүхий л эргээр хөндлөн гулд тэнүүчлэгч нэгэн шиг
яг л тийн,
гоо үзэсгэлэнд чинь
яндашгүй мэт
урт өдрийн туршид мансуурлаа.
Миний өрөөний анд Гала­тигийн нутгийн найрагч Хорхэ Лүис Борхэсийн ийм нэг сунжруу, энхэл донхолтой, тэгээд үнэн мөрүүд өрөө­нийхөө тагтнаас тэнгисийг ширтэхэд санаанд орно. Ака­пулкогийн тэнгисийн бишрэм сүрлэгт эрхгүй автана. Да­лайн тэнүүн цэлгэр орон зай, энгүүн болоод болор гэрэлд бахдав. Гоо үзэсгэлэн нь үнэхээр яндашгүй болоод энэ өдрүүдийн туршид үнэ­хээр мансууруулж, хээр та­лын минь аагт салхи, Хярын усны минь хөглөгөр хонгор нурууг санагдуулна. Яруу найрагч Долгорын Нямаа нэгэн зун зохиолчидтойгоо Тэр­хийн цагаан нуураар аялаад, тэр намаржингаа "Тэр­хийн цагаан нуур гэж яримтгай" болсон тухайгаа, тэгээд шүлэг шиг уянгалуу­лан хэлээд байгаагаа бусдаас мэдсэнийгээ бичсэн байдаг. Байгалийн сайхан сэтгэлд хөг оруулчихаж байгаа нь тэр гэж тодотгосон байдаг. Би вээр түүн лүгээ нэгэн адил "Ака­пулко, Акапулко...," гэж бас яримтгай болох нь ойл­гомж­той санагдаж байлаа. Акапул­ко сэтгэлд хөг оруулахаас аргагүй сайхан юм чинь. Ертөнцийн төгсгөл, эсвэл эхлэл мэт усан цэнхэр да­лайн давалгаа, ногоон тол­гойтой улаахан тотины үглээ, цав цагаан элсний гэрэл, нар саравчлан далай ширтэх гоо охидын хормойн дэрвээ энэ бүхэнд сэтгэл хөглөгдөхгүй байж яахин болно.
Бидний үдэлтийн үдэшлэг нэгэнт болжээ. Найрагчид бүгд ёслол хүндэтгэлтэй хув­цаслаж, хундага тулгац­гаана. Хар, цагаан хувцастай Мек­сикийн үндэсний хөгж­мийн хамтлаг ирж дуулж хуурдав. Намуухан уянгалаг аялгуу дуурьсч, зочид буцах гэж байгаадаа юу, үзэсгэлэнт Акапулкогоос салж ядсандаа ч юм уу, нэг нэгэндээ татаг­даад байгаагаас ч юм уу, нэг л тийм гэгээн гуниглалт мэт санаашрангуйхан харагдаад, хос хосоороо удаанаас удаан бүжиглэлээ. Хацар энгэсгээ наацгаан, буцаж сайхан уул­захын ерөөл хэлэлцэнэ. Аугаа их Иосиф Бродскийн нарийн бичиг хийж байсан, Америкийн яруу найрагч Лин Коффин манай Бавуутай ярилцъя хэмээн уриад бүж­гээс гарч явав. Түүний шүл­гүүд энэ эмэгтэйд гойд таа­лагдсан бололтой. Бид мөстэй текюүла зэгсэн сайн хөнтөр­чээ. "Маргааш эртлэн хөдөл­нө. Одоо амарцгаая" хэмээ­гээд тарж явцгаахад Номхон далайн хүчит давалгаа "Баяр­тай" гэх шиг нүргэлж байлаа. Цаг хугацаа, эгшин хором бүрт гоо сайхан буй. Акапул­код өнгөрүүлсэн өдрүүдэд сэтгэлд үлдэх ийм гоо сайхан дурсамжууд олон тохиожээ. Давалгаа нь болоршин шил­ших энэ дайдын гэгээн дур­самжууд сэтгэлд мөн тийн тунгалаг тунамалаар болор­шин оршсоор байх билээ.

УЙТАН ДОРНЫН ТАЛСТ






Улирагч сарын сүүлчийн өдрийн их үдэд өмнөд Энэтхэгийн Ченнайд хөл тавилаа. Энэ хот саяхныг болтол, ерэн зургаан он хүртэл Мадрас хэмээх нэртэй байсан ажгуу. Монгол­чуудад энэхүү Мадрас нь илүү дотно, ойр санагддаг бололтой юм.

Бээжин, Бангкок хотоор буухиалан, багагүй цаг туулж аяншсаны тул зорьж очсон шинэ газрын бүгчим халуун эхэндээ төдийлөн түвэг­тэй санагдсангүй. Тэрүүхэн зуурт усар­хаг бороо хаялж, тун ч таатай гэмээр угтлаа. Гүн ногоон модод саглайлдаж, чийглэг амьсгал бүрхсэн мөнөөх ахуй намрын урь зарласан сэрүүхэн Монго­лоо­соо очсон бидэнд дахин нэгэн шинэ зун цагийг санагдуулав аа. Энэхүү бидэнд бол нэн шинэ, энд­хийнхэнд бол мөнхийн зун жам ёсоороо налайж байлаа. Энэтхэг газар эхэлж мөр гаргасных, ирсэн газрынхаа уугуулуудын хөлийг ажиглаатахав. Тэд маань ихэнх­дээ хөл нүцгэн. Хөлийн нь хурууд арван зүгтээ сацран хэвшигнэжээ. Бид бол угаас эхээс төрүүтээ бойтог гуталд бэмбийлүүлээд авдаг болохоор хөлийн минь тавхайн хэлбэр шөмбөн, хуруу­нууд нь нийлмэл чиг шугамтай болдог байна. Харин энэ Энэтхэгт бол гуталын хэрэг үнэндээ үгүй тул, төрснөөсөө эхлээд ийнхүү хөлийн нь хэв алдагдан арвайж, сарвайсан юм болчихдог нь тоогүй гэмээр. Тэгээд би өмнөд Энэтхэгийн тамиль­чуудынхаа нүд рүү харсан юм. Тэдний тунарсан хар нүд үргэлж дандаа биш байгаа даа, ийм төрх нь гэмээр, юунаас үүдсэн нь эс мэдэгдэх нэгэн тийм айдастай. Тэр айдас ч гэмээр, түгшүүр ч гэмээр юм уу, гунилант хөшиг бүхий нүдийг эргэн тойрны бүхий л тамиль­чуудаас олж үзнэм ээ. Тэгээд алгуурх­наар мөнөөх гунигт будангуй нүднээс өөрийн харцыг жишүү тусгахаас аргагүй байдалд хүрч орхино. Тэгэхээр тэр нүдэнд уншигч авгай та бас, татагдахаар бус гэдгийг мэдрэх болов уу. Энэт­хэгийг энэтхэг хүнээс өөрөөр яахин төсөөлнө. Тиймийн тул би дахиад л өмнөд Энэт­хэгийн тамильчуудынхаа өнгө зүсийг тоочин хэлбэл зүй биз ээ. Тамиль хүний өнгийг манай аяллын багийн гишүүн Д.Цэрэндаваа хуйхалсан хар хонины арьстай зүйрлэж адилтгав. Тэгэхдээ бүр толийтол, тос даасантай нь адилхан гэж тодотгож байгаа юм. Жаахан бүдүүлэгдүү зүйрлэл боловч, бас ч дөхүү хэлээ­тэхжээ. Нээрээ, тэдний маань туниагүй гэмээр, ихэнхдээ чөргөр хар биеийн нь хөлөрмөл байдлыг харжээ байхад нээрээ ч тийм юм уу даа гэж бодогдмоор. Ертөнцийн нар тэднийг төрсөн цагаас нь хойш зугуу зугуухнаар “шаран ээсээр” үргэлж мөнх үргэлжлэх тул арга ч үгүй юм болов уу даа, тэр арьсанд гэрэл гэгээ, цайвар цагаан байхын үндэс алга. Тэдэнд бидэнд заяасан шиг намрын ухаа салхи, өвлийн дун амьсгал, хаврын урьхан шиврээ, зуны алтан агаар үгүй агаад байгалиас “Гоо сайхнаа бүтээ” хэмээн илгээсэн ганцхан түрхлэг нь энэхүү хав халуун, хатуу нударгатай наран буюу. Далдуу болоод дал модод үнэндээ хаа сайгүй. Сэглийлдэж, саглайгаад баахан том ногоон царцаа базаж базаж байгаад шидчихсэн юм шиг харагдана. Үнэр анхилам ногоохон бут сөөг Ченнайн гудамжнаа энд тэндгүй атал тэдгээр номин өнгөт ургамлынхаас өөр нэгэн өвөрмөц хүхэрлэг үнэр хан ханхийнэ. Энэ үнэр болбоос энэтхэг анд нөхдийн минь таних тэмдэг билээ. Бүгчим халуунд идэж уудаг хоол нь, нэвчин бурзайх хөлс нь тийм нэгэн үнэрийг буй болгоод Энэтхэгт очсон хэнд болов мартагдах­гүйгээр бодолд нь уугина. Хонины мах идсэн нэгнээсээ монгол хүн үнэр ялгах­гүй шиг энэтхэг хүн энэтхэг хүнээсээ тэр нэгэн үнэрийг яавч ялган самсаа шан­тайн таагүйрхэхгүй төлөвтэй.

