Vлэмжийн орчлонд би удаан амьдарна буюу
Урианхай ахын vсэн хаврын
салхинаа намирахуй
Урианхай ахын vсэн хаврын
салхинаа намирахуй
Төр хурахын амны хэвлийд өглөө эртлэн ирлээ. Нар Налайхын дээгvvр дөнгөж л тусч байлаа.Тунгалаг алтан туяа нь толгодын оройг сэрмэнэ. Амны vзvvрт өвөлжөөлсөн ойн цагдаагийн хотонд шинэ хургалсан хонь хургасах нь сонсогдоно. Тэндээс бид өөдөө шаламгайлан өгслөө. Тавиухан сайхан амны хойд биеийг бэллэн эрмэглэж явсаар шигvv модод болоод цасан хунгарласан жалгын хөвөөнд хvрээд зогсов. Машинаас бууцгааж, агаар цасны тунгалгийг ам амандаа шагшаад ер бяцхан ч азналгvй оргилыг чиглэн өгслөө. Оргилыг чиглэн гэж хэллээ, яг vнэндээ оргилын vзvvрийг модод далдалсан байлаа. Одоогоор оргилын vзvvр болж мод харагдана. Оргилд гарахын өмнө оргил бий.
Оргил оргилоор өргөгдөж, оргил болж төгсдөг. Цэцээ гvн бол vй тvмэн моддын оргилоор өргөгдсөн оргил билээ.
Яруу найрагч М.Баттөмөрийн нэгэн шvлэгт шороо нь өөдөө урсаж уул болсон гэсэн утга бvхий нэгэн мөр бий. Бид тийм нэг өөдөө шороо нь урсаж уул болсон ертөнцийн нэгэн гайхамшигт оргил өөд “урсаж” явна.
Уулын цас өглөө эртдээ vл уясаад, хатуулагтсан хөр дээр гишгэхэд хvр хvрхийн цөмөрнө. Тийн хvр хvрхийх чимээ алхалт бvрийн хэмнэл айзам болоод, ар араасаа дагалдан яваа бидэн алхалтаараа цасан тагшаа vvсгэн урагшилна. Хөлөөр нэг хөглөрөх борог хааяа шаргалтан тохиолдох бөгөөд тэрхэн хоромд өнөөх ер бусын цасан тагшаа өшиглөгдсөн өвсний vл ялиг хавирах чимээгээр солигдоно. Уулын модод ихэнхдээ цасан мөсөн манжлагаа гөвчихжээ. Хөөрхөн саарал хэрэм модноос модонд дvvлж, эд ер нь яах гэж явна гэсэн шиг бvлтийтэл ширтсэнээ мөчир сvлжин гэдрэг эргэн гялсхийх нь аальгvйтэж байна даа гэмээрээ. Тэнгэр хөв хөх. Цэв цэнхэр, гэгээн тунгалаг. Улаанбаатарт буй бид тэнгэрийн vнэн өнгийг их цөөхөн олж хардаг юм шиг санагдана. Ойд модод анир чимээгvй саглайлдана. Хааяа нэг тоншуулын мод жадлан тон тонхийлгэх чимээ ойртож нэг, холдож нэг сонсогдох нь хаврын ойн аль нэгтээ цохилох цаг мэт ээ.
Vндсээрээ өмхөрч унасан бvдvvн нарийн модод хаа сайгvй тааралдана. Булгарсан vндсээрээ оргил тийш жийгээд унасан, зэргэлдээ модоо тvшиж ойчсон хөгшин залуу тэр их моддыг ойгоос авч цэвэрлэмээр ч юм шиг, бас тэгмээргvй ч юм шиг. Авчихбал цэв цэвэрхэн болно. Авахгvй бол жам ёсоороо vлдэнэ. Бид бvгдийг хялбарчлахыг хvсч сурчээ. Тэр болгон ойд явахгvй атлаа, ганц нэгхэн энэ мэт явахдаа тvvртэж тээршааж байгаагий нь.
