Харлаг хоньтын уул хавар болохоор зүүдлэгддэг нь хачин. Хашааны тэрүүхэнд халгайн ганц бут ургадаг нь бодогдоно. Хавар надад ингэж Харлаг хоньтын уул, халгайн ганц бутнаас эхэлж ирнэ. Гүвээ толгодын зайвраар улаан үхэр сажилна. Хэд гурав алхаад зогсож амсхийнэ. Амсхийхдээ алсын цайдам дахь худаг руу харна. Алс цайдам дахь худаг аяган нүдэнд нь дурайна. Шар тэмээ шавагны үндэс булга татаж хивнэ. Булга татахдаа бурантгаа хазах шиг угзчина. Бурантганд нь хамхуул шилбүүрдүүлж хөөрнө. Хөөрсөн хамхуул алтан наранд шингээд нэгтгэгдэх шиг бөхний нь дээр бөмбөлөгтөнө. Бөх нь уначихсан тэмээнийхээ нурууг нь голлохоор бөөрөнхий том нэг бөхтэй тэмээ шиг харагдана. Ирэх зуны явдлыг зөгнөж эмгэд гаднаа нарлана. Илүү гэр их гэрийн хооронд явж энэ тэрхнийг хийнэ. Тэгээд гэртээ орж тээрмийн буудай хуурна. Тэднийхээс тэр дороо л шинэ гурилын үнэр түгнэ. Түүнийг нь цайнд хөвүүлж уухаар өвгөн нь гаднаа бууна. Уул талын цас хайлна. Ар сэрвэн, хяр хэцийн цас бүргэдийн зогдор шиг үлдэнэ. Сэр бар бараан адуу цасны наахнатай. Хэний адуу бол гэж худаг дээрээс хүмүүс дурандана. “Хэн юм бэ, чиглээд давхичихлаа, унаагаа юүлэх нь” гэж ярилцана. Дөргөн нуур гялалзан мөстөж харагдана. Дүлий хүн сонсмоор их чимээтэйгий нь гэж тэндээс ирсэн хүн ярина. Хагарч цуурч байгаа нь тэр юм гэнэ лээ. Хажуухан нь байгаа мөртлөө Цээлийн эндээс сонсогдохгүй юм. Харагдах нь ойрхон ч, хол л байх юм даа. Ягаан гүвээний энгэрт ягаан ямаа ишиглэнэ. Яв ягаахан ишиг халиан дундаасаа босно. Ямаан харганын бутанд ороолгон, гуядуулан тэнцэнэ. Яг тэр мөчөөс туурай нь эвэршиж эхэлнэ. Ямаа болж эхийнхээ араас даган яваад өгнө. Бүдүүн хурууны үзүүр энхэл донхол замтай. Бүрхээр шиг ачаатай машин тэрүүгээр явж харагдана. Бүдүүн хурууны үзүүрийн нэгэн хаваржаанд айл ирж байгаа нь энэ. Бүгтхэн дуу нь төдхнөө аниргүйд шингэнэ. Бүрхээр шиг ачаагаа буулгаад, ханаа дугуйлж эхэлсэн л. Бүрий болохоос өмнө утаа үнэртэж, хонь нь хотолно л. Хар Улааны шилд хаврын тарвага хошгирно. Хаана, аль ичээн дээр байгаа нь харагдахгүй. Хавь ойрт үнэг чоно үзээ юм болов уу гэтэл үгүй мэдэгдэнэ. Хавар ирээд ичээнээсээ гарав гэж л дуулгаж буй юм уу даа. Судаг дагаж хоньд бэлчинэ. Сул өвс бутны унги руу шигдэвч салхины аясаар задарна. Судгийн бутны унги руу хонь ямаа сөхөрч өвдөглөөд сул цагаан өвс түүж иднэ. Судаг жалга ногоортол сөхрөн сөхөрч явсаар сулбага салбага гишгэтлээ ядарна. Үдэш хотонд ишиг хурга майлалдана. Өл онийн жимээр эхэс нь бас майлсаар ирнэ. Өөвөн шөөвөн жороолон хургасна. Үлгэж нудчихад нь тээршааж сөхөрсхийн хэвтээд өгнө. Гандсан уулс салхин шанхтай. Ганга хунхын цас чимээгүйгээр хайлна. Гантай зун боловч цэцэг нэгэн ургахаар шингүүр авна. Гархи зоос гээгдсэн мэт даваа гүвээнээс гялбалзана. Дов ширэг боролзон борлоно. Тойроод хялман хялман шар устана. Намар мөсөнд дарагдсан даавууны өөдөс хөвнө. Нар ээвэрлэж усхан нь ууршихаар намуухан хуйнд дэрвэн одно. Сумын төв чимээ аниргүй. Шуурга салхи болохоор утасны нь мод дүнгэнэнэ. Шүүтиг