Ийнхүү өмнөд Энэтхэгийн Тамиль тойрогт үзэх нүд, үнэрлэх эрхтэний ялгаа юуг зааглан нэвтэрсэн манай нөхөд бол Дэлхийн яруу найрагчдын их хуралд төлөөлөгчдөөр морилсон хүмүүс бөгөөд Савериа нэртэй тавлагхан буудалд наймдугаар сарын сүүлчийн өдрийн үдэш морилов. Тус буудалд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн гурван зуу орчим найрагч бужигналдаж, өрөө саваа аван, тэнд нэг хэсэг нь тэврэлдэж, энд зарим нь үнсэлдээд ер бусын хөхиүн байлаа. Монголын зочид өрөө, өрөөндөө төвхнөөд үдшийн зоогноо орж явчихлаа. Тэрхүү зоогийн том мухлагнаа шарсан тахиан мах, будаа, лооль, лийр, өөр бусад баахан шөл, амттан тэргүүтнийг өрснөөс тааваараа хүртээд, Ж.Гэндэн­дарам гуайнхаа өрөөнд орлоо. Гадаа мэнэрсэн халуун уухичиж, тэрхүү ха­лууны дундуур халууцсан хар хүмүүс зайгүй нааш цааш сүлжиж, хав харанхуй тэнгэр нүдгүй лагшраад, цухал хүрмээр дорно зүгийн үдэш Бенгалын булангаас яг баруунхантай ниргилж байгаа нь энэ. Манай Ж.Гэндэндарам гуай бол Энэтхэгийн суугуул шахуу болж амьд­ралынхаа нэгэн хэсгийг өнгөрөөсөн хүн юм. Тэрээр энэ орноо тавиад оны үед оюутан, дараа нь далаас наяад оны сүүлчийг хүртэл шахуу дипломат алба­наа ажиллаж, Энэтхэгийн ийм уйтан үдшүүдэд оюуны болон халууны дэвүү­рийг зэрэг сэвэн чилээсэн хүмүүн билээ. Цахилгаан сэрүүцүүлүүртэй өрөөнөө цээж нүцгэн голдуу суусан бидэнд мань эрийн яриа сонин хачин. Тэрбээр Ма­хат­ма Гандиг ер бусын гайхамшигт хүн болох тухай түлхүүхэн ярилаа. Өнгөрсөн зууны энэ содон хүний ард түмэндээ хайрлагдан үлдсэн гайхам гавьяа нь үнэн амьдрал, шударга энгийний жишиг бай­жээ. Бидний сайн мэдэх дэлдэн чихтэй, нүдний шилтэй тэр хэрзгэр өвгөн болбоос жирийн энэтхэг хүн ямар амьдралаар амьдарч байна, тэр миний амьдрал. Жирийн энэтхэг хүн юу өмсч, ямар хоол идэж байна, тэр миний сонголт гэдэг зарчмаар амьдралаа хөтөлсөн байна. Тэгээд далайн хөвөөн дэх тариачны сүрлэн овоохойд эелдэг зочин болж унтаад, дал модны самрын доторхийг шимж идээд, алган дээрээсээ гурван хуруугаараа будаагаа иддэг энэтхэг энгийн заншлыг сахисаар буудуулан хөнөөгдтөлөө амьдарсан байна. Тэр ард түмнийхээ зүрх сэтгэлд тийм энгийнээр дасан хүрч, тэгээд мөнхийн бахархан өргөмжлөх суут удирдагч нь болсон түүхтэй аж. Тэр өөрийнхөө амьдралын дурдатгалыг гайхамшигтай үнэнээр бичсэн хэмээн Г.Мэнд-Ооёо ахын ярьсан санагдана. Махатма Ганди тэрхүү үнэнг сударласан дурдатгалдаа “Миний үндсэн дутагдлуудын нэг бол хуял тачаал байсан юм” гэж өгүүлсэн байдаг аж. Тэгээд тэрийгээ хэнээс ч нуулгүйгээр нэгэн ийм явдлаар тайлбарлан бичжээ. Тэрээр өвчтэй эцгээ сахин асарч байж. Залуу хангал байж л дээ, хүсэл тачаалаа номхотгон дарахаас аргагүйгээр яагаад ч юм өдөөгджээ. Тэгээд гэрийн зүг одож, эхнэрийн хамт өөрийгөө тайтгаруулан жаргааж байх яг тэр цаг хоромноо эцэг минь амьсгал хурааж байсан юм хэмээн барим тавим бичиж хүн төрөлхтөнд үлдээснийг бид ийн мэдэж байна. Хүн гэдэг амьтан бол өөрийн амьдралын үнэнг магадгүй хэзээ ч үнэнээр бичихгүй байж мэдэх. Тэгвэл Энэтхэгийн эцэг Махатма Гандигийн энэ жишээ үнэний эрх чөлөөнд хэрхэн хүндэтгэлтэй хандсан, тэр хэрээр өөрөө өөрөөсөө нүүрээ нуугч хүний ертөн­цийнхнийг өөрийгөө үнэнээр нь танихыг номлосон дурдатгалын зурвас юм уу даа. Энэтхэг эдүгээ хүн амаараа Хятадын дараа орж байна. Нэгэнт тэрбум давж од­сон. Хүн бол нэг талаас хүсэл тачаа­лын бүтээгдэхүүн. Их Энэтхэг орон, их хүсэл сэтгэлийн орон. Их хүсэл сэтгэл бол их эрч хүч. Их давалгаа буюу. Энэтхэгийн бас нэгэн их удирдагч Индра Гандигийн хүү Үндэсний Конгресс намын Залуу­чуу­дын байгууллагын дарга Санжа Ган­дигийн хүн амын бодлогодоо хийсэн нэ­гэн үйл хэрэг сонин ажээ. Энэ орон өм­нөх зуунд дээрх залуу удирдагчийн санаачлагаар эрчүүдээ хөн­гөлж нэг үзсэн байгаа юм. Гэхдээ тэр нь шууд суга татчихдаггүй, одоогийнхоор бол үрийн сувгийг нь боохтой адил мэс ажил­ба­рын арга байсан юм уу даа. Хүнээ за­суулах их хөдөлгөөн өрнөж, урам­шуул­лын үйл ажиллагаа хүртэл бий болж бай­сан нь инээд хүрмээр ч юм шиг. Сайн ду­раа­раа хөнгөлүүлсэн хүнд засгаас хоёр жин будаа, юухан хээхэн шагнадаг байж. Таван эр авчирч “Өднөөс хөнгөн, сум­наас хурдан” болгуулсан хүнд бүр унадаг дугуй урамшуулал болгодог байсан байна. Арван эр авчраад агтлуу­лахад хоёр дугуй гэх жишээний, золиг ч бол доо. Манай Ж.Гэндэндарам гуайг Энэтхэг дэх Монголын Элчинд ажиллаж байхад тэнд албатай хоёр борог нөхөр байжээ. Гэтэл тэр хоёр нь нэг өдөр “Засуулчихлаа” гээд жаахан жуухан юм барьчихсан ирж байсан нь санаанаас нь гардаггүй гэнэ. Яаж ч санаанаас гарах вэ дээ, эр хүн эр хүндээ тийм хэцүү мэдээ дуулгаад ирж байхад. Амьдралд тийм зүйл тэр бүр тохиолдохгүй л болов уу. Гэвч ийнхүү эрчүүдийг олноор нь хоморголон, урамшуулал төдийхнөөр догдлуулан хөнгөлөх үйл ажиллагаа тэгсгээд зогссон байна. Халуун газрын зовлон доо, өнөө олон мэс ажилбар хийлгэсэн эрсийн шарх хувилж, цөөнгүй нь үхэж үрэгдсэн тул тийнхүү Санжа Гандигийн түр ажилбарыг хаахад хүргэж, Конгресс нам баахан нэр хүндгүйдсэн гэдэг.
Энэ мэтийг хүүрнэлдэн суусаар Ченнайн шөнийг дундалсан тул өөр өөрсдийн өрөөнд орж унтахаар явлаа. Гараад өрөөнийхөө зүг алхаж явтал нэгэн залуу хөвгүүн би учиргүй ширвэж хүйтэн харсан мэт айсан байдалтай намайг хялан хялан харснаа харц бурууллаа. Би түүнд хандан эелдэгээр “Сайхан амраа­рай” гэж хэлсэн боловч тэр сонссон үгүйгээ мэдэгдэлгүй, эв эгц хоёр шооргор хөлөө залхуутайяа зөөсөөр цаашаа явж одлоо. Тэр бодвол Шуутра биз ээ. Энэтхэг бол Кастын систем гэгчээрээ хүнээ дөрөв ангилсан ард түмэн. Браахман буюу ном эрдмийн, Кшатра буюу цэргийн эрдмийн, Вайшия буюу худалдаа, аж ахуйн, Шуутра буюу дээрх гурвын зарц гэж хуваадаг байна. Браахманы хүү браахман, Кшатрын ач кшатра, Вайшиягийн гуч Вайшия, Шуутрагийн гучинцар шуутра байх ёстой гэсэн мөнхийн үргэлжлэлд тогтдог байна. Би Энэтхэгт ирсэн анхны шөнө ийнхүү унтахаар хэвтэхдээ тэрхүү Шуутра хөвгүүнийг өрөвдөж байлаа. Тэр уг нь өөрийн хүсэл мөрөөдөлтэй л байх. Гэхдээ тэр хүсэл мөрөөдөл нь мөнхийн нэгэн буулган дор өнгөрнө гэдэг юутай харамсалтай. Тэр хэдий аугаа их эрд­мийн чадамжит оюун ухаантан байхыг үгүйсгэхгүй авч, цэвэрлэгчийн алчуурт гараа эвэршүүлэн насыг гэтэлнэ гэдэг гачлантай. Оюун ухаан өөрөөсөө хамаа­ралгүйгээр хүчин мөхөсдөхийн жишээ энэ мөөн. Ийм зүйл Энэтхэгт байна. Тийн бодож хэвттэл унтчихжээ.

Өглөө босоход битүү цонхны цаанаас Ченнайн гудамжнаа ши­нэ өдрийн амьдрал хэ­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­дийнэ эхлээд бөглүүдүү ат­лаа хүнд нүргээнт чимээ дуурсан байлаа.