Моддын дунд хэвтэж тэнгэрийг харна. Хэвтсэн надад ерхөгийн толгой тээр дээр мэт дохино. Моддын орой бvvр дээр. Тvvнээс дээш хөх тэнгэр vргэлжилнэ. Хөх тэнгэрийг моддын цоорхойгоор харахад хөх заан, хөх луу, хөх арслан зурагдаж vзэгдэнэ. Хэвтсэн намайг тойрч ургасан тэр моддын vзvvрийн мөчрvvд л тийн зураг vйлдэн харуулж байгаа хэрэг. Талд хэвтэж тэнгэрийг ажихаас тайгад хэвтэж тэнгэрийг харвал илvv гоёмсог vзэгдэлтэй мэт. Гэвч талдаа очоод хэвтэж харвал тайгад байгаагvй өөр нэг гоо сайхан заавал тэнд байж таарна.
Бид уулын нэлээд цээжинд шиг гарч ирлээ. Г.Мэнд-Ооёо ах тvрvvлээд л алхаад байгаа. Тэр бол талын, толгодын хvн. Дарьгангын, Онгоны хөвгvvн билээ. Ууланд гарах ерын бус нэг шалтгаан тvvнийг шаламгайлуулна. Уулын энгэрийг тvшиж уулын хvн мэт алхална. Магнайн нь зvvн баруун vсний эрхий дарамхан хэсэгт өдрийн од буусан мэт цайжээ. Тэр жаахан цагаан нь зэрвэс харахад цантчихсан юм шиг. Даанч энэ өдөр цан татах хvйтэн алга даа, ямаа ихэрлэж ишиглэмээр өдөр байх чинь.
Араас нь Д.Урианхай ах аажуухан агаад намуухан гишгэлсээр явна. Зөөлөн амгаланд хvлэгдсэн тэр сайхан хvний гэрэлт цэнхэр сахал vсийг хаврын ойн сэрvvн тунгалагхан салхи зvлгэн зvлгээд улам гэгээн ихэмсэг болгох шиг санагдана. Урт буурал vсний нь vзvvр vл ялиг долгилон намих алхалтын нь аясаар аа.
Жаран найман настай Урианхай ахын араас далан найман настай Ж.Гэндэндарам гуай цочсон vргэсэн мэт ойрхон ойрхон, тvргэн тvргэн алхалан дагна. Нэртэй дуун хөрвvvлэгч тvvний “Шагундалай”, Р.Таагvvрийн “Гора” зэрэг олон сайхан зохиолыг англи, хинди хэлнээс орчуулсныг бид мэднэ. Наян насны босгон дээр зогсч байгаа энэ буурал ийн шамдуухан алхах нь чухамдаа “дэгдсэнээс” өөрцгvй.
Ц.Бавуудорж, А.Эрдэнэ-Очир хоёр тэдний араас зугуухан алхахдаа ам хуурай явсангvй. “Нөхөрсөг хайку” шvлэглэж явав.
Утаат онгоц тэнгэрт уухилна
Урианхай ах газарт уухилна
Хэнийг нь ч гэх вэ дээ гэх шигийг хэлж инээлдэнэ. Урианхай ах vvнийг нь сонсоод хэ хэ инээсэн шигээ явна. Ишиг дээр нь гараад тоглоход хивж хэвтдэг хөгшин сэрх шиг.
Өнөө хоёр чинь тэгснээ хамт яваа бvсгvйгээ цаашлуулж
Шинэсний мөчир
Мөнхнарангийн хацрыг сэрмэх нь
Дvнжингаравын хавар бөлгөө гэх шиг сайхан маазарч байна. Бас нэгийгээ цаашлуулж
Энэ тvнэр шугуйд
Эрдэнэ-Очирыг хараад шувуу жиргэх нь
Юуны учир вэ гээд баахан инээдэм болгов. Арын энгэрт инээлдсэн биднийг урд талын энгэрийн цохио давтан “инээж” байлаа. Ийн найрсан явагсдын араас хуурч, шvлэгч нарын хэдэн нөхөд дагалдан дөрвөн цаг явсаар Цэцээ гvний оргил дээр ирэхэд арван хоёр цаг болж байлаа. Дөрвөн зvг найман зовхис, алган дээр мэт. Цасны цанхир манан бууралтаж, тэртээд уулс цавцайн хоргилтоно. Дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн
Өндөр уулын оройд мацан мацан гарвал
Өөр нэгэн уулыг олж хардаг жамтай гэсэн мөр сэтгэлд урсан ирэв. Тийм ээ, өөр олон олон уулсыг энэ уулын тэргvvнээс vзлээ. Өмнө умар, зvvн баруунд Монголын уулсууд ойр холд харагдана. Дэргэд минь алхах яруу найрагчдыг ч би бас уулс хэмээн бодно.