маатиг хөвгүүд тоглохоор сүнгэнэж, шунгинах дуу бас гарна. Сумын төвийн байшингуудаар цуурайтна. Сургууль цэцэрлэг эл хуль болно. Яав, машин явахаар сум доргих шиг чимээ гарна. Хуучин муу агуулахын тоостой цонх саржигнатал дуугарна. Сумын улаан булангийн үүдэнд сар сар мотор дуугарна. Хүн үзэж байгаа юм уу, үгүй юм уу бүү мэд кино механикчийн өрөөнд тамхины гал улалзана. Үүд хавиар нь хүн амьтан ер үзэгдэхгүй. Нугас цуурга гажсан сэнсрээ модон хаалга нь нааш цааш салхинаа савлана. Тэгтэл хальсаа эхнээс нь тавьчихаад кино механикч гарч ирээд довжоон дээрээ сууна. Тэгээд өврөөсөө мамбсааны хайрцагтай тамхи гаргана. Гаргаснаа алган дээрээ тавиад таган дээр нь тогшино. Тогшисноо мушгисхийн эргүүлж онгойлгоод, тагаар нь үйслээд довжоон дээр тавина. Түрийнээсээ эвхэж хийсэн сонин гаргаж ирнэ. Эвхээсээр нь ураад тамхи ороох цаас бэлдэнэ. Өөлж урна. Өөлж урснаа амандаа хийнэ. Тэгшхэн цаасандаа тамхиа орооно. Ороосон тамхиа хоёр долоовроороо чиглэж савхлана. Тэгээд шив шинэ бүтээсэн янжуураа хэлээрээ шилэмдээд цавуудан наана. Тэгэнгүүт амандаа зуугаад асаагаад авна. Тэр маш удаанаар шунаглан сорно. Тэрийгээ хамраараа мушгируулан савсуулна. Тэгтэл дотроос хүүхдүүд шуугилдаж, “Бадаг, бадаг” гэж хашгиралдана. Дараагийн хальсыг дамардахаар тамхиа баагиулсаар ороод явчихна. Айл гэрүүдээс түн түн бүдэг бадаг чимээ гарна. Аргал хоргол түүж ганзагалсан хөх улаан яавууд үзэгдэнэ. Үдэш айлуудаас борцтой хоолны үнэр хамар нэвт ханх тавина. Өнөө бүдэг бадаг түн түн чимээ чинь өдөр борц нүдээд байсных байхгүй юу. Сургуулийн хүүхдүүд ирэхээр сум дуу шуутай болоод явчихна. Бүдүүн ногоон машинаас байрныхаа гадаа асгаран буухдаа л шуугиулаад эхэлнэ. Нойрмоглосон дотуур байр сэрнэ. Улаан хацартай хүүхдүүд боов шоовтой уут, хайрцагхантайгаа зөөнө. Тасаг тасагтаа төвхнөөд авна. Ирснийхээ маргаашаас охидууд дээс тоглоно. Байрныхаа наран ээвэрт ингэж тоглоно. Өндөр нам охид дээр дээр үсэрнэ. Үсрэхэд нь хөх, ягаан, улаан, шар туузтай үсний нь цэцэглэл өөд уруугаа сугсчигдана. Охидын солонго тэнд бүрэлдэнэ. “Байрны багш ирж явна” гэж нэг нь шивэгнэнэ. Өнөө “солонго” тэр дороо сарничихна. Төдөлгүй дахиад багшийг далдармагц гэрэлтэн хурна. Хөвгүүд тэрүүхэнд тойрч зогсоод тэвэг тоглоно. Хөлөө эцмээр өшиглөнө. Өшиглөхөд нь бүгд хамтаар тоолно. Өөр нэгэн нь залгуулаад бас өшиглөнө. Хаврын хөх салхинд хөх тугалган тэвгээр хашааны шороо босгон өдөржин тэд тоглоно. Гутал гэж гурилан шороо. Хувцас гэж бургимаар тоостой. Хөвгүүдийн хавар Чанд-маньд ийм. Төдхөн түнгэ ширэг нялхарч ногоорно. Түүн дээр хичээл уншихаар хүүхдүүд очно. Хоёр гурваараа дээл нөмөрч ширгэн дээр хэвтэнэ. Хичээл уншихаасаа хэн тэнд байна, тэр тэнд байна гэж бүртгэнэ. Хичээл унших нь тэр л үдшийн болзоо болж хувирна. Дээд доод лагерийн хүүхдүүд чулуугаар байлдана. Тэгж байгаад нэг нь толгойгоо хагалуулна. Гудамжны үзүүрийн хашаанаас Нямдаваа багш гарч ирнэ. “Гурвын А, Б-гийнхэн шив дээ гэж” үглэсээр дөхнө. Гудамжны “байлдаан” намжиж