Энэ нүр­гэлэх дуу чимээ хүнд араа­гаар яваад байгаа юм шиг машин болон бусад тех­ни­кийн, ялангуяа гудмаар нь нэг байх гурван дугуйтай бэсрэг шар машины дуу дохио, тэгээд түүнийг жолоо­догч хийгээд үйлчлүү­лэгч­дийн тамиль үг ярианы аялга авианы түг түмэн өнгө холил­доон болох нь мэдрэгдэнэ. Тийн бодоод хөшиг нээхүй өм­нөөс халуун туяа ээвэс­­хийж, мөнөөх сэтгэлд зу­раг­ласан төрх нүднээ бараан­таж нэг, улааран шаргалтаж нэг, тугалган загал өнгөөр нэг тодорч харагдмуй. Энэтхэг хүн бараан царайтай, тэгээд ч тэр юм уу машин унааны нь өнгө мөн тэгж хэлбийсэн нь бараантана. Улаан шар­галдуу өнгөтэй нарийн шир­хэгтэй биш байхаар сари болон цамцыг өмссөн нь улаарч шаргалтана. Бүс­гүйчүүдийн нь бугуйнаас тохойгоо хүртэл цагираг­луулсан алтан бугуйвч чимэг нь мөнөөх шаргалтан улаа­рагч байдлыг үе үе сондорлон гялбалзаж шигтгээ болмуй. Хоёр дугуйт мотортыг зоргоор нэг унацгаах агаад, хүүхнүүд нь жолоодогчийн ард мордож бус хоёр хөлөө нэг тийш буулган жондойтол суусан нь үзэгдэнэ. Тийн жон­дойн суусан махлаг хүүх­­нүү­дийн сарины нь ух­лаа­д­саар хөрслөг хөх хар сүвээ зурваслах нь гэгээгүй. Төдийлөн сэтгэл эс татам сүвээгээ тийнхүү сэрүү­цүүлж ч юм уу, гандааж явах бүсгүйчүүд бол харьцангуй намба сууж, эр нөхөрт гарсан нь юм болов уу гэмээр ажиг­лагдана. Ийм нэг ая дан бүхий өглөө Дэлхийн яруу най­­­рагч­дын ХХҮII их хурал эхэлсэн юм. Хурлын нээлтэд тамиль нут­гийн хүү, Энэтхэгийн Ерөн­хийлөгчийн албанаас буугаад тун удаагүй байгаа эрхэм Абдул Калам оролцов. Уг хурлыг үндэслэгч дөрвөөс үлдээд байгаа хоёрын нэг ерэн хэдтэй тамиль өвгөн Кришна Сринавас гуай бас хүндэт суудалд заларсан байв. Энэ удаагийн хурлын ерөн­­хийлөгчөөр басхүү энэ Ченнайн уугуул, ноён Жастис Мохан гуай ажиллаж байгаа юм. Шүлэг найрагт бие сэт­гэлээ зориулсан энэ буурал бол нэр алдартай шүүгч яв­сан хүн. Ченнайг Мадрас байхад нэг биш удаа энэхүү хүндтэй хурал болж байсан нь Мохан гуайн нэр нөлөөний түншүүр болно. Мохан гуай энэ удаагийн их хурлын уриаг “Яруу найргаар хүмүү­ний сэтгэлийг ариусгахуй” хэмээн тунхагласан юм. Яруу найраг бол гэ­гээ­рэ­хүйн нэгэн торгон зам бөлгөө. Үгийн шид, утгын тарниар дамжин ертөнцийг таних, ажиглах, нээх гэгч гагцхүү яруу найргийн үүрэг, жигүүр санагдана. Яруу сайхны цэн­гэл эдэлж, түүгээр санаж сэрэхүйн тархины түмэн утас чавхдасыг товшуурдах бол ариусахуйн мөн чанар болой. Хуралд суугч яруу най­­рагчид ихэнхдээ өөр өөрийн нутаг орны аяс агуулгыг хадгалсан хувцас өмсчээ. Монгол нь монгол, энэтхэг нь энэтхэг, мексик нь мексик, испани нь испани, америк нь америк гэж шууд танигдам донж маягийг бий болгосон нь их л өвөрмөц. Энэхүү хурлыг голлон зохион байгуулагчдын нэг нь Тайванийн нэрт найрагч Юй Си байлаа. Тэрбээр хөгж­мийн зохиолч, уран зураач бөгөөд Монголын соёл, яруу найргийн ака­демийн ерөн­хийлөгч Г.Мэнд-Ооёогийн шадар анд билээ. Энэхүү хуралд морилогсдоос Юй Сигийн цараа зангараг ихээ­хэн анхаарал татав. Тэр өө­рийн зөвхөн орчуулгын баг­таа хорь орчим хүн дагуулан иржээ. Г.Мэнд-Ооёотойгоо ярьж хөөрөхийн тулд Саруул хэмээх монгол охин дагуулж ирсэн байх жишээтэй. Тэгээд англи, хинди, франц, герман хэлний гээд бүгд үс зүс ижил шахуу залуухан бүс­гүй­чүү­дээр өөрийгөө хү­рээлүүлэн явах шидтэй гэ­мээр эр. Түү­ний гайхам­шигтай нь зөвхөн яруу сайх­ны төлөө төрсөн мэт. Зохио­сон шүлэг, дуу нь тэр дороо л хүмүүсийн сэтгэлд хүрч, эзлэх зайгаа олдог байна. Өөрийн авьяас чадал, оюуны бүтээлээ л чухам зүй ёсоор нь мөнгө хөрөнгө болгож, өөрийн замаар, өөрийн хур­даар нисч явдаг нь энэ буюу. Тэр бас дэлхийн хүмүү­сийг гэгээ­рүүлэх, яруу сайханд шим­түүлэхийг мө­рөөдөн хүсч явдаг нэгэн юм. Хурлын нэгэн хөтөлбөр нь өөр өөрийн хэл дээр шүлгээ унших, нэгэндээ сонсгох байлаа. Бангладеш, унгар, америк, польш, мон­­гол, мексик, испани, франц, хинди, тамиль, хятад, со­лонгос маш олон хэлээр яруу найраг сонслоо. Хэл бол­гоныг яаж мэдэх билээ. Гэхдээ яг юу гэж байгаа нь эс мэдэг­дэвч тэрхүү олон хэлийн цоморлигт шүлгэн уншлагын ахуй хүрээ үнэхээр бас нэгэн өвөрмөц мэдрэмж үүсгэхийг илэрхийлэлтэй. Зөөлөн гол мөрний урсгал мэт аядуу намуун, зөн бодол, уярал хайрын гэгээн, хатуу ши­рүүн, хэцүүг даван тэмүүл­сэн бадрангуй, хар цагааныг зааглаж бодлогоширсон гүн гүнзгийг санагдуулах нь эг­шиг авианы хэрэг ээ.
Утга хөг ийнхүү шаргисан их цутгалд манай Ц.Ба­вуу­дорж, Д.Цэрэндаваа най­рагчид өөр өөрсдийн урсгал ундаргаа нэгтгэн шүлгээ уншсаан. Бид энэ үеэр Мохан гуайн ач охин Дэвитэй танилцсан юм. Энэ хонгорхон тамиль охин хорин дөрөвхөн настай, гуниг уйтгарын өчүүхэн ч сэвгүй болор тунгалагхан хар нүд нь хайр хүрэм. Зөөлөн дулаан нэвт шингэсэн гүн бор царай нь илч гэрэл түгээн тэргэлтээд, дунгийн хэлбэрт гоёмсог уруулаа боронзлог өнгөөр ялимгүй илбэн будсан нь үл мэдэг гялтганах талс­­­тыг үсчүүлэх нь үзэс­гэлэн­тэй болоод яруу. Тэр охин хэдий их өндөргүй боловч, уян ялдам биедээ мөн уруулынхаа өнгөт даа­шинзыг өмсч урсах мэт явах нь нүд сэтгэлд баяслыг хэ­дийнэ төрүүлээд, хөөрхөн чихэндээ том гархин ээмэг зүүн хээнцэрлэсэн нь сайхныг улам тодотгосон байх буюу. Бид Дэвитэй хамт нэгэн хөгжмийн тоглолтыг үзлээ. Тэнд саксфон, бөмбөр, цоор зэрэг хоёр гуравхан хөгж­­мийн зэмсгээр энэтхэг аял­гууны илэрхийллийн эх сур­валж болсон авиа эгшгийг сонсгох ажээ. Тэр хөгжмөөс гол усны урсах чимээ, толгой дээрээ ваар тавин явах тамиль бүсгүйн үйл хөдлөл, аман хүзүү тол­гой хоёрын нь заагаар давт­сан мэт далбайн цогнойж байдаг аймшигтай могойн биелгээн зэрэг “уншигдаж” буйг Дэви бидэнд хэлж өглөө. Бавуу найрагч Дэвигээс найз залуутай юу хэмээн асуу­сан юм. Дэви түүнд “Тийм ээ, бий бий” гэж хариулахаар нь манай хүн “Тэгвэл би зүрхэндээ шарх­тай буцах нь ээ” хэмээн найрсгаар хошигнон хэллээ. Хариуд нь хөөрхөн Дэви юу гэсэн гээч. “Тэр тийм ч муу зүйл биш шүү дээ” хэмээн хэлээд хэвлүүхнээр инээв­хийлсэн билээ. Орой нь бид том зоог барилаа. Тэр бол Юй Сигийн зохион явуулж буй хүлээн авалт байлаа. Манай Са­вериагаас зайдуухан буусан нэрийг нь үл мэдэх, их тансаг том буудалдаа ийн үдэш яруу найрагчдаа Юй Си мэ­хийн мэхийн хүндэтгэлээ. Түүний нэгэн ийм шүл­­гийн мөр байдгийг уншжээ.
Халуун зуны алтлаг өнгөт наран цэцгэн дээр
Хаа холоос мөнгөлөг эрвээхэй ирж буулаа.
Өнгийн солонго гай­хам үзэмжийг тод­руулаад
Өндөр тэнгэрийн хэн­гэрэг хаа холдоо дуур­савай.