Өндөр ууланд мацаж гарч ирээд бид өөр нэгэн уулынхаа тодыг, өндөрийг магтах гэсэн билээ, бахархах гэсэн билээ, мөнхлөх гэсэн билээ. Өөр тэр нэгэн гайхамшигт уул бол Очирбатын Дашбалбар юм. Өөрөө тэр “Vлэмжийн орчлонд би удаан амьдарна” гэсэн мөнхийн vгээ хэлсэн юм.
Салхиар ганхах цагаан өвсөнд ч амь нас минь буй
Сайхан эх орон минь хэмээн эхэлж
Сэтгэлээ ариусгаж, махан бодио өвс ногооны чинь ширхэг бvхэнд өгье
Санаагаараа жаргаж, гол усны чинь ариун тунгалагт уусъя гэсэн тарнит мөрvvдийг нь анд нөхөр Г.Мэнд-Ооёо нь уншив. Дээш дэвж цойлсон хангарьдын цээж мэт Цэцээ гvний торгон оргилын нөмөр цохион өехийгээс тэнгэр огторгуйд, газар уснаа дуулган дуулган уншив. Тэгээд хvv Д.Гангабаатар нь “Vлэмжийн орчлонд би удаан амьдарна” хэмээн уйгаржин монгол бичгээр таталган бичсэн далбаа бvхий тугыг их овооны баруун биед залсан бөлгөө. Д.Урианхай ах О.Дашбалбарт зориулсан шvлэг уншив. Ц. Бавуудорж, А.Эрдэнэ-Очир, Т.Эрдэнэцогт их найрагчийн шvлгийг хуурын аялгуунд уншив.
Алган дээрээс минь элс гоожих шиг
Алгуурхан өдөр хоног урсч байна
Аниргvйн дунд хад чулуу элэгдэж
Аяархнаар гол ус эргээ долоож байна. Ийн О.Дашбалбар авгай нэгэнтээ бичжээ.
Алган дээрээс элс гоожих шиг алгуурхан өдөр хоног урсах боловч, энэ цаг шиг цаг ховор санагдав. Аниргvйн дунд хад чулуу элэгдэж, аяархнаар гол ус эргээ долоох боловч, энэ өдөр цас хайлах нь жирийн биш шиг бодогдов. Амжиж энэ бvгдийг тэр гэгээн найрагч бидэнд дуулжээ. Энэ мэтийг дэнсэлж, эргэцvvлсээр оргилоос уруудлаа. Бид бэллэж жаахан уруудаад цасны усаар цай чанаж уусан юм. Энэ цайг Ц.Бавуудорж чанасан юм. Ийм сайхан цай гэж бас байдаг аа гэмээр цай болжээ. Нохойн хошуугаар амталсан юм байжээ. Би хувьдаа энэ цайг vлэмжийн орчлонд удаан амьдрахыг сануулсан цай гэж бодов. Тэд бас тийн бодсон биз ээ. Ингээд бид ирсэн замаараа буцлаа. Бэл уужрах тусам холын уулс далдарч байлаа. Холын бараа харахгvй удан удан амьдарч байгаагаа дахин санав. Уруудаж явахад өгссөнөөс удаан байх шиг санагдав, ядарсаных уу, хоргодсоных уу, vл мэдэв. Ийм мэдрэмж олж, ингэж явах нь л оршихын чанар буюу.
Төдөлгvй хар гэгээ татан бvрийшч байлаа. Урианхай ахын цагаан vс харанхуйших тусам хусны хальс салхинаа сэвэлзэх шигийг санагдуулна. Vлэмжийн орчлонд удаан амьдарч Урианхай ахын гэрэлт vс хаврын салхинаа намирахыг хvмvvс олон олон vзээсэй. Тэнгэрт болор одод тvгэж, шөнийн энэ идэрт бид шиг жаргалтай алхах хvмvvс өөр vгvй мэт санагдана. Цэцээ гvнийхээ оргил тийш харлаа. Өдөр бидний байсан тэнд одод чуулжээ. Бид одны савслагад очоод, тэднийг тvгэхээс өмнө буцсан тул, битгий яараач гэж буй юм болов уу даа.
1 comment:
Play Emperor Casino - Shootercasino
Play Emperor Casino worrione for real money in a secure and fun way. No download deccasino or 제왕 카지노 registration required. Play online casino games for real money in this FREE
Post a Comment