хөвгүүд бутарна. Толгойгоо хагалуулсан “нөхөр” гонгинож дуугараад багшид ховлоно. “Гурвын Б-гийнхэнтэй тооцоотой” гээд хөтлөхөд нь нусаа татаад дагана. Алтан хараацай шувуу оройтын дээвэрт үүрээ засна. Ар өврөөр сүлжин мянган цэцэг агаарт зурна. Аль нь гоё юм бэ дээ гэж бодохын чөлөө өгөлгүй арилж одно. Үдэш хөвгүүд охидтой уулзаж тоглохоор айлын хашааны үүдэнд очно. Үүдээр нэг нь хэнэг ч үгүй шагайгаад “Алимаа гараад ир” гэнэ. Тэдний гэрийн хаалга мэлс-хийтэл онгойж чийдэнгийн гэрэл дотор хүн гарч ойртон иртлээ танигдахгүй. Тэр хүн Алимаа байвал уулзана, биш бол буцаад харанхуй руу гүйнэ. Холоо очоод баахан инээлдэнэ. “Одоо хэнтэй уулзах вэ” гэлцэн дөжгөнө, гэнэхнээс гэнэхнээр. Сумын хуучин муу мотор тэгсгээд унтарна. Сарлаг олноороо сааглан хуухирч байгаад чимээгүй болох шиг таг болно. Сар мандсан нь сая тод гэрэлтэж илүү тодорхой болно. Тэрүүхэн доод хашаанаас нэг жингэр үнэгшиж хуцна. Жийгаж гангинаад зэвүүн муухай дуугаар улина. Хажуу гэрээс “Хүүхэд айчихлаа, яадаг улиан бэ” гэж нэг хүн уцаарлана. Сарны цагаан сүү асгарсан шөнө хүүхэд цочин уйлах нь сонсогдоно. Сайхан ээжийн нь намуухан бүүвэй аргадан аялгуулах дуулдана. Сартай шөнө цочсон хүүхэд тайтгаран унтах нь мэдрэгдээд, сайхь эхийн бүүвэй алгуур алгуурхан бүдэгшсээр сая чимээгүйд уусна. Шөнийн сумын хэдэн байшин сондор хагачигдсан мэт энтээ тэнтээ цэгээнтэнэ. Сумын төвийн шөнө өдрөөсөө гоё юм гэж бодог-доно. Тэгтэл нэг машин гэрэл улалзуулан давхисаар ирээд эмнэлгийн гадаа ирж зогсоно. Шургуу юм уу, Шуурайгийн нэг айлд хөгшний бие тэнхээрхлээ гэж өдөр дуулдсан. Шургуу ороод ирэхээр болчихож дээ, орой эрт явсан юм чинь дээ. Сунайчихаад, жолооч нь л бололтой, тамхи асаах нь уу даа, чүдэнз зурах чимээтэй. Төдөлгүй үүр цайна. Төгөлдөр нэгэн хаврын өдөр эхэлнэ. Түрүүчийн өдрийн бүхэн давтагдана, эс давтагдана. Төө цагаан өвс, төлөг шүдлэн сульдана. Өдөр уртасч, өвгөд эмгэд цайсна. Өрхний оосор өгөршиж, өл халзан ат үнсэн дээр хөрвөөнө. Үзүүрсгэн дээл халуудна. Өглөөнөөс орой болтол үхэр адуу худаг руу цувна. Өөр өөр олон хаврын жим хүмүүсийн сэтгэлд тодорч бүдгэрнэ. Нарийн хурууны үзүүрт өнчин мэт ганц зээр янзагална. Үдэш нарны доогуур гүвээ хормойвчлон уруудна. Гөлөөн ус ховил хунхад зайрмагтсаны ирмэгт ирээд, гоо хөлийнхөө туруугаар нэгэн хоёр тогших төдий гишгэлээд буцна. Гогцоорч амгайвчлалцсан хазаарт бут руу горхи шингэх шиг хэвтээд өгнө. Орог халиун янзага ооч дор нь хярна. Дэнжийн аргал халтартан бууралтаж хатна. Цэгээн чулуу цасны хайлмагт зүлгэгдэж солир болно. Хавар аялгуу, хавар ай.
Баастын Золбаяр
8 comments:
goy boljee
Яруу найраг шиг л бичих юм даа. Яг л хаврын хөх өдрүүд харагдах шиг
гайхалтай нүдэнд харагдаж, гарт баригдмаар бичжээ.
havar ai -d buuveilegden saataad
havar ai hemeen ayalguulan duulaad garch odov oo
Uneheer sonirholtoi hemneltei tegeed yag l nudend haragdtal bichsen baina sh de.
Баярлалаа.
Улам ихийг хийж бүтээгээрэй
Үнэхээр сайхан хэлтэй зохиолч шүү.
goyy
Post a Comment