Энэ орой Юй Сигийн хү­лээн авалтын зочид халуун зуны алтлаг өнгөт наран цэ­цэг мэт байв. Би тэднийг эгчмэд мексик хүүхнүүдийг гэж санав. Хаа холоос мөн­гөлөг эрвээхэй ирж буусан мэт нь намрын сэрүүн Мон­голоос очсон монгол най­рагчид байв. Хаа холоос ирсэн тэрхүү “мөнгөлөг эр­вээхэйнүүд” дээрээ Юй Си эрхэм өөрөө эргэлдэн эр­гэлдэн байв. Халуун дотно анд Г.Мэнд-Ооёогоо асуун асуун байв аа. Өнгийн со­лонго гайхам үзэмжийг тод­руулах мэт орчныг тэр орой Юй Си найрагчдаараа бүр­дүүлээд, өндөр тэнгэрийн хэнгэрэг хаа холдоо дуурсах мэт сайхан үдэш тийнхүү зохионгуйд барилдлаа. Энэ шүлэг бол Мэнд-Ооёо эр­хэмд зориулсан түүний сэт­гэлийн өргөл юм. Их сайхан шүлэг. Хүлээн авалтын дараа энэ шүлгийг бийрлэгч тэрхүү эрхэм биднийг өрөөндөө урилаа. Түүний өрөө бол Энэт­хэгт тэр түр ирсэн, до­лоо­­­хон хононо гэхэд үнэхээр гайхмаар байлаа. Тамилийн хам­гийн гоё буудлын ерөн­хийлөгчийн өрөөнд өөрийн бүхий л бүтээлийн чуул­гануудыг өрөөд, ойрмогхон бичсэн шүлгүүдээ бийрээр таталгаад бэхийг хатаахаар хананаас хананд хад­мал­даад, тэндээс нэгэн бүсгүй ирж цай барьж, эндээс нэгэн бүс­гүй ирж хүндэтгэл үзүүлэх тийм гайхамшигт орчныг бүрдүүлэн байх юм. Эгээ л энд үргэлж мөнх амьдардаг юм шиг. Тэр шүл­гээ бичээд, ноотоо үзэглээд л дараагийн хүнд шилжүүл­дэг байна. Түүнийг нь уран бүтээлийн гайхам шат дамж­лага бүхий бүхэл бүтэн ба­гууд гар дамжуулан бэлтгэж, хэвлүүлж зах зээл болоод оюунт хүмүүсийн хэрэгцээнд гаргадаг байна. Тайваньд тэрбээр хэд хэдэн том эд­лэнтэй агаад зөвхөн би­чи­хээс өөрийг эс хийн зуун найман хоног ажилладаг урлан нь далайн хөвөөнөө нэгэн арал дээр оршдог бай­на. Эрхэм уншигч авгай та Энэтхэгт ирээд яагаад сэдэв хальтрав хэмээн бүү зэм­лээрэй. Энэтхэгт ирсний тул энэ цагийн том уран бүтээлч, утга уянга, гэгээн яруу сайх­ныг бий болгож, түүнийхээ үрээр ингэж халгиж, цалгиж явдгийг харав биш үү гэж бодогдоно. Ийнхүү Юй Ситэй үдшийг өнгөрүүлж, эрхэмсэг агаад цөөн үгийг солилцоод буудлынхаа зүг явцгаалаа. Хурал хуй болоод тамиль гудамж, тамиль хүн, тамиль тал, тамиль бут сөөгийн мөн чанарт төдийлөн барим та­­вим биш хүрээд, мар­гааш­наас “Явж өгнө дөө” гэж дотроо хэлж явахдаа Юй Сигийн өөртөө бүтээсэн хү­чирхэг ертөнцийг эрхгүй бахархаж явлаа. Оюуны бү­тээ­лээ үнэлүүлж, ард түмнээ гэгээрүүлж, цэлмээж, яруу сайханг амтлуулсныхаа тө­лөө ийнхүү ертөнцийг алган­даа багтааж явах шиг сайх­наас өөр сайхан гэж ер юу байна гэсэн шиг бодолд эзэм­дүүлсээр Савериадаа ирлээ. Маргааш бид аялалд Чен­найгаас гаран явах юм. Бенгалын буланг хөвөөлдөн шаггүй урт зам, сайхан аялал хүлээж байгаа гэж итгэнэ. Бавуу найрагч Дэвид зориу­лан сайхан шүлэг бичнэ гэж ярьж байгаад төдхөн унтаад өглөө. Тэр бичих шүлгийг нь би өөрийнхөөрөө зөгнөн “харж” хэвтлээ. Монгол гэж сэрүүн хангай бий. Танай Ченнайнх шиг халуун биш. Чиний байгаа энэ дув ду­лаахан ахуйд ирснээс хойш, чамайг би хэзээ нэгэнтээ даарав гэж мэдвэл, өмнөөс тань дагжих мэт болно гэсэн шиг шүлэг бичих байхдаа гэж бодлоо, өмнөд Энэт­хэгийн дув дулаан, хав ха­луун шөнө. Харин энэ цагт Дэви Бавуугийн “Нэг их том цагаан заан” номыг нь Тами­лийнхаа нэгэн цэцэрлэгт уншин сууж байж ч мэдэх юм. Тэр бол том цагаан заантай нутгийн охин мөн билээ.
Өглөө эрт томоо гэгчийн таван автобус хөлөглөсөн манай нүсэр багийнхан Тами­лийн хязгаарын хот балгад, хөшөө дурсгал, хүн зонтой танилцахаар гарч өглөө.

Аял­на гэдэг бол зам харгуйг мэдрэх явдал. Өмнөд Энэт­хэгийн зам бол нэн чигжүү, хөдөлгөөнд оролцогчдын соёл сайн биш. Замын эн хүртэл их нарийхан юм. Зөрөх маши­нууд бараг шүргэлцээд л туучих. Бүх машин буруу талдаа жолоотой. Зүүн талын толины хэрэг алга, зарим нь эвхчихсэн, зарим нь бүр аваад хаячихсан байна. Орон нутгийн үйлчилгээний авто­бус унаа нь сэрүүцүүлэх төхөөрөмжгүй бололтой. Хар улаан алагласан том том үхэр машинуудын цонхоор тас хар царайтай хүмүүс, илтэд халуурхаж, нохойгоор бол хэлээ унжуулж, сарлаг­сан бол уухирдан сааглаж явна уу гэлтэй. Гэхдээ энэт­хэг хүн хэзээ ч өөрч­лөг­дөш­гүй тэр халуундаа нэгэнт дасаад тэрхүү хэцүү юм шиг, өмнөөс нь халгамаар ядран­гуй төрх нь магадгүй эрч хүч, нөөц боломжийг агуулж бай­даг ч уу, энд бойжсон биш яаж мэдлээ. Үзэгдэх төрх, үнэн байдлаас зөрөх нь олонтаа. Хэрэв энэ халуун үнэхээр гамшиг сан бол эд ингэтлээ олуулаа болж хүн төрөлхтний хүрээнд тодоос тод толбо­ширно гэж үү. Аялна гэдэг бол бодох цаг. Эргэцүүлэх зав зай. Ченнай хотоос хэдийнэ алслан гарсан ч, суурин хо­тын байдал ер өөрч­лөгд­сөнгүй. Өөр ямар хот руу, суурин руу орж ирж байгаа нь барагтай мэдэгдэх зүйл алга. Гагцхүү машины цонхоор тасралтгүй нааш цааш зөрөх хүн зон, ногоохон уст цөөрөм, өвдөгцөө намагшсан уснаа зэрэгцэн зогсоцгоогоод та­риа­­лалт хийх хүмүүс, сэлмэн далиу эвэртэй хар одос үх­рүүд өвсөн толгой шүүрэн гилтэлзэх дүр зураг зог­солт­гүй үргэлжилж байлаа. Манай энэ тамильчуудад байна уу, ерээс энэтхэг хүний нийтлэг дутагдал уу, алив юманд жаахан нарийн мэдрэмж муу­тай шиг. Хоёр цаг яваад очно гэх газраа гурван цаг явчи­хаад, арай болоогүй байна гээд дэрмэлзэх нь нийтлэг. Ингээд бидний халуу дүү­гэсэн үдэд ирж зогссон газар бол Махабалипурам байлаа. Энэ нь Бенгалын булангийн баруун энгэсэгт орших Коро­мандал эрэгт орших ажгуу. ЮНЕСКО-гоос дэлхийн соё­лын өвд бүртгэн авсан газар. Тийн соёлын дурсгал болохын учир нь чулуун урлал, түүний өв дамжин хадгалагдсанд байна. Байгаль дээр байсан чулуун уул толгодыг цүүц­дээд байна уу, өрөвтөлдөөд байна уу, ямар ч байсан заан болгож, сүмд хувиргаж, бүхэл бүтэн урлан үүсгээд хотыг туурвичихсан байгаа юм. Тэгээд уг туурвил нь энэ тооллын өмнөх 600-700-гаад оны өмнө урлагдсан гэж бай­гаа юм даа. Мөн адармаатай цаг тоо шүү. Тэртээ цаг үед ийм юм бүтээ­гээд, ариглаж гамнан авч ирнэ гэдэг их ухаан л юм даа. Хоёр их тооллыг дамнан болдшин хатаагдсан тэр чу­луун хотыг ирт, үзүүрт бол­гоноор чичивч үл нурж эвд­рэхээ. Мөнхийн юм гэж юусан билээ, хэнсэн билээ гэх. Гэхдээ мөнхийн юм гэж үүнийг хэлэлтэй, түүнийг бүтээгч бас мөнхийнд ха­маарч байна. Тэр бол хүн юм. Аугаа их бүхний сүүлчийн цэг дээр хүн л зогсмуй. Тэгэхээр аугаа их ард түмэн бол Энэт­хэгийн ард түмэн яах аргагүй мөн байгаа биз. Би өөрөөсөө ийнхүү асуугаад, хар аяндаа л бүх эд эсээрээ мэдрэн зөвшөөрч явлаа. Нэг мексик бүсгүй том хүрэн чулуун зааны хошуу руу нясалж, хумсалж үзэж байгаа хараг­дана. Тэртээ галавын өмнө ч бас хэн нэгэн нь энэ зааныг бүтээчихээд нясалж, алга­даад бахдан зогсч байсан байж мэдэх. Урьд өмнөх­гүйгээр одоо үе үгүй, одоо үе үгүйгээр өмнөх үе үгүй. Ер­төн­­цийн үнэн энэ. Тэрхүү чулуун хотын бие эдийг барьж үзвэл хав халуун. Уучлаарай л даа, мэргэн уншигч авгай та, би энд хав халуун хэмээх үгийг цөөнгүй нуршиж буйг. Амьсгалах агаар, хөдлөх тутам энэ ха­луун үргэлж зуураатай байгаа болохоор давтахаас яалтай. Халуун байна гэж чулуу ч гэсэн гараар дамжуулан ийн­хүү хэлж байна шүү дээ. Гэвч халууныг хамгийн их тэвчигч нь чулуу ажээ. Тийм учраас л энэхүү соёлын дурсгал цаг хугацааны үлэмж их мөч­лөгийг туулж чадсан байна. Махабалипурамын чу­луун дурсгалуудын урла­лын илэрхийлэл нь гоёмсог бун­хан, заан, арсланг дүр­сэлсэн хээ, тамиль маягийн донжтой суврагуудаас цог­цол­­сон нь зөөлөн нарс зорсон лугаа нарийн чимхлүүр уртай. Эн­дээс хүний дүрслэх, урлах чадвар ерөөс анх орчлон эхлэхэд л зэрэг өгөгдсөн мэт санагдана. Чулуун дурсгалын газар ийнхүү бодол мэлмий урал­дуулсан хэсэг азнаад цааш хөдөллөө. Номхон далайг хөвөөлдөөд өмнө зүгийг ба­риад л яваад байгаа. Нэг уужимхан усан хөн­дий мэлсхийн гарч иртэл, замгаран ногоорогч мандал дээр нь баахан хонь хөвж явах шиг харагдлаа. Харин энэ “хонь” хэмээн харсан зүйл бол хотон шувуу байлаа. Манай Хар-Ус нуур намар яг өдийд цэнхэрлээд, шувуу будраад ер бусын байдаг даа. Тэрхүү цэнхэртэн болорших усанд будран үймэх шувуу­дын нь дунд энэ л хотон шувуу өмбөж бөмбөж байдаг л. Дорно Тамилийн гүн ногоон уснаа ийнхүү хотон шувуу үзээд нутгаа саначихлаа. Өмнөд Энэтхэгийн шувуу Гималай давж Монголд очдог гэдэг. Мадрасын тэмдэг бү­хий бөгжтэй шувуу Хяргас нуурт очсон нь бий. Тийн үзвэл Хар-Ус нуурт айлчлан очдог хотонгийн садангууд эд мөн биз ээ. Бас чингэж бод­воос энэхүү ногоон усан хөндий, Хяргас, Хар-Ус нуу­рууд эдгээр хотон шувууны хэвэл нэгт нутаг болох бүлгээ. Энэ нуу­рууд нэгэн бүүвэй­тэйн тул хотонгууд ирж очин хөвнө буюу. Хол ойр, хязгаар алс, өмнө умар, өрнө дорно бүхэн ямар нэгэн сэжмээр холбог­доно. Монголын баруун хяз­гаарт хотонгийн хошуу­гаар морины хусуур хийдэг нэг муу зуршил бий. Харин энэ өмнөд Тамильд хотонг хороох ямар нэг шалтгаан байдаг эсийг мэдэхгүй юм. Амгалан тайван хөвж байхуй нь аюул­гүйнх болов уу. Гэвч Хар-Ус нуурын гүймэгхэн бидрээнд мөр дарж цор­голсон танан гүц адил хөвж байдгаас, Та­миль хязгаарын энэ хотон­гууд үнэндээ жаа­хан гоём­соггүй харагдлаа. Эх нутгийн хайрга хүртэл хөвөн мэт санагддаг элэг зүрхний татла­гынх биз ээ. Ингэж өмнөд Энэтхэгээс Монголынхоо зураг хээг бо­дож явахнаа, энэ байдлыг улам лавшруулах гэсэн мэт улаагч, халиугч үнээд тутар­гын талбайнаа идээшилж үзэгдлээ. Яг л монгол үхэр, биеийн бүхий л галбир төр­хөө­рөө. Ер нь Энэтхэгт гурван төрлийн үхэр байна. Замд явж байхад хар загас мэт харагд­сан одос, саяын энэ монгол маягийн халиугч улаагч, гу­рав дахь нэг тийм сүмбэ мэт нүцгэн цагаан үхэр. Ер­дийн хөсөг, эдэлгээнд энэ цагаан үхрээ их хэрэглэж харагдах юм. Хоёрлосон морь лугаа хосоор нь хөллөөд ачаа бараа зөөн, нааш цааш. Энэ үхэр сэрвээн дээр “зэвтэй”. Тэр нь ботгон тэмээний урд бөх шиг ширээ өндөр. Ямаа­ных адил хойш сэрийн урга­сан урт эвэртэй. Эврийн нь үзүүрийг гууль мэт зүйлээр гоёчлон бөгжилсөн нь харагдана. Тамильд үхэр эрх чөлөө­тэй нь эрх чөлөөтэй л амьтан байна. Гэхдээ унагаад хүл­чих­сэн, ногтлоод хөтөл­чих­сөн, тэргэнд хөллөчихсөнийг харвал бас тийм ч дураар нь дургиулчихдаггүй шиг. Гэх­дээ энд анзаарагдсан нэг зүйл бол Энэтхэгт үхрийн мах, архи, тамхинд цээртэй болол­той. Архи ууж, тамхи татсан хүн үзэгдэхгүй бөгөөд, мах идэх тохиолдол бүрт өнөөх л тахианых. Тахианы мах ч олон өдөр идэж болдоггүй, лүдийн хоол байна лээ дээ. Гэвч энд тахиа, будаа хоёр бол хоолны гол орц. Манай аяллынхан хоёр дахь өдрөө Номхон далайг хөвөөлдөн Понтичэрри хот орохоор явж байлаа. Далайн эргийн амьдрал далайн эр­гийн л амьдрал байдаг байна. Амьдрал ядуу, анхиагүй бол далайгаа, зах хязгаараа л барааддаг ажгуу. Нэг эмгэн, амь нь хаана байна аа гэмээр атлаа үрчийсэн хар гараараа жараахайны хайрс нудчаад л, үргэлжилсэн өгөр сүрлэн овоохойн дор тув туранхай шалдан хар хүмүүс эр эмгүй нэг юм идсэн болоод л, савх шиг хөлтэй майцарсан нялх хүүхэд унаж, тусаж уйлаад л, сав суулгаа угаамар болон самардаж суух өвөгчүүд. Өмссөн хувцасгүй шахам атлаа сахал нь ноолорсон заваан харчууд углавчаа давхарлаж дэрлэн ун­тац­гаана. Сахал дээр нь ялаа сууж, салтаа цавиа хумьсан юм алга. Үлгээд үлгээд сүү гарамгүй арьсан хөхтэй эхнэ­рүүд эрийтэл сууцгаачихсан, энгэрт нь чөрдгөр чөрдгөр хар хүүхдүүд гүрвэл шиг зүүл­гээстэй. Цаана гүн их далай эрчлэн эрчлэн давал­гаал­на. Тэр давалгаа нэг л өдөр “Ин­гэж амьдрахаар, бүү амь­дар” гэх шиг бөөнөөр нь авч оддог байна. Гэвч дахиад л маргааш нь далайн хөвөөнд мөнөөх амьдрал яг хуучин байснаа­раа зээглэн эрийж, нүдэнд дасал болоогүй хүнд өтчих­сөн мэт язганадаг бай­на. Хүний хорвоо чадалгүй, ар­чаа­гүйгээ ингэж дандаа холт­гон зайлуулан хаялж, мөнөөх арчгүйн армид газар хотой­гоод ирэхээрээ байга­лийн заазаар арчиж орхидог нь үнэн юм. Тамилийн хяз­гаарт, далайн хөвөөнд хүн байхуйн утга учрыг дахин шинээр эргэцүүлж явлаа. Энэ бөглүү алсын ядуу хү­рээнд соёл боловсрол, эгээрч гэгээ­рэхүйн тухай яриаг ог­тоос орхиход, зөвхөн гол зогоо­хын төлөө, өдөр хоногийг өнгө­рөөхийн тухай яриа хээн­цэрдэх шахуу байна биш үү. Ж.Гэндэндарам гуай ярьж байна. Тавин жилийн өмнөх энэ амьдрал яг л хэвээрээ шүү гэж. Миний бодлоор та­ван зуу, таван мянга, таван сая жилийн өмнө ч ийм л байсан биз ээ. Хойшид хэр­хэхийг эс мэднэ. Өөрч­лөг­дөнө гэхэд бэрхтэй. Ийн­хүү оршсоор байх юм болов уу даа. Понтичэрри хотод ирэхэд цэвэрхэн гэж жигтэйхэн. Яа­гаад ийм цэвэрхэн нь учиртай. Тамилийн энэ бүс нутаг хам­гийн анх Францын колонид өртсөн газар. Арван­найм­дугаар зууны турш энэ улсын эрхшээлд байжээ. Тэр эрх­шээн суугчдын үр хүүхэд эдүгээ Энэтхэгийн парла­ментад нутгаасаа сонгог­дож хүртэл үе дамжин амь­дарч байгаа нь сонин. Энэ учрын улмаас цагаан арьст­нууд түлхүүхэн суудаг тул тийн­хүү цэвэр цэмцгэр бай­гаа хэрэг ажээ. Бүр европжуу. Бид энд Шри Ауробин­догийн Аашрам хэмээх хүн­дэт газарт зочлов. Аашрам гэдэг манайхныхаар бол да­цан юм уу даа. Энэ Ааш­рамыг үндэслэгч Шри Аури­биндо хэмээх браахман нь зуун арван тав насалсан хүн бөгөөд Энэтхэгийн домогт зохиолч Р.Таагүрийн удмын хүн ажээ. Бясалгагч, гэгээ­рэгч хүмүүн байжээ. Энэ хоёр гол шалтгааны улмаас энэ Аашрамд хүмүүс ихэд очдог байна. Дацангийн төвд цэцгэн эрх хэлхэж дээжилсэн гоём­сог мандал байх агаад өвдөг­лөн сөхөрч хацар духыг хүр­гэн чив чимээгүйгээр удаан суух хүмүүс нэн сүжигтэй. Тэнд ярьж хэлэхийг хориглох ажээ. Нэгэн зууныг бүхэл бүтэн элээж дахин арван таван жил амьдарнаа гэж. Бодвол их л лут хүн байгаа биз дээ, гэгээ­рэх, ариусах мөн чанарт хүрснийх болов уу. Чимээгүй амгалан энэ дацангаас гараад ирвэл нэгэн их том зааныг зургар хар хүн хөтлөн гу­дамжны цаагуур далдрах нь нар жар­гах шигийг санагдуул­лаа. Хэсээг, байж байгаад тэртээгээс мө­нөөх зааны цурхиран цур­хиран уйлах мэт дуугарах нь сонсдвойлэгт уншин сууж байж ч мэдэх юм. Тэр бол том цагаан заантай нутгийн охин мөн билээ

Энэ үдэш түр буудаллах зочид буудалдаа их орой, нилээд алжааж ирлээ. Ер нь л жаахан аяншицгаажээ.

Энэт­хэг нутгаар аялна гэдэг бол бас жаахан алжаахын нэр шүү. Чингэвч алжааж, бие сэтгэл чилээсэн явдал са­наанд үлдэж, тэр хэрээрээ дурсамжийн тойрогт гэрэл­тэнэ гэж санана. Бид энэ үдэш, нөгөө гур­ван зуу гаруй хүмүүс тань хооллохоор нэгэн өргөн цэ­цэгт гудамжаар явахдаа бараг анир чимээгүй алхацгааж явлаа. Бүгд нэг тийм бодол­шиж, хөлийг үл албадан ал­хац­гаах ажээ. Харин хэзээний л дуу шуу болж явах сэргэлэн нь дэнд­сэн гэмээр хэдээ мексик ажаа нар хэдийдээ юм, хувц­саа сольчихсон ца­цаг­ширч, тод сонсголонт үг яриа нь энэ цуваанд “хонх” болж явна. Зохион бай­гуу­лагчид биднийг тийнхүү ядрах аядсаныг мэд­сэн юм шиг. Яг далайн хө­вөөнд үдшийн зад­гай зоогийг бэлтгэжээ. Бен­галь тэнгисийн яг эрэг дээр шүү. Сайхан сэрүү­хэн сэв­шээ давалгааны түр­лэг бол­го­ноор үүсч, энэ газар ирсээр бараг анх удаа шахуу сэвлэг үс, бие бодь сэвэрч тайв­ширав. Далайн давалгаа сон­сон, зүлгэн дээр хөлбөрөн суугаад, наргил модны тол­гойн чинээ самарын доторхи умдаанг шимэж суулаа. Эх хуурай газрын хөвгүүн би ингэж суух дандаа биш. Манай нутагт, Бумбатын ууланд Өнгийцийн улаан хад хэмээх сайхан газар байх бүлгээ. Тэр хадан дээр өглөө эртээ, нар битүү гарчихаад алгуурхнаар ман­дах нарны туяа ертөнцийг гийгүүлэх цагт хавь ойрыг нэгжин дурандаж суух шиг сайхан эгшин байдаггүй. Тэр­тээ доод хүрэн асганаа бү­дүүн бурхи тан танхийж, уулын гол догшноор сар сар­хийн угалзлан садрах судаг, хөндий болгоноос сонсдож , хажууханд хомоол дээр ун­гат­гасан арц таатайяа сэнгэ­нэж, ер бусын л даа. Тэнгисийн хөвөөнд тийн­хүү наргилын зэрлэг шүүс шимэжээ суухад ингэж бо­догд­дог байна шүү. Шөнийн энэ далайн сэвшээ салхи Өнгийцийн улаан хадны минь агаарыг санагдуулж, хүрэн бурхит асганы болсон тош­логын исгэлэн амтыг энд наргилын нял амтат шим шүүс орлох энэхэн орчлон хорвоогийн сайхныг ээ. Шөнөөр далайг сонсоно гэдэг яруухан. Тэгээд Бенгалийн тэнгисийн шүү. Далайн ман­дал дээр яг одоо юу байгааг одоо би эс харна. Хаялга хаялгаа хөөн мундрах их давалгаанаас өөр юу байх билээ гэж бодогдоно. Зөвхөн түрхэрэх чимээ нь л сүр­лэгээс сүрлэг бөгөөд мянга түмэн заан гүнд нь сэлэлдэн наадаж эрэг эрмэгийн нь хөвөөг ийнхүү их усаар бул­хуулан долоолгуулж байх шиг санагдана. Өглөө нь далай өнөөх л янзаараа түрхэрч, ихийн их билүүт уулын алсын бэл мэт үе давалгаагаараа бидэртэнэ. Манайхан босоцгоочихсон далайн эргийн мөнгөн элсэнд нүцгэн хөлийнхөө тавхайг нийлж явна. Шөнийн түрлэг бяцхан бяцханаар дотогшлон эгшээд нойтон элс халуун нарны шарлагад умран умран хуурайшч байлаа. Тийнхүү алтран хатаж байгаа элснээ дунгийн гоёхон бумба яснууд ов товхон цоо­хор­тож үзэгдэх нь урьд шөнө халамцуу баахан хүүхнүүд бөгж, зүүлтийнхээ бэлзэг, сондорыг унаж цацагдтал нь бүжиглэсэн мэт хөгжилтэй бодлыг төрүүлэх ажгуу. Дун­гийн тэдгээр яс нь үнэхээрийн ариухан гоё агаад зүйлийн олон өнгөтэй. Бенгаль далайн хэвлийд амьдаран бужигнагч үй түмэн дун хорхой шөнө тутам ийнхүү бөөн бөөнөөр нөмрөг ясаа гуужуулан шил­гээгээд, эрэг хөвөөн дээр ийнхүү “Зүүлт бөгжнийхөө чимээсэнд зүйж, шигтгэж хэрэглээрэй” гэх шиг үлдээ­дэг байна. Манай О. Мөнх­наран тэрхүү гоёлоос өөрийн чимгэндээ нэмэрлэсэн би­лээ. Дал модны дунд хэвтэж огторгуй тийш ажвал, тэрхүү моддын мөчир, нахиа асар том ногоон шувууны өдөн багсмал шиг харагдаад, би­вээр тэрхүү өдөн цомирлогт суугаад найлзуур, ширхэгийн нь завсараар тэнгэрийг харж байна уу гэлтэй. Хажууханд хөөрхөн эрээн жирх модноос модноо чавхдан дүүлж, энэ ер хэн бэ гэх шиг наагуур цаа­гуур булталзан хармой. Тэндээс бид Энэтхэгийн хамгийн ариун шүтээн газ­руудын нэг Чидамбарам На­та­­ражар хэмээх гайхам сүмд очив. Шива хэмээх бурхны дүрээр энэтхэг бүжгийн таван зуун хөдөлгөөнийг дүрсэлэн сийлж, сүмийг чимжээ. Мон­гол сүмийн дээвэрнээ бодь гөрөөс цөмцийн жавхалзаж байдаг бол энэ сүмийн дээвэр биеэр өнөөх уналага хөсөгт ашигладаг соёо бөхөн сэр­вээт үхрийн амирлангуйгаар хэвтсэн дүрс бүхий шигтгээ ихээхэн тохиолдоно. Энэ сүмийн эд бие басхүү чулуу­гаар бүтээгдсэн агаад, энэ орчилд хөл нүцгэнээр зорчиж явах ёстой ажээ. Хөлнөөс халуун чулуун шал жигнэнэ. Нэг их таатай биш санагдана. Сүмийн үүдээр гуйлагачид зөндөө агаад өнөө халуун чулуун шалнаа хэрзийж хор­чийсон биеэ наан хэвтсэн нь улам л лайтай мэт. Орогч гарагч гадаад хүмүүсийн зүг туйлын хэцүү харцат нүдээр царайчлан өндийж, алгаан дэлгэхийн дээр зарим нэг нь зоосон мөнгө шидлэхэд ха­тин­гар хар гар даруй хам­химуй. Тэр зоос хэдэн ширхэг будаа болох бол гэж бодохын сацуу, будаандаа хүрэх бо­лов уу гэмээр эцэнхий бие нь бие зарайлгана. Хүн айж ичих, цочин агдасхийх түмэн­тээ боловч, гуйлгачин ядуу­гаас, тэр дундаа Энэтхэгийн гуйлгачин ядуугаас илүү илүү бие зарайн эвгүйцмээр шиг ээ. Чулуун шалан дээр нав­тарга адил байх тэдний хажуу­гаар, цатгалан цатгалан ца­гаан үнээд тохуутай байна шүү гэмээр задгай баан алхалах агаад энэ гайхам­шигт сүмийн энэтээ тэнтээ хар хэрээ дураар нэг гуаг­чих нь юуны ёр вэ гэж бодогдмоор. Сүмийн урлал, хийц гайхамшигтай. Хүний хийс­нийг хүндлэх хэнд болов үнэндээ гайхам бишрэлийг төрүүлнэ дээ. Тийм үлэм­жийн бишрэл төрүүлэхийг бүтээгч, энүүхэн хаалганы цаана хэвтээ гуйлгачин эмгэнээс ч төрсөн үү, хэн мэдлээ. Эдний л удам су­дар, өвөг дээдэс шүү дээ гэдэг нь маргаангүй юм аа. Хүн төрөлхтөн бүхий л түүхэндээ бүтээгч байсан. Энэтхэгийн ард түмэн хам­гийн их бүтээгч ард түмний нэг байсан нь энэ сүмийн жишээнээс харагдана. Чу­луун сүмийн халуун шал үүнийг сануулах мэт хө­лийн улаас жигнэнэ. Сүм дотор хөөрхий нэг хөх заан байлаа. Жуулчдад үзүүлэх, тэдэнд тал засуулахаар түүнийг энд хаджээ. Хойт хөлнөөс нь гинжээр тавгалчихаж. Амьд зааныг анх удаа ойроос харж байгаа маань энэ. Биеийн нь арьс хөхөлбий болоод зур­гадугаар сарын чилдэн хөх тэмээдийг санагдуулна. Зааны нүд хундаган чинээ, тэр том биед ийм жаахан нүд заяах гэж. Зааны чих дал модын мөчир адил салбан далбан, лай л болмоор. Зааны хөлийн тавхай тэгшхэн тайрсан царсны суурь лугаа адил, хумс нь загийн үндэс мэт. Зааны бие эртний хаадын сүйх лугаа уудам, заасан дохис­ноор хөдлөх нь далайн давал­гааг сэлүүрээр удирдахын адилаа. Үргэлжлэл бий

Зааныг их ичимхий амьтан гэнэ. Тэр Энэтхэгийн ард түмний дунд тархсан инээдтэй гэмээр домгоор тайлбарлагадана.

Өнөө муу ичимхий зааныг тань нэг тийм шөвгөр, эр хүний бэлэг эрхтэн адил шөмбөгөр чулуунаас уячихна л дээ. Тэгэхээр нөгөө их биетэй амьтан чинь ичээд, хөдөлгөөнгүй зогсчихдог гэнэ. Их ухаантай амьтан болоод тэгдэг юм болов уу. Хөгийн наргиантай инээд хүрэм гаргалгаар бол тэрхүү том амьтан “бэлэг эрхтнээс” аргамжигдсанаа үзээд, биеэ барьж, түүнийг нь таслаад хаячихвий гэсэндээ тийнхүү хөдөлгөөнгүй зогсох нь л дээ. Өнөөхөн би энэ зааныг хойт хөлнөөс нь тавгалчихсан байна лээ гэж уншигч танд хэлсэн дээ. Тэгээд өнөө тавгалсан зүйлийг нь харвал бахим том гадас байлаа. Зааны тавгалаатай хөл болон, өрөөсөн хойт хөл хоёр нь тэнд бараг нэг цаг болоход огтхон ч хөдөлсөнгүй. Өнөө наргиант домог үнэн дэг шүү гэж бодогдож байна. Тэр гадас яах аргагүй бэлэг эрхтний хэлбэрийг орлож байна. Заан гэж, хөөрхий нэг ийм уяхан, ичимтгий, дөлгөөхөн сайхан амьтан байдаг ажээ. Чидамбарам Натаражарын үндсэн сүмээр орлоо. Тэр чигээрээ чулуун урлалаас тогтсон доторхи орчин нь аймаар чиг, гайхан биширмээр чиг. Тэнд нэг хүү хүн хүнээс гуйлга гуйж харагдана. Эхлээд баруун гараараа ходоодон тушаагаа дохин зааж, “ Энд юу ч алга” гэж ойлгуулж байна. Тэгээд ам руугаа зааж, юм идэх хэрэгтэй байна гэсэн агуулгаар баруун гарынхаа гурван хурууг үзүүрээр нь нийлүүлэн барьж, уруулаа давуулан дохиж байна. Энэ гурван хуруу их учиртай. Энэтхэгчүүд хоолоо баруун гарын гурван хуруугаараа идэх юм. Том пял тавган дээр авсан хоолоо будаг найруулж буй юм шиг гурван хуруугаараа баахан хутгаж хутгаж идэхийг харахад дасаагүй болоод тэр биз дээ, аятайхан биш санагдана. Улаан алгатай хар гарын хуруугаар цав цагаан будаа, шав шар сүүмс холилдуулчихсан идэхийг харахаар үнэхээр жаахан тиймхэн дээ. Гэвч гараар бүгдийг хийдгээс яахав дээ. Баруун гарын гурван хуруугаар хоолоо иддэг бол зүүн гарын гурван хуруугаар боловсруулаад ялгасаныг цэвэрлэдэг гэж байгаа. Том том буудлуудад бол ариун цэврийн цаас байж байна аа, харин айл юм уу, нийтийн бие засах газарт суултуурын хажууд тусдаа нэг цорго, домботой ус байж байна. Үүний тусламжтайгаар зүүн гарын гурван хуруу ариун цэврийг сахина. Үүнийг нь бодохоор бас л нэг хямсганамаар болгочихно. Гэвч энэ бол энэ газрын л соёл дадал. Бид хонио өрлөж байгаа нь тийм ч аятай харагддаггүй нь ойлгомжтой. Энэтхэгийн тал нутагт өглөө хүмүүс нэгэн жижиг гүц бариад эмбүүлээсээ гардаг байна. Арынхаа сөөгөнд ороод алга болж хэсэг байгаад буцаад гараад ирнэ. Алга болоод байсан хугацаандаа өнөө гүцтэйгээсээ ариун цэвэр сахих бүгдийг амжуулдаг байна. Буцаад урцынхаа зүг явахдаа хавь ойроор нэг байх ногоон уснаас “Цайгаа чаная аа” гээд хутгаж аваад буцдаг байна. Амьдрал бол, тал нутгийн Энэтхэгт ийм шүү дээ гэж Ж.Гэндэндарам ах хэлэвэй. Бид тэндээс Тричи хотын зүг явж байлаа. Замд хэд гурваараа ямар нэгийг дуулалдан хөсөг тэрэг болсон явган нүцгэн хүмүүс байсхийгээд л тохиолдоно. Тэд бол мөргөлчид гэнэ. Хэзээ ч хүрэх нь бүү мэд, юуны тулд ч тийн яваа нь бүү мэд. Явж явж байгаад унтчихна. Өглөө нь босоод өнөөх дуулагнасан чигээрээ цааш явж одно. Энэтхэг бол аугаа их шашинжсан орон юм. Сүсгийн орон юм. Тэр их шашинжил, сүсэглэл нь аквариумд том жижиг, хортой хоргүй асар олон могойг нэг дор хийгээд түгжвээс нэг нэгийгээ барьж идэх мэт эрсдлийг бий болгосоор ирсэн шиг санагдана. Шашин, сүсэг бол тэдний итгэл үнэмшлийг сая сая жил эзэгнээд, эдүгээ ч оюуны нь оройг хаанчилан захирч яваа юм уу даа. Би Энэтхэгийн их ихийн амьдралын зах зухханаас зурах төдийг уншигч тантайгаа хуваалцаж байна. Тэдэнд хэдий ийм уйтан, хэцүү гэмээр амьдрал буй ч, өнөөдөр энэ орон соёл, хөгжлийн олон талт үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлж байна. Ченнайн захын интернэт кафед ороход түүний хурд, хэрэглээний идэвхижил үнэндээ гайхмаар. Товчны үзүүр хүргэв үү, үгүй юү, дараагийн үйлдэл нэхнэ. Тэр кафег өнөө л нэг уйтан харцтай хөвгүүдийн нэг ажиллуулан байна. Энэтхэгт архи ууж, тамхи татсан хүнийг энэ өдрүүдэд нэгээхэн ч харсангүй. Тэнд аавтай хүмүүс эдгээрийг хэрэглэдэггүй байна. Энэ үүднээсээ энэтхэг аавууд их азтай хүмүүс бололтой. Аав нь хүүгээ согтуу явахыг эс үзнэ гэдэг сайхан хэрэг бус уу. Аав нь хүүгээ амьдарч чадах нь уу, үгүй юү гэдгийг харж суух нь сайхан хэрэг бус уу. Харин манайд, амьдрах, чадахаа мэдээгүй байж, архи тамхины амтанд орцгоосон нь хэд билээ дээ, та минь. Энэ мэт хар аяндаа л бодогдож явлаа. Тричийн гудамжаар нэг сармагчин. Тэр сармагчин хүнээс ер айхгүй бөгөөд, нэг л их гуниг болсон амьтад сууцгаах юм. Таг элгээ эвхэж, зовлонд хүлүүлсэн амьтад. Нэг муу ягаан царай, дарвайсан ам, матийсан сүүл, эрвэн сэр шар үс түүнийг туйлын доожоогүй харагдуулна. Энэ их халуундаа цөхрөөд байгаа юм уу, үр хүүхдээ өрөвдөөд байгаа юм уу, өр алдсан хятад шиг байх өнөө сармагчингууд чинь нэг харахнээ нь буцаж буй жуулчдыг далламар болон үдэж байв шүү. Би харин тэр мөчид , дуучин Д.Болдын тоглолтод орохоор хөтөлбөрөө орхин Улаанбаатар руу яаран буцсан DZ man хэмээн алдаршсан тоймч Б.Дашзэвэг ахыгаа шөнийн гүнд нойрмогоор үдэн даллахдаа манайхан иймэрхүү юмнууд зогсоцгоож байсан байхдаа гэж бодоод инээд хүрлээ. Ингээд эх сайхан нутаг руугаа буцахын өмнө бидний таван нөхөр Кумана хэмээх сайхан сэтгэлт энэтхэг залуугийнд хонолоо. Тэдний эхнэр хүүхэд Сингапур яваад эзгүй, бид хэд чухам тарайж өглөө дөө. Хонь гаргуулж, айраг сөгнөсөн шиг юм боллоо. Боловсролтой, шүлэг найрагт үлэмж дуртай тэр залуу, улирагч жил Монголд ирээд гүүний айрагт багахан хугацаанд бузгай орсон гээд байгаа юм. “Horse milk” гээд эрхийгээ гозойлгоод байх нь тэр. Кумана маань хэдийдээ юм, хонины мах олж ирээд чануулжээ. Энэтхэг виски гаргаад тавьж байна. Нагац эгч нь гээд нэг сайхан эмэгтэй, юу хэрэгтэй вэ, би та бүхэнд үйлчилж байгаадаа баяртай байна гээд л. Хачин сайхан үдэш боллоо. Куамана өөрөө виски ер уудаггүй гэнэ, энэ үдэш харин ганц нэг татаатахлаа. Тэр бид хэдтэй элдвийг ярилцаж, сэтгэл санааны нь хүлэг Монголд давхиж явна. Тийнхүү шөнө дөл болгоод Кумана маань сайхан хар нүдээ очтуулан, цав цагаан шүдээ гялалзуулан “Сайхан амраарай” гээд өрөөнөөс гарлаа. Тэр ууч зөөлөн, амирлангуй гүн, эелдэг дотно, ухаалаг номуун харцаараа уйтанхан дорнын хөвөөнд өнгөрүүлсэн халуун өдрүүдийг сэтгэлд минь хэзээ ч мартагдашгүйгээр болор талст сацруулан барлавай. Дэви минь, Кумана минь,саран мандмал нэгэн сайхан үдэш сэтгэлийн талст нийлүүлж уулзахын ерөөл тавья, дорнын уйтан Тамильдаа.

Улаанбаатар-Бээжин-Бангкок-Ченнай- Улаанбаатар. Баастын Золбаяр


Tuesday, September 25

Хавар ай

Улирч буй онд “Гэгээн хэсүүлчин”, “Уйтан дорнын талст”, “Өмнө цэцэрлэгт”, “Үлэмжийн орчлонд удаан амьдарна буюу Урианхай ахын үсэн хаврын салхинаа намирахуй” бүтээлүүд бичиж, уншигчдын талархлыг хүлээжээ. Өнөөдөр өвлийн дунд сарын шинийн зургаан. Мөдхөн хавар айсуй. Б.Золбаярын хаврын сэдэвт бүтээлийг толилуулъя, таалан соёрхоно уу. Харлаг хоньтын уул хавар болохоор зүүдлэгддэг нь хачин. Хашааны тэрүүхэнд халгайн ганц бут ургадаг нь бодогдоно. Хавар надад ингэж Харлаг хоньтын уул, халгайн ганц бутнаас эхэлж ирнэ. Гүвээ толгодын зайвраар улаан үхэр сажилна. Хэд гурав алхаад зогсож амсхийнэ. Амс­хийх­дээ алсын цайдам дахь худаг руу харна. Алс цайдам дахь худаг аяган нүдэнд нь дурайна. Шар тэмээ шавагны үндэс булга татаж хивнэ. Булга татахдаа бурантгаа хазах шиг угзчина. Бурантганд нь хамхуул шилбүүр­дүүлж хөөрнө. Хөөрсөн хамхуул алтан наранд шингээд нэгтгэгдэх шиг бөхний нь дээр бөмбөлөгтөнө. Бөх нь уначихсан тэмээнийхээ нурууг нь голлохоор бөөрөнхий том нэг бөхтэй тэмээ шиг хараг­дана. Ирэх зуны явдлыг зөгнөж эм­гэд гаднаа нарлана. Илүү гэр их гэрийн хооронд явж энэ тэрхнийг хийнэ. Тэгээд гэртээ орж тээрмийн буудай хуурна. Тэднийхээс тэр дороо л шинэ гурилын үнэр түгнэ. Түүнийг нь цайнд хөвүүлж уухаар өвгөн нь гаднаа бууна. Уул талын цас хайлна. Ар сэрвэн, хяр хэцийн цас бүргэдийн зогдор шиг үлдэнэ. Сэр бар бараан адуу цасны наахнатай. Хэний адуу бол гэж худаг дээрээс хүмүүс дурандана. “Хэн юм бэ, чиглээд давхичихлаа, унаагаа юүлэх нь” гэж ярилцана. Дөргөн нуур гялалзан мөстөж харагдана. Дүлий хүн сонсмоор их чимээтэйгий нь гэж тэндээс ирсэн хүн ярина. Хагарч цуурч байгаа нь тэр юм гэнэ лээ. Хажуухан нь байгаа мөртлөө Цээлийн эндээс сонсогдохгүй юм. Харагдах нь ойрхон ч, хол л байх юм даа. Ягаан гүвээний энгэрт ягаан ямаа ишиглэнэ. Яв ягаахан ишиг халиан дундаасаа босно. Ямаан харганын бутанд ороолгон, гуя­дуулан тэнцэнэ. Яг тэр мөчөөс туурай нь эвэршиж эхэлнэ. Ямаа болж эхийнхээ араас даган яваад өгнө. Бүдүүн хурууны үзүүр энхэл донхол замтай. Бүрхээр шиг ачаатай машин тэрүүгээр явж харагдана. Бүдүүн хурууны үзүү­рийн нэгэн хаваржаанд айл ирж байгаа нь энэ. Бүгтхэн дуу нь төдх­нөө аниргүйд шингэнэ. Бүр­хээр шиг ачаагаа буулгаад, ханаа дугуйлж эхэлсэн л. Бүрий бо­лохоос өмнө утаа үнэртэж, хонь нь хотолно л. Хар Улааны шилд хаврын тарвага хошгирно. Хаана, аль ичээн дээр байгаа нь харагдахгүй. Хавь ойрт үнэг чоно үзээ юм болов уу гэтэл үгүй мэдэгдэнэ. Хавар ирээд ичээнээсээ гарав гэж л дуулгаж буй юм уу даа. Судаг дагаж хоньд бэлчинэ. Сул өвс бутны унги руу шигдэвч салхины аясаар задарна. Судгийн бутны унги руу хонь ямаа сөхөрч өвдөглөөд сул цагаан өвс түүж иднэ. Судаг жалга ногоортол сөх­рөн сөхөрч явсаар сулбага салбага гишгэтлээ ядарна. Үдэш хотонд ишиг хурга май­лал­дана. Өл онийн жимээр эхэс нь бас майлсаар ирнэ. Өөвөн шөөвөн жороолон хургасна. Үлгэж нудчихад нь тээршааж сөхөрсхийн хэвтээд өгнө. Гандсан уулс салхин шанхтай. Ганга хунхын цас чимээгүйгээр хайлна. Гантай зун боловч цэцэг нэгэн ургахаар шингүүр авна. Гархи зоос гээгдсэн мэт даваа гүвээнээс гялбалзана. Дов ширэг боролзон борлоно. Тойроод хялман хялман шар устана. Намар мөсөнд дарагдсан даавууны өөдөс хөвнө. Нар ээвэр­лэж усхан нь ууршихаар намуу­хан хуйнд дэрвэн одно. Сумын төв чимээ аниргүй. Шуурга салхи болохоор утасны нь мод дүнгэнэнэ. Шүүтиг маатиг хөвгүүд тоглохоор сүнгэнэж, шун­ги­нах дуу бас гарна. Сумын төвийн байшингуудаар цуурайтна. Сургууль цэцэрлэг эл хуль болно. Яав, машин явахаар сум доргих шиг чимээ гарна. Хуучин муу агуулахын тоостой цонх сар­жиг­натал дуугарна. Сумын улаан булангийн үүдэнд сар сар мотор дуугарна. Хүн үзэж байгаа юм уу, үгүй юм уу бүү мэд кино механикчийн өрөөнд тамхины гал улалзана. Үүд хавиар нь хүн амьтан ер үзэгдэхгүй. Нугас цуурга гажсан сэнсрээ модон хаалга нь нааш цааш салхи­наа савлана. Тэгтэл хальсаа эх­нээс нь тавьчихаад кино механикч гарч ирээд довжоон дээрээ сууна. Тэгээд өврөөсөө мамбсааны хайр­цаг­тай тамхи гаргана. Гаргаснаа алган дээрээ тавиад таган дээр нь тогшино. Тогшисноо мушгисхийн эргүүлж онгойлгоод, тагаар нь үйслээд довжоон дээр тавина. Түрийнээсээ эвхэж хийсэн сонин гаргаж ирнэ. Эвхээсээр нь ураад тамхи ороох цаас бэлдэнэ. Өөлж урна. Өөлж урснаа амандаа хийнэ. Тэгшхэн цаасандаа тамхиа ороо­но. Ороосон тамхиа хоёр долоов­роо­роо чиглэж савхлана. Тэгээд шив шинэ бүтээсэн янжуураа хэлээрээ шилэмдээд цавуудан наана. Тэгэнгүүт амандаа зуугаад асаагаад авна. Тэр маш удаанаар шунаглан сорно. Тэрийгээ хамраа­раа мушгируулан савсуулна. Тэг­тэл дотроос хүүхдүүд шуугилдаж, “Бадаг, бадаг” гэж хашгиралдана. Дараагийн хальсыг дамардахаар тамхиа баагиулсаар ороод яв­чих­на. Айл гэрүүдээс түн түн бүдэг бадаг чимээ гарна. Аргал хоргол түүж ганзагалсан хөх улаан яавууд үзэгдэнэ. Үдэш айлуудаас борцтой хоолны үнэр хамар нэвт ханх тавина. Өнөө бүдэг бадаг түн түн чимээ чинь өдөр борц нүдээд байсных байхгүй юу. Сургуулийн хүүхдүүд ирэхээр сум дуу шуутай болоод явчихна. Бүдүүн ногоон машинаас байрны­хаа гадаа асгаран буухдаа л шуугиулаад эхэлнэ. Нойрмоглосон дотуур байр сэрнэ. Улаан хацартай хүүхдүүд боов шоовтой уут, хайрцагхантайгаа зөөнө. Тасаг тасагтаа төвхнөөд авна. Ирснийхээ маргаашаас охи­дууд дээс тоглоно. Байрныхаа наран ээвэрт ингэж тоглоно. Өндөр нам охид дээр дээр үсэрнэ. Үсрэ­хэд нь хөх, ягаан, улаан, шар туузтай үсний нь цэцэглэл өөд уруугаа сугсчигдана. Охидын солонго тэнд бүрэлдэнэ. “Байрны багш ирж явна” гэж нэг нь шивэг­нэнэ. Өнөө “солонго” тэр дороо сарничихна. Төдөлгүй дахиад багшийг далдармагц гэрэлтэн хурна. Хөвгүүд тэрүүхэнд тойрч зог­соод тэвэг тоглоно. Хөлөө эцмээр өшиглөнө. Өшиглөхөд нь бүгд хамтаар тоолно. Өөр нэгэн нь залгуулаад бас өшиглөнө. Хаврын хөх салхинд хөх тугалган тэвгээр хашааны шороо босгон өдөржин тэд тоглоно. Гутал гэж гурилан шороо. Хувцас гэж бургимаар тоостой. Хөвгүүдийн хавар Чанд­маньд ийм. Төдхөн түнгэ ширэг нялхарч ногоорно. Түүн дээр хичээл ун­шихаар хүүхдүүд очно. Хоёр гурваараа дээл нөмөрч ширгэн дээр хэвтэнэ. Хичээл уншихаасаа хэн тэнд байна, тэр тэнд байна гэж бүртгэнэ. Хичээл унших нь тэр л үдшийн болзоо болж хувирна. Дээд доод лагерийн хүүхдүүд чулуугаар байлдана. Тэгж байгаад нэг нь толгойгоо хагалуулна. Гудамжны үзүүрийн хашаанаас Нямдаваа багш гарч ирнэ. “Гурвын А, Б-гийнхэн шив дээ гэж” үглэ­сээр дөхнө. Гудамжны “байлдаан” намжиж хөвгүүд бутарна. Толгой­гоо хагалуулсан “нөхөр” гонгинож дуугараад багшид ховлоно. “Гур­вын Б-гийнхэнтэй тооцоотой” гээд хөтлөхөд нь нусаа татаад дагана. Алтан хараацай шувуу орой­тын дээвэрт үүрээ засна. Ар өврөөр сүлжин мянган цэцэг агаарт зурна. Аль нь гоё юм бэ дээ гэж бодохын чөлөө өгөлгүй арилж одно. Үдэш хөвгүүд охидтой уулзаж тоглохоор айлын хашааны үүдэнд очно. Үүдээр нэг нь хэнэг ч үгүй шагайгаад “Алимаа гараад ир” гэнэ. Тэдний гэрийн хаалга мэлс­хий­тэл онгойж чийдэнгийн гэрэл дотор хүн гарч ойртон иртлээ танигдахгүй. Тэр хүн Алимаа байвал уулзана, биш бол буцаад харанхуй руу гүйнэ. Холоо очоод баахан инээлдэнэ. “Одоо хэнтэй уулзах вэ” гэлцэн дөжгөнө, гэнэх­нээс гэнэхнээр. Сумын хуучин муу мотор тэгс­гээд унтарна. Сарлаг олноороо сааглан хуухирч байгаад чимээгүй болох шиг таг болно. Сар мандсан нь сая тод гэрэлтэж илүү тодорхой болно. Тэрүүхэн доод хашаанаас нэг жингэр үнэгшиж хуцна. Жийгаж гангинаад зэвүүн муухай дуугаар улина. Хажуу гэрээс “Хүүхэд айчихлаа, яадаг улиан бэ” гэж нэг хүн уцаарлана. Сарны цагаан сүү асгарсан шөнө хүүхэд цочин уйлах нь сонсогдоно. Сайхан ээжийн нь намуухан бүүвэй аргадан аялгуу­лах дуулдана. Сартай шөнө цоч­сон хүүхэд тайтгаран унтах нь мэдрэгдээд, сайхь эхийн бүүвэй алгуур ал­гуур­хан бүдэгшсээр сая чимээ­гүйд уусна. Шөнийн сумын хэдэн байшин сондор хагачигдсан мэт энтээ тэнтээ цэгээнтэнэ. Сумын төвийн шөнө өдрөөсөө гоё юм гэж бодог­доно. Тэгтэл нэг машин гэрэл улалзуулан давхисаар ирээд эмнэлгийн гадаа ирж зогсоно. Шургуу юм уу, Шуурайгийн нэг айлд хөгшний бие тэнхээрхлээ гэж өдөр дуулдсан. Шургуу ороод ирэхээр болчихож дээ, орой эрт явсан юм чинь дээ. Сунайчихаад, жолооч нь л бололтой, тамхи асаах нь уу даа, чүдэнз зурах чимээтэй. Төдөлгүй үүр цайна. Төгөлдөр нэгэн хаврын өдөр эхэлнэ. Түрүү­чийн өдрийн бүхэн давтагдана, эс давтагдана. Төө цагаан өвс, төлөг шүдлэн сульдана. Өдөр уртасч, өвгөд эмгэд цайсна. Өрхний оосор өгөршиж, өл халзан ат үнсэн дээр хөрвөөнө. Үзүүрсгэн дээл халуудна. Өглөө­нөөс орой болтол үхэр адуу худаг руу цувна. Өөр өөр олон хаврын жим хүмүүсийн сэтгэлд тодорч бүдгэрнэ. Нарийн хурууны үзүүрт өн­чин мэт ганц зээр янзагална. Үдэш нарны доогуур гүвээ хор­мойвч­лон уруудна. Гөлөөн ус ховил хунхад зайрмагтсаны ир­мэгт ирээд, гоо хөлийнхөө ту­руугаар нэгэн хоёр тогших төдий гишгэ­лээд буцна. Гогцоорч амгайвч­лалцсан ха­заарт бут руу горхи шингэх шиг хэвтээд өгнө. Орог халиун янзага ооч дор нь хярна. Дэнжийн аргал халтартан бууралтаж хатна. Цэгээн чулуу цасны хайлмагт зүлгэгдэж солир болно. Хавар аялгуу, хавар ай.

Баастын Золбаяр
Sunday